Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтны цус уух нь өвчний халдвар авах эрсдэл дагуулна

Сүүлийн үед “Янгир, аргаль, буга, бор гѳрѳѳс, дорго зэрэг амьтны цус уувал тѳрѳл бүрийн ѳвчинд сайн” гэсэн цуу яриаг ашиг хонжоо олох зорилгоор тарааж байна. Амьтны цус эмчилгээнд хэрэглэх нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хэмээн баталсан эмнэл зүйн дүгнэлт байдаггүй. Мөн энэ үйлдэл нь нөгөө талаас хууль бус ан, түүнээс учрах байгаль орчны хор хохирлыг ихэсгэх аюултай.

Янгир, аргаль, буга, бор гѳрѳѳс, доргоны цус уусан хүний биет хачигт энцефалит, риккетсиоз, боррелиоз, боом, Е гепатит , хулгана тахал буюу туляреми, сүрьеэ, бруцеллёз халдварлах эрсдэл үүсгэдэг. Үүнээс Е гепатит вирус элгийг голчлон гэмтээдэг бол сүрьеэ, бруцеллёзын үүсгэгч нян хүний биеийн бүхий л эрхтэнг ѳвчлүүлдэг.

Тухайлбал, Хачигт энцефалит, риккетсиоз, боррелиоз ѳвчин хачгаар дамждаг боловч түүхий сүү, цус ууснаар халдварлах аюултай гэнэ. Ялангуяа бор гѳрѳѳсний халуун цус уусан тохиолдолд тухайн хүн 10 тѳрлийн вирус, нян, цусны эгэл биетнээр шууд халдварлах эрсдэлтэй. Тэр дундаа хачигт энцефалитын вирус, риккетсиозын нян зэрэг нь хүний тархи, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг. Өндөр настай хүн илүү хүндээр халдварладаг тул амь эрсдэх магадлалтай. Харин жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал вирус нь урагт халдварлах аюултай.

Зооноз ѳвчин судлалын үндэсний тѳвийн мэдээгээр, 2017 онд хачигт энцефалитын 62 ѳвчлѳл бүртгэгдэж, түүнээс тав нь нас баржээ. Үүнээс гадна хачигт боррелиозоор 46 ѳвчлѳл, хачигт риккетсиозоор 357 ѳвчлѳл бүртгэгдсэнээс хоёр тохиолдол нь нас барсан гэнэ. Тиймээс ам дамжсан ярианд итгэж, зэрлэг амьтны цус ууснаар эрүүл мэндээ хохироох өндөр эрсдэлтэйг холбогдох байгууллагаас иргэдэд анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *