Categories
мэдээ улс-төр

Төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ

Image result for УИХ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийг батлав.

Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцжээ. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2019 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг 7.3 их наяд, зарлагыг 9.4 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 2.2 их наяд, зарлагыг 2 их наяд төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 407.6 тэрбум, зарлагыг мөн 407.6 тэрбум байхаар тусгасан юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, байнгын хороо болон ажлын хэсгээс ирүүлсэн хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Дараагаар нь дээрх хоёр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж, батлав.

Түүнчлэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороо шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Одоо Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг эцэслэн батлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *