Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт хийгдэв

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл 2018.10.31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж батлав. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр үнэлсэн. Тодруулбал, төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос даван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэв.

Үүний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрэв.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *