Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Монголын засаглал илүү шударга, хариуцлагатай, нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд болсон “Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-д Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцлоо.

Тэрбээр “Иргэн төвтэй Нээлттэй засгийг бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар олон талт оролцоог хангах, Зөвлөлдөх ардчиллын санал асуулгыг нэвтрүүлэн иргэдийг тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг ашиглан төрийн байгууллагын ажил, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хөндлөнгийн судалгааны байгууллагаар үнэлүүлж гарсан дүгнэлт зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа санаачилгуудын хүрээнд гарсан амжилт, авч хэрэгжүүлж буй алхмуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхтэй түншлэл, хамтын оролцооны талаар танилцууллаа.

Мөн Нээлттэй засгийн түншлэлийн гүйцэтгэх захирал Санжай Прадхантай уулзаж, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар ярилцлаа. Ноён Санжай Прадхан Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлж байгааг тэмдэглэлээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Албан тушаал, авлигаас ангид иргэддээ үйлчилдэг засаглалыг бий болгох нь энэ түншлэлийн зорилго. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн шуугиан нийгэмд ихээхэн бухимдал түрүүлж байна. “Нээлттэй засгийн түншлэл” хөтөлбөр хэрэгжсэнээр ийм төсөл, хөтөлбөр, гэрээ зэрэг бүх зүйл нээлттэй болно. Иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ. Төрийн байгууллага нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болж иргэддээ үйлчилдэг болно. Энэ зорилгоор иргэн төвтэй мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба төслийг хэрэгжүүлж байна. Монголын засаглал илүү шударга, илүү хариуцлагатай илүү нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэллээ.

“Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-дбүс нутгийн гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүнүүд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 500 гаруй хүн оролцож “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд иргэний нийгмийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.

“Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс санаачлан 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элсээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *