Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Валютын зохицуулалтын хууль энэ янзаараа батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ирэх онд эдийн засагт тулгарч мэдэх эрсдэлүүд гэвэл та юуг онцлох вэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалт саяхан болсон юм. Монгол Улсын эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал, эдийн засгийн цаашдын төлөв, гарч болох эрсдэлийн тухай ярилцсан л даа. Эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй нааштай болсонд гадаад зах зээлийн нөхцөл, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан байдал гэх мэт шалтгаан нөлөөлсөн. Энэ бол байнгын, бат бөх зүйл биш. Ийм үед эдийн засагт ямар ч асуудал алга гэж харах аргагүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн ч санхүүгийн зах зээлийн зарим үзүүлэлт таатай биш байна. Нөгөө талаас нийгмийн үзүүлэлтүүд ч сайжирч амжаагүй. Тийм учраас бий болж буй энэ өсөлтийг хадгалах, нийгэмдээ шингээх, иргэддээ хүргэх, ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах гэсэн гурван том сорилт байна. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан сарын уулзалтын үеэр Дэлхийн банкны болон бизнесийн байгууллагын төлөөллүүд ч манайд уул уурхайн, засаглалын нөхцөлтэй холбоотой эрсдэл бий гэж ярина лээ.

-Улс төрийн орчин дахь засаглалтай холбоотой эрсдэл тийм анхаарал татахаар хэмжээнд хүрчихсэн гэж үү?

-Улс төрийн орчин дахь засаглалын нөхцөл байдалтай холбоотой эрсдэл хамгийн гол нь. Тэгэхээр засаглалын чадамж, нөхцөл байдлаа сайжруулах ёстой. Үүнийгээ сайжруулахын зэрэгцээ төсвийн болон эдийн засгийн бодлогын чиглэлд тогтвортой эдийн засгийн суурийг бэлдэх шийдлүүд хэрэгтэй. Харамсалтай нь сая хэлсэн суурийг бэлдэх, мөчлөг сөрсөн төсвийн бодлого баримтлах, ирээдүйн эрсдэлээс хамгаалах бодлого барих чиглэлээр ирэх оны төсөвт туссан юм алга.

-Эдийн засагчид ирэх оны төсвийг хэт өөдрөг гэж шүүмжлээд байгаа. Та санал нийлж байна уу?

-Орлогыг хэт өөдрөг төсөөлсөн нь үнэн. Төсөв хэт тэлэлттэй, зарцуулалт тал дээр ашиггүй гэж хэлж болох хатуу дэд бүтэц рүү хандсан хөрөнгө оруулалтын зардлуудыг өсгөсөн тал харагдлаа. Засгийн газар гурван тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого зарласан боловч томоохон төсөл хөтөлбөрөө яах вэ гэдэг дээр ямар бодлого барих нь тодорхой бус байна. Засаглалын чадамж, улс төрийн орчны болон бодлогын тогтворгүй байдлыг арилгах гол тулгуур хэрхэн хэрэгжих нь эргэлзээтэй байгаа. Эдийн засгийг хүчтэй болгох, эдийн засгийн суурийг тэлэх бодлогууд хаана байна гэсэн асуудал бий. Тэгэхээр төр засгийн зүгээс төсвийн болон эдийн засгийн томоохон бодлогуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуултын хариу бүрхэг байна. Тийм учраас ирэх онд биш юм гэхэд дараа дараагийн жилүүдэд нэлээд том эрсдэлийн суурь болох нь гэж харж байна. Товчхондоо ирэх жилийн төсвөө эрсдэлийг сөрсөн хэмжээнд харж хийж чадсангүй.

-Сонгуулийн өмнөх төсөв болчихлоо л доо…?

-Тэглээ, сүүлийн гурван сонгуулийн циклийн төсвийг харахад нэлээд тэлсэн харагддаг. Энэ удаад ч давтагдаж болзошгүй байна. Төсвийн шинэчлэл хийж чадахгүй байна л даа. Өмнөх алдаагаа засахгүй лавшруулах давтах шалтгаан бидэнд байхгүй.

-Татварын багц хууль, Валютын зохицуулалтын гээд эдийн засагт нөлөөлөхөөр төслүүд ид яригдаж байна. Энэ хуулиудын ололттой өөрчлөлт, эрсдэл авчирч болзошгүй заалтуудын талаар бодлоо хуваалцаач?

-Таны хэлсэнчлэн татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал яригдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас бусад хууль шинэчлэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Валютын зохицуулалтын хуулийн төсөл байна. Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх нэлээд том өөрчлөлтүүд гарна. Учир нь хууль бүрийн ард бодлого байх учиртай. Цаг үеэ олсон зөв шинэчлэл гэдгийг аль ч хууль дээр нь хэлнэ. Татварын хуулийн хувьд бодлогоо шинэчлэх ёстой. Анхны төсөлд татварын бодлого гэсэн зарчим явж байсан бол өнөөдрийн төслөөс хассан байна. Уг нь татвар бол төрийн эрх үүргийг хэрэгжүүлэх, төсөв төвлөрүүлэх гол арга хэрэгсэл байхаас гадна бизнесийн орчноо дэмжсэн, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын орчин байх ёстой. Энэ санаа хуульд туссаныг хассан нь харамсалтай.Татварын хуулийн ерөнхий шинэчлэлийг өнгөц харахад татварын орчин, тайлагналт сайжирч байгаа. Эх үүсвэр төвлөрөлт болон зарим татварын хөнгөлөлт орж ирж байна.

-Болгоомжилмоор ямар заалтууд байна?

-Болгоомжлох зүйлс бас байна. Шударга татвар төлөгчийг дэмжинэ, шударга бус татвар төлөгчдөд төр төмөр нүүрээ харуулна гэсэн агуулга бий. Өнөөгийн нийгэм эдийн засгийн орчин, татвар төлөлтийн байдал талаас нь харвал татвар төлөгч дээр татварын хэлтсүүдээс ирэх хяналт, шахалт дарамтын эрх нэмэгдэж байгаа. Шууд ингэж тусгаж болохгүй. Нөгөө талаас нь төрөөс боловсон хүчнийхээ чадвар, засаглал, төрийн механизмын үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлыг тавих ёстой. Тэгэхгүйгээр дан ганц эрхийг нь хуульчилбал бизнес эрхлэгчдэд ирэх дарамт нэмэгдэл эрсдэлтэй. Татварын хэмжээний хувьд арван жилийн өмнө хийсэн шинэчлэлээс харьцангуй сайжирсан. Бага орлоготой нь бага татвар төлнө, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бол 90 хувийн буцаалт олгоно, татварын тайланг жижиг дунд үйлдвэрлэгчдэд дарамт болохгүйгээр шийднэ, татвар төлөх хугацааг сунгана гэх мэт өөрчлөлт нь нааштай сайн.

-Валютын зохицуулалтын хуульд валютын орох гарах урсгалыг хянасан агуулгатай заалт туссан гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлээд эхэлчихсэн. Энэ агуулгаараа батлагдвал наад зах нь л гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх байх, тийм үү?

-Валютын зохицуулалтын тухай хууль 1994 онд анх батлагдсан юм. Шинэ хуулийн гол үзэл баримтлал нь валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэхээс гадна үндэсний мөнгөн тэмдэгтээр ажил үйлчилгээ гүйцэтгэх тухай гэсэн хуультай хамтатгаж оруулж ирж байна л даа. Энэ хуулийн цаад бодлого нь юу вэ гэдэг дээр тодорхой болгох учиртай өнцгүүд байгаа. Валютын зохицуулалтын хууль батлагдсанаар Монголд валютын урсгал орж гарах нөхцөл байдлыг дэмжсэн, валютын ханшийн тогтвортой байдал үүсэхэд түлхэц өгсөн байх учиртай. Валютын захын хувьд гэж ярихад Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд гарч буй нэг том эрсдэл давтагдаж магадгүй харагдаж байна. Монгол Улс аливаа хямрал, аливаа зохицуулалтыг сайжруулах тохиолдол бүрдээ төрийн хяналт буюу төрийн оролцоог нэмэгдүүлэх хандлага анзаарагддаг. Төрийн байгууллагууд нь бидний эрх дутагдаж байгаа учраас зохицуулалтад хүчтэй оролцож чадахгүй гэсэн тайлбар хэлдэг. Энэ хандлага давтагдсан байх талтай. Валютын гол бодлогын асуудалд төрийн байгууллагууд хяналтын механизм, хүч чадлаа нэмэх гэж оролдоод байдаг. Үүнтэй холбоотой эргэлзээтэй, сөрөг байдал үүсгэж болзошгүй хэд хэдэн эмзэг цэг бий. Ерөнхийлөгчийн институцээс оруулж ирсэн нэг санал бий. Томоохон стратегийн ордууд Монгол банктай харилцан зөвшилцөх замаар төв банкинд дансаа байршуулж Монголбанк төлбөр тооцоо хийж болох мэт заалт улс төрийн хүрээнд яригдаж байна. Маш осолтой заалт. Нэг талаас нь харвал Монгол Улс руу валютын урсгалыг оруулж, төв банкаар дамжуулах гээд байгаа нь зөв заалт мэт боловч стратегийн орд гэсэн үгийг анзаарах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдын бидэнд хандах хандлагыг сөрөг болгох эрсдэлтэй. Томоохон хөрөнгө оруулагчид Монголбанктай зохицох замаар өөрийн дансыг байршуулах, төлбөр тооцоог нь төв банк явуулах гэсэн агуулгатай энэ заалт арай ч батлагдчихгүй болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Төв банк нь бизнесийн төлбөр тооцоог дамжуулж төлбөр тооцоо хийгээд явдаг жишиг дэлхийд байдаг уу?

-Миний мэдэхээр байхгүй. Төв банк төлбөр тооцоо хийгээд явдаг жишиг байхгүй. Энэ хуулийн 15 дээр Төв банкны зүгээс тодорхой нөхцөлд валютын гарах, орох урсгалд хязгаарлалт хийх боломжийг олгосон заалт байна. Төв банк валютын урсгалыг тогтворжуулах эдийн засаг, нийгмийн тодорхой эрсдэл үүссэн тохиолдолд валютын гадагшлах, дотогшлох урсгалд хяналт тавих бололцоог олгож болзошгүй. Төв банкны тайлбарлаж байгаагаар эдийн засагт шок үүссэн гэх мэт онцгой нөхцөлүүдэд л хэрэгжүүлэх магадлалтай гэж үзэж байгаа. Төв банкны зүгээс ямар нөхцөлд хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг тодруулсан журам гаргах юм. Энэ журам ямар ч байдлаар гарсан Монгол Улс дахь мөнгийг чөлөөтэй гадагшлуулах, оруулах боломжгүйд хүрэх нь гэсэн дохиог гадаад ертөнцөд өгнө. Хөрөнгө оруулагчдын үндсэн эрхэд халдсан заалт болж болзошгүй. Мөнгөө хаана байршуулах, хэзээ татах нь тухайн хөрөнгө оруулагчийн асуудал шүү дээ. Нэгэнт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих гэж байгаа бол ингэх шаардлагагүй. Дэлхий дээр чөлөөт мөнгөн урсгал ярьж байгаа ийм үед гарахдаа гарж, орохдоо ордог тогтолцоогоо хэвээр нь хадгалах нь зүгээр болов уу. Валютын болон үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухай асуудалд Санхүүгийн зохицуулах хороо лимит, хязгаар тогтоож болзошгүй заалт мөн туссан байгаа. Өнөөдөр интеграци бүхий эдийн засаг хөгжиж байна. Доллараар бизнесийн харилцаа явагдах магадлал өндөр ийм үед бас л эдийн засгийн чөлөөт механизмыг хязгаарласан тохиолдол байж болзошгүй.

-Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн эерэг өөрчлөлтүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Валютын зохицуулалтын харьцааг харьцангуй өргөн цар хүрээтэй харсан, зохицуулалтыг өргөжүүлж өгсөн, өмнө нь зохицуулагддагүй байсан харилцаануудыг нэмж өгсөн, валютын захыг сөрөг талаас нь буюу урвуу ашиглах үйлдлүүдийг хязгаарлах заалтууд тусч өгсөн гэх мэт эерэг өөрчлөлт бий. Хууль санаачлагчдын оруулж ирсэн хуульд өнөөг хүртэл Монголд тодорхойгүй байгаа нэг харилцааг тусгаж өгсөн. Өнөөг хүртэл улстөрчид зөвхөн Монголбанк валютын ханшийг хариуцах хэрэгтэй гэж ярьсаар ирсэн. Зарим нь Монголбанк руу улс төрийн зорилготойгоор оноо авах гэж дайрдаг. Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахыг шаарддаг. Үнэндээ валютын ханшийг хариуцах ёстой гол субьект нь бодлогын төвшинд харах ёстой гэдгээрээ УИХ, гүйцэтгэх түвшинд харах ёстой гэдгээрээ Засгийн газар гол хариуцлагыг хүлээх ёстой гэсэн үндсэн механизмыг суулгаж өгсөн нь гол давуу тал.

-Таван толгойн IPO хагас жилдээ багтаж гарна гэсэн хүлээлт бий. Таны хувьд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Таван толгойн хувьд маш олон зүйлийг алдсан гэж би хувьдаа үздэг. Уул уурхайн эдийн засагчид хэдэн тэрбум ам.долларын алдагдал үүссэн тухай ярьдаг. Таван толгой улстөржилт, төмөр зам, дэд бүтэц, өөрийнх нь засаглалаас хамаараад олон жил алдагдалтай явж ирсэн. Одоо харьцангуй ашигтай болж эхэлсэн гэж ойлгож байгаа. Таван толгой дээр IPO хийх биржээ урьдчилан зарлачихдаг нь дарааллын хувьд оновчтой зүйл биш. Таван толгой төслийг үр дүнд хүргэх төрийн бодлого, улс төрийн асуудлаа эцэслэх, дэд бүтцийг нь шийдэх, төслийн IPO-г бэлтгэх асуудлыг дотооддоо шийдсэний дараа Нью-Йорк болон бусад хөрөнгийн биржүүдээс аль боломжтойг нь сонгох ёстой байсан болов уу. IPO гаргах үйл явц дундаасаа эхэлчих шиг боллоо. Биржээ зарлачихаар Таван толгой дээр дарааллын хувьд алдаа гарсан гэсэн үг. 1072 хувьцаа гэх мэт өөрсдөөсөө хамаарах зүйлээ цэгцэлсний дараа Таван толгойд IPO хийвэл илүү амжилттай болно. Ойрын зургаан сарын хугацаанд Таван толгойн IPO-ийг хийгээд олон улсын зах зээлээс мөнгө босгочихно гэж харахгүй байна. Засгийн газар хүчин чармайлт гаргаж байгаа нь сайн ч процессоо мэргэжлийн өндөр түвшинд явуулах нь зүйтэй. Валютын зохицуулалтын тухай хууль болон татварын орчинд мөн анхаарах ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *