Categories
мэдээ цаг-үе

Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү

Говийн дунайсан цэнхэр тэнгэрийн дор зургаан өртөө үргэлжлэх Хонгорын элсэн уул зүүн урагш ширээ ширээ атан тэмээд шиг хошууран цувж шаргалтана. Түүний ар хормойгоор нов ногоон зүлгэн дундуур Хонгорын гол гилтэлзэн урсаад, Сэрүүн булгийн ус жирэлзэн мэлтгэнэнэ. Тэртээ баруунаа Хатан Сэврэй уул галын хөх дөл шиг цоролзон асна. Ингээд бодохуйд халуун говийн Хархүү хэмээх хайрын дулаан хорвоо сэтгэл зүрхэнд ороод ирнэм буюу. Яруу найргийн аранзал улаан тоосон дунд яваа миний сэтгэлд яг л намрын говийн Хатан Сэврэй уул шиг зүрх баясгадаг нэгэн бол Эрэнжидийн Хархүү юм. Галбын говийн үзүүр хаяа, домогт Есүй хатны шүншигт аршаан Хатны булаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн цэнхэр хязгаар өчүүхэн намайг эл найрагчтай уулзуулж, намрын говийн тунгалагт сэтгэл ижилсүүлж, найраг шүлгийнх нь ингэн буйлааг сонсгож билээ.

Хархүүгийн шүлгүүд аанай л намрын говьд ингэ гунга-нахыг сонсох мэт дотогшоогоо мэлмэрсэн, таанын цагаан толгой цавцайтал цайрах адил гэгээ гэрлээр булхагдсан, говийн шөнийн одод энгэр цээж рүү шургалан асгарч, шуугин нисэлдэх лүгээ тийм л тунгалаг мэдрэмжийг төрүүлдэг юм. Үг бүрээс нь хайрын торгон аялгуу солонгорч, хүмүүний амьдралын жам ёс хийгээд үнэн мэдрэгддэг нь сайхан. Тэртээ дөчин дөрвөн оны мичин жилийн их зуднаар Ханхонгорын Улаан овооны бууцанд эхээс мэндэлсэн тэрээр Монголын их утга зохиолд өмнийн говийнхоо тулах багана нь байж өдгөө загал буурал толгойтой, зах хязгаар нь баригдахгүй алсарсан говийн тэнгэр шигээ аугаа нэгэн ертөнц болж дээ. Илчит халуун говийн цагаан шөнөөр шүлгээ бичиж, идэрхэн залуу наснаа багшийн хөдөлмөр эрхэлж, эх хэлнийхээ яруу тансгийг мэдрэн эрдэнийн чулуу шиг гэрэлтэн явахдаа л утга зохиолын бурхдад танигдсан байдаг.

Далаад оны эхээр Сономын Удвал гуайг Даланзадгадад очиход шүлгээ уншиж, агуу их Удвалаас талархлын үг сонсож явсан хүн бол Хархүү юм. Ханхонгорын бут бударгана, өвс ус тэгшхэн Баянгийн хоолойд тэмээчдийн баяр, найргийн баяр хоёр давхцахад Удвал гуай “Ханийн үг” шүлгээ уншиж, “Аль гучин хэдэн онд би энэ Баянгийн хоолойд тэмээ хариулж явлаа” хэмээн хүүхэд ахуй насныхаа эгэл бор өдрүүдийн дурсамжийг сөхөн хоолой чичирхийлэн ярихыг нь уяран сонсч, говийн хөгшидтэй чин сэтгэлийн яриа дэлгэхийг нь харан баясч явсан нь түүх болон үлджээ. Эрэнжидийн Хархүү бээр их утга зохиолын бурхдыг нэгэн дор харж баяссан далан есөн оны есдүгээр сарын ухаан хонгор өдрийг мартдаггүй л болов уу. Удвал ахайтан, их Явуу, Пүрэвдорж, Дашдооров, Сэнгийн Эрдэнэ, Пүрэвжавын Пүрэвсүрэн тэргүүт аваргууд заларч говийн тэнгэр дор найргийн хур асгарчээ. Тэрхүү найргийн цагаан бороонд шалба норсон нь мөнөөх Хархүү байлгүй хаачихав. Тэр ахуй цагаас онгод гээч нь оргилон буцалж говийнхоо тэнгэр дор ёстой л нэг багтаж ядаж байсан биз.

Зохиолч найрагчдын уран бүтээлийн үдэшлэг уулзалтыг Дэндэвийн Пүрэвдорж хөтөлж “Маргад тэнгэрийн чулуун зүмбэр, манант говийн үүлэн сүмбэр, Сэгс цагаан Богд ууланд сэтгэл байвал жаргал байна” гэх яруу сайхан мөрүүдээ уншин монгол найргийн дархан цэц тэрбээр дүүхэлзэн байсан нь мэдээж. Хонгорын алтан шаргал элсэн дээр нь хөрвөөж, Говь Гурван сайхан уулыг нь уярааж, Ёлын амаар зочилсон зохиолчдын аяны харгуй Эрэнжидийн Хархүүг номын багш цэцэн билэгт Пүрэвдоржтой нь золгуулсан юм. Хангайн сайхан Эрээн уулын омголон найрагч Хатан Сэврэйн хөвгүүнтэй учрах ерөөлийн барилдлага тэгж тохиосон ажгуу. Харин Пүрэвдорж багшийгаа эртнээс мэдэх юм билээ. Жаран долоон онд Мандалговийн арван жилийн сургуульд багшилж байхад нь Дэндэвийн Пүрэвдорж найрагч хотоос очиж тухайн үед дуулиан болоод байсан “Тусгаар тогтнол”-оо уншихад нь хөдөөх суурингийн залуухан багш шавь нарынхаа хамт алгаа хорстол ташин сэтгэлийн цэнгэл эдэлснээ мартдаггүй гэдэг. Номын багштайгаа анх тэгж Мандалговийн тэнгэр дор “Тусгаар тогтнол”-ыг тунхаглан учирчээ. Пүрэвдорж багш нь өмнийн говьд явахдаа “Уул нь энэ хүү Монголын яруу найрагт тодоос тод мөр үлдээх ёстой хүн. Газар нь холдоод байдаг юм уу, Гурван сайхан нь хаагаад байдаг юм уу, толгой нь цухуйчихаад нэг их ил гарахгүй байна шүү. Нутгийнхаа энэ шүлэгчийг өөд нь татаж, өсгөж өндийлгөж авмаар юм. Үүнийг би дэргэдэх түмэнд нь дээдэх дарга нарт нь айлтгаж байна” гээд палхийтэл хэлжээ. Өмнийн говийн хамгийн буйдхан суурин болох Баяндалай, ганган улаан тэмээдээрээ алдартай Галбын говийн Ханбогд, Цогт-Овоо гээд холын сумдад “цөлөгдсөн” эр Пүүжээ найрагчийн буянаар аймгийнхаа барааг дахин харах хувь тохиожээ. “Хэл амтай, дэмий юм бичдэг энэ нөхрийг аль болохоор хол суманд явуул” гэсэн даалгаврыг аймгийн намын хорооноос өгч байсныг буурал найрагч нуугаагүй дээ.

Мань хүн жаран нэгэн оны намар есдүгээр ангийн сурагч доод ангийнхаа охинд дурлахчаан аядаад шүлгээр өвчилж явахдаа Даланзадгадын төв цэцэрлэгт духан дээрээ сорвитой Дооровыг анх харсан гэдэг. Уран зохиолын багш Ваанжилдаа хэлж тэр том зохиолчид шүлгээ үзүүлэх сэн гэхээс адгаж байсан цаг. Гэвч есдүгээр ангийн балчирхан хүүхдийн зориг хүрээгүй нь лав. Харин жаран гурван оны намар Багшийн дээд сургууль дээр зохиолчидтой хийсэн уулзалтад очиход Лодонгийн Түдэв “Уулын үер”-ийнхээ хоёрдугаар дэвтрийг хэрхэн бичсэнээ ярьж, Нямбуугийн Нямдорж “Өрнө дорно” гээд эсэргүү гэгдэж байсан шүлгүүдээ уншиж, Дэлгэрхангайн Дашдооров “Говийн магтаал” найраглалынхаа тухай ярихыг шимтэн сонсч, “Энэ аварга Дооровтой Даланзадгадад тэр жил уулзсан бол” хэмээн харуусч суусан гэх. Хархүү ахаас агуу Дооровыг хайрласан халуун сэтгэл нэвт шувт мэдрэгддэг. Дооровын ертөнцийг өөртөө бий болгож, говийн гүжирмэг тэр сайхан эрийг, авьяас билгийн өндөр их хайрхныг зүрхнээсээ хайрлан өөрийгөө Пүрэвдоржийн ч шавь, Дооровын ч шавь гээд “Хангай говиос түшсэн хоёр сайхан уулын хүү” гэдгээ тунхагласан билээ. Говийн үзэсгэлэнт төгөлдөр Сүм хөх бүрдэд “Говийн өндөр” Дооровынхоо өвөрт эрхлэн унтаж, чухамхүү багш шавийн халуун барилдлага дор сэтгэлийнхээ үгийг нийлүүлж асан дурдмал өдрүүдийг нь миний бие зүрхээрээ мэдэрдэг. Хөх бүрдийн усан, тугалган өнгөөр долгилж зэгс шагшуурга шуугьсан шүлэг найргийн уянгат үдэш гоёоны архи задлан хундага харшуулангаа Дооров бүдүүн хадуун дуугаар нүргэлж, хүр хүр инээд алдаад тэр хоёр баахан “юу яасан” удаатай. Тийм алтанхан агшин хоромд их Дооровоос өмнийн говьд хамтдаа очсон Санги гэдэг нивх үндэстний зохиолчийн тухай асуусан байдаг. “Нохойн дуу” шүлгийг нь Удвал ахайтан орчуулж говийн уншигчдад хүргэсэн түүний тухай Дооров “Юу л даа хө, Санги чинь манай Түдэвийн дотнын найз. “Кивонгийнхний хурим” гэдэг лут зохиол, аа бас нөгөө юу, “Цэнхэр уулс”, “Эзний хаанчлал” гээд зөндөө ном бичсэн хүн. Би ганц нэгийг нь уншсан. Мундаг аа, мундаг. Нивхүүд чинь хэдхэн хүнтэй, тундр хавийн нэг муу ядарсан бүдүүлэг хүмүүс гэнэ лээ. Манай бол хөдөөний нэг сумын хүн амд хүрэхгүй цөөхөн. Гэтэл хө, Владимир Санги гэдэг том зохиолчийг төрүүлсэн байгаа юм. Нөгөө Чингиз Айтматов “Далайн хөвөөний алаг хав”-аа Сангид зориулсан шүү дээ. Чи уншсан биз. Оргил оргилоо харна гэж тэр” хэмээн ярьсан нь бий. Дооровын төрсөн Шорвогийн хөх овооны бууцанд Хархүү ах тэмээ хариулж явсан юм гэдэг. Өмнийн говийнхон холын нүүдлээр Дундговийн Дэлгэрхангай, Адаацаг, Эрдэнэдалайд ирж өвөлждөг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр төрсөн газрынхаа салхийг амсаж явсан Хархүү Дооров хоёр халуун барилдлагатай байхаас яах билээ дээ.

Дорнын их Явуугаас зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ гардаж авна гэдэг тэр бүр найрагчид олдох хувь заяа биш сэн. Тийм алтан хувь заяа халуун говийн Хархүүд олдсон юм. “Хоёр дахь номоо хэвлүүлсэн говийн хэнзхэн шүлэгч би 1977 онд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүний батлахыг Явуугаас гардаж авахад “За Хархүү минь их юм хий, сайн бич. Хол явах эрхийн чинь үнэмлэх гэж наадахаа бод. Залуучууд та нарт бид итгэж явдаг юм шүү” гэж чин сэтгэлээсээ дотночлон хэлсэн нь одоо ч санаанд тодхон байна” хэмээсэн. Явууд нэгэнтээ “Би адуучин хүн” шүлгээ уншихад “За хүү минь чи сайхан шүлэг бичжээ. Дэндүү уран цэцэн байна. Үгийн тэр гялбаанаас чинь болоод хэлэх гэсэн санаа чинь бүдгэрээд байна” гэх үнэт зөвлөгөөг өгснийг он жилүүдийн тоосонд хадгалж ирснээ дурсдаг юм. Ер нь Хархүү найрагч ахас ихсийн хэлсэн үг, зэмлэл сануулгыг амьдралын мөрдлөг болгож өөртөө ташуур өгдөг нэгэн. Далаад онд алс говийн жирийн багш, шүлэг зохиолын хорхойтон тэрбээр Түдэв гуайг зохиолчдын хорооны дарга байхад нь их л зориг гарган нарийн бичгээр нь дамжуулан уулзах хүсэлтээ дуулгажээ. Тү жанжин огтхон ч хүлээлгэлгүй шууд оруулсан юм гэдэг. “Арваадхан хоромд миний ажил төрөл уран бүтээлийн тухай асууж, гадаад хэл дээр хэр зэрэг сурч байгаа мөн уран бүтээлийн ямар төрлөөр бичиж байгааг онцлон лавлаад их л нухацтай бөгөөд чамбайхан цөөн үг хэлсэн. Хэл сурах талаар олигтой оролдохгүй байгаа, ганц нэг шүлэг бичих төдийгөөр уран бүтээлээ хязгаарлаж байгаад минь зэмлэл хүртээсэн. Тэндээс гарахад миний духны хөлс чийхарч билээ. Тэр өдрөөс хойш надад олон юм бодогдож хөдөөгийн буйд алсад цагийн аясаар гэлдэрч явсандаа гэмшиж ямар боловч өөрийгөө ташуурдсан удаатай. Ухаантай хүнээс үг сонсох сайхан бөгөөд жаргал” хэмээсэн нь Түдэв гуайн зэмлэлээс илүүтэй өөрийгөө ухаарсан нь агуу санагддаг.

Багш шавийн барилдлага, андын журмыг ямагт өндөрт тавьдаг найрагчийнхыг буйдхан хөдөөдөө байхад гэрийнх нь босгоор алхаагүй найрагч ховор. Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дөнгөтийн Цоодол, Санжийн Пүрэв, Жигжидийн Бямбаа гээд олон чиг сайхан найрагчдын нэрс дурайнам. Есөн эрдэнийн Бадарч нь Овоотын отрядын дархан хилийн шугамд шүлгээ бичиж байхдаа “Уулын намар” Пүрэвийгээ дагуулж очсон, Улаанбаатараас өндөр Цоодол нь шүлэглэсэн захиа бичиж Хархүү анддаа урин хавраар хүргүүлсэн гээд дурсамжийн хуудас дундрахгүй. Далан зургаан онд алс хол Баяндалайд багшилж байхад нь Сүрэнжав найрагч шуугиулаад буужээ. Хөл хөсөөн болж, шүлэг найргийн бороо асгах үед Сүүеэ нь “Пүрэвдоржийн өмнөтгөл үгтэй гаргасан “Миний сайхан хөдөө” номыг чинь уншсан. Боломжийн шүлгүүд байна лээ. Хөдөө удсан ч гэлээ чи зэвэрсэнгүй” хэмээн урам зоригийг нь бадраагаад өгчээ. Баяндалайн буйдхан сууринд уулзалдан баяссан тэр хоёр хэдхэн жилийн дараа Москвагийн тэнгэр дор цагаан цасан эргэлдэн бударч байхад Пушкины хөшөөний өмнө зогсож байсан гэдэг. Хархүү ах Унгараас буцах замдаа Москвагаар дайрч алдарт Горькийн сургуульд саатсан юм билээ. Энэ мэт аяны харгуй, хүний дээдтэй учирч шүлгийн сайхныг дуудаж явсныг нь хэлж барахгүй юм даа.

Заяатын Ядмаа, Хоролын Зандраабайды, Сономын Чулуун гээд говийнхоо аараг манхан толгодын амь амьсгалыг шингээсэн хаяа сайтай айл шиг хэдэн бууралд би даан чиг хайртай. Тэдний нэгэн Эрэнжидийн Хархүү билээ сэн. Эргэл Богдын зоонд бидэн хоёрыг ижилсүүлэн золгуулсан хүн нь Эрдэнэ-Очир найрагч. Энэ тухай миний бие Долгорын Нямаа ахыгаа дурссан бодролын хайлалдаа нулимстай бичиж байсан. Хоёр мянга долоон оны намрын тэр өдөр говийн зөөлөн дулаахан уул сэтгэлд минь нургилан ургасан нь Хархүү юм. Андын журмыг ямагт халуунаар хадгалдгийн нүнжигт сэтгэл нь номынх нь хуудсыг эргүүлэх бүрийд л уншигдана. Равжаа хутагтаас аваад Арлааны Эрдэнэ-Очирыг хүртэл их утга зохиолынхоо эрдэнийн чулуудыг бичсэн хөрөг дотроос Раднаадаргиа гэж ширвээ хар сахалтай, ширүүн дориун төрхтэй уянгат найрагчийн дүр ургаад ирнэ. Хишиг-Өндөрийн арван жилийн сурагч “Мөнхийн устай хорвоо” хэмээх номыг олж уншаад Жигжидийн Раднаадаргиа гэж ямар гоё найрагч болохыг мэдэрч байлаа. Утга зохиолын сургуулийн оюутан ахуй цагтаа Төв аймгийн Зуунмод хотноо болсон хүүхдийн найргийн наадамд мөнөөх Раднаадаргиатай учирч хөшигний ард жүнз тулгаж байсан удаатай. Ширвээ хар сахалтай энэ нөхөр Хархүү ахтай оюутан цагийн андууд юм билээ. “Айраг шуугин шуугин иснэ, айлын бүсгүй дуулан дуулан өснө” гэж зүрх долгилуулан ганхуулсан найрагчийгаа Хархүү нь мартдаггүй, энгэртээ гялтайх одонгүй орчлонгоос буцсанд нь харуусдгийг нь мэдэрсээн.

“Говь Гурван сайхан тэнгэрийн хаяаг алдлан сунайж, үлгэрийн хөх манан дунд умбажээ. Гурван сайханаас зүүнтэйгүүр Буурын хяр, Хан уул, Их, Бага уул хөшиглөн цэнхэртэнэ. Тэртээ хойгуур Шар хацрын хэц минь зэрэглээн дунд мяралзан урсана. Булган зогдроо хаврын хонгор салхинд суусарлуулан жонжих олон ухаа тором шиг мяралзан тэлмэх зэрэглээн далайг бишрэн харж өссөн бага нас минь нутгийнхаа уул толгод хөндий хоолойтой амин холбоотой. Нэр нь хүртэл одоо болтол алганы минь хээ шиг тодхон дурайж байнам” гэж бичсэн найрагч хаа чиг явсан говийнхоо зэрэглээн далайг санагалздаг байна. “Өрнийн их усан Хар тэнгис дээгүүр агаарын хүчирхэг хөлгөөр нисч, тэнгисийн ус онгоцны өехий шүргэх мэт оволзон давалгаалахыг харахад говийн цэнхэр зэрэглээ хойно хойноосоо тэлмэн мяралзах шиг санагдаж билээ. Унгарын Балатон нуур, Оросын Байгал далайг харахад бас л тэгж харагдсан. Байгал далайн ус олон цагаан ботго зогдор хөдөлгөн тэшиж байгаа мэт, эсвэл олон цагаан хурга бөмбөрөн цахилж байх шиг…” гэж бичсэн нь эл бүхний баталгаа юм.

Бал улаан худагийнхаа усаар угаалгаж, Улаан овооныхоо хонгор бууцан дээр өнхөрч өссөн найрагч “Амгалан цэнхэр тал”, “Намрын хонгор говь”, “Оддын доорх жаргал”, “Хайрын дулаан хорвоо”, “Хараацай бага нас”, “Би говийн хүү”, “Тос даасан монгол айл” гээд чухамхүү намрын говийн алтан шаргал элсний нурлага шиг номуудтай. “Намуун хонгор салхиараа санчиг илбэн наадсан

Намрын хонгор говьд ингэ буйлахыг сонсоод

Дэндүү уяхан дуунд нь зүрх хайлан бөмбөрч

Дэлгэр талын замд нулимс аяндаа мэлтрэв

…Ингэ ботгоны гунганаан дунд торнисон болохоор

Ижилгүй уяхан түүнийг үгүйлж явснаа мэдэв

Нэг л сайхан юмаар дутагдаад явсан сэтгэл минь

Нээрээ л хөөрхий өнөөдөр дүүрээд ирдэг байна шүү

Хорвоогийн тансаг аялгуунд зөндөө л умбасан даа, гэвч

Хонгор говийнхоо эгшгээр цангаж л явж дээ сэтгэл минь

Унаган бага наснаас зүрхэнд шингэсэн аялгуу минь

Уярал хайрын хэлхээгээр бөмбөрөн унаж л байна уу даа” хэмээх “Намрын говьд ингэ буйлахыг сонсоод” шүлгийг нь “Цог” сэтгүүлээс олж уншчихаад сэтгэл нэгэнтээ цэлмэж билээ. Ингэж л миний сэтгэлд Эрэнжидийн Хархүү оройн намрын говийн олон ботгоны буйлаантай орж ирсэн юм. Элбэрэлт хүү Мандахбаяртаа зориулсан “Говь Гурван сайхан” гэж хуур лимбийн эгшигтэй урьхан хонгор шүлэг бий. Сэтгэл яруусан уншихуйд Говь Гурван сайханы торгон зулайг дун цагаан үүл шүргэн шүргэн нүүх нь нүднээ үзэгддэг. Цэнхэр номин уулынхаа бэлд цэцгэн солонго шиг эрхэлж өссөн найрагчийн аавдаа зориулсан зүрхнийх нь бичээсийг таталгахуйд нулимс аандаа мэлтрээд ирнэ. Хорин нэгтэй оюутан хүүгээ сургуульдаа явахад ачит эцэг нь сүү өргөөд хоцорсон юм гэдэг. Дараа жилийнх нь хавар давхиад ирэхэд эзгүй байжээ.

“Уяан дээрээс мордоод эргэж нэг харсан

Уньт гэрийнхээ үүдэнд сүү өргөж зогссон

Эр хүн сүү өргөдгийг төдийлөн үзээгүй

Эмнэг залуу зүрхэнд минь нулимс нэг зангирсан

Эсэргэн хаврын сардаа эргээд би ирсэн

Эсгий таван ханат эзгүйрч ханхайж угтсан

Ээл дулаан хойморт нь нар царцаж харагдсан

Эрдэнийн хорол тооно нь дайвж нэг үзэгдсэн

Хүсэл хясал ээлжилсэн хорвоо гэдэг бөөрөнхий

Хүний хорвоогоос явчихсан миний аав л хөөрхий

Үр минийхээ сэтгэлийг хатааж чангалж суусан

Өлзий буянт аав минь халхын буурал ухаан…” тийм ээ, өлзий буянт эцгээ халхын буурал ухаан гэж өргөн хорвоод зарлаж зүрхнийхээ нулимсаар шүлэг бичсэн найрагчийг өөрийн эрхгүй хайрлахаас яах билээ.

Тэрээр нэгэнтээ “Би үхлээс огтхон ч айдаггүй. Авах өдрөө аваг, жам юм чинь. Харин би орчлонгоос цагаан мөртэй буцна гэдэгтээ итгэж омогшдог” гээд “Би үгнээс айдаг. Хараал зүхэл, гүтгэлэг доромжлолын муу үг хүний зүрхийг шархлуулж, бүтээх туурвих урам руу нь мөстэй ус цутгадаг. Ерөөс яруу найрагчид эмзэг улс, зүрхээ хямгадахгүй бол энэ ариун ертөнцөө шархдуулчихвал яаж шүлгээ бичиж, амьд явах юм бэ” гэсэн нь бий. Энэ бол Хархүү найрагчийн халуун зүрхнийх нь тангараг юм. “Шүлэг шиг яруухан явъя, шүүдэр шиг ариухан явъя” гэж зам мөрөө, өөрийнхөө гэгээн тунгалаг он жилүүдийг тунхагласан өмнийн говийн буурал “хөвгүүн” энэ амьдралд яг л номынхоо нэр шигээ “Хайрын дулаан хорвоо” ажгуу. Халуун говиос гаргасан зам мөрөөс нь хайр ундарч, намрын говь нэвчтэл шингэсэн найргаас нь мөн л хайр асгарч, зүрхнийхээ зөөлөн шаргал аялгуугаар тэр “Хайрын дулаан хорвоо”-г Монголын яруу найрагт бүтээжээ. Үүнийх нь төлөө нартын дор насан туршдаа талархнам, би.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *