Арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн даваа гаригт БНСУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд У Юн Гын “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун арваннэгдүгээр сард ОХУ-д айлчилна” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “ОХУ энэхүү айлчлалыг он дуусахаас өмнө тохионо гэсэн хүлээлттэй байна. Хойд Солонгосын хувьд ч айлчлал болох хугацаа, газар, түүнчлэн хэлэлцэх асуудалд анхаарал хандуулж байна” хэмээн хэлснийг “Yonhap” мэдээлж, “ТАСС” агентлаг уламжлав. У Юн Гын Хойд Солонгосын удирдагч ОХУ-д энэ сард айлчлах тухай онцолсон байна.
Өмнөд Солонгосын Элчин сайдын хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны эхний хагаст Сөүлд айлчлах юм байна. Ойрын хугацаанд тус орнууд айлчлалын бэлтгэл ажилд орохоор төлөвлөжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Хойд Солонгосын удирдагчийн айлчлалд бэлтгэж байгаа талаар мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Хурлын холбооны зөвлөлийн дарга Валинтина Матвиенко Пхеньянд Хойд Солонгосын удирдагчтай хэлэлцээ хийсний дараа Ким Чен Ун ОХУ-д айлчлах шийдвэр гаргасан нь тодорхой болжээ.