Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: Төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал дутагдаж байна

УБТЗ, ГЕГ, МХЕГ-аас төмөр замаар ачаа тээвэрлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хамтарсан зөвлөгөөн өчигдөр болж өнгөрлөө. Зөвлөгөөний үеэр төмөр замын тээврийн тариф, зүтгүүр, вагоны хангалт, цемент болон аюултай ачаа, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт зэрэг олон асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр УБТЗ-ын орлогч дарга Г.Ганболдтой ярилцлаа.


-Энэ жил төмөр замаар 25 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна. Төмөр замын хүчин чадал ямар түвшинд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд жилд 32 сая тонн тээвэрлэгдэх ачаа байна. Үүнээс бид өөрсдийнхөө бүх хүчин чадлаа ашиглан 25 сая тонн ачаа тээвэрлэнэ. Үүнийг цааш нь нэмэгдүүлэхийн тулд УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жилээс эхлэн Дохиолол холбооны төслийн ажлыг эхлүүлсэн. Энэ төслийн ажил нэг жилийн дараа дуусна. Уг төсөл амжилттай дуусах үед манайх 28 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Түүнээс цааш 30, 40 сая тонн болж нэмэгдэж байгаа ачааны хэмжээнд хүрч нэвтрүүлэх чадвартай болохын тулд УБТЗ-ын суурь бүтэц, техникт шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд нэлээд хэмжээний хөрөнгө шаардана. Орос, Монгол хоёр улсын холбогдох төрийн байгууллагуудын гаргах шийдвэрээс энэ бүрэн шалтгаална. Түүнээс биш бид өөрсдийн орлогоор энэ ажлыг хийж чадахгүй.

-Нэвтрүүлэх хүчин чадал гэдэгт юу хамаарах вэ?

-Өртөө, зөрлөгийн хоорондох замын хос болгох, нэмж өртөө, зөрлөг барих, цахилгаанжуулах зэрэг ажлууд бүгд орно. Хөдлөх бүрэлдэхүүн буюу вагон зүтгүүрийг нэмлээ гээд нэвтрүүлэх чадвараа сайжруулахгүй юм бол бид явж чадахгүй.

-Зөвлөгөөний үеэр зүтгүүрүүдийг засвар үйлчилгээнд хамруулах шаардлагатай байна гэсэн асуудлыг хөндөж байсан?

-Өнөөдрийн байдлаар УБТЗ-д 10 мянга орчим вагон эргэж байгаа. Эдгээр вагоны 3000 нь УБТЗ-д харьяалагддаг. Бусад нь Монголын төмөр зам компани, хувийн хэвшил, ОХУ-аас тээвэрт оруулж ирж буй гадны эзэмшлийн вагонууд юм. Цаашдаа УБТЗ өөрийн вагоны тоог нэмэгдүүлэхээсээ илүү замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг л зохион байгуулна. Зүтгүүрийн аюулгүй байдлыг бид хангах ёстой. Энэ үүднээсээ зүтгүүрийг шинэчлэх, хангах асуудлыг хийж байна. Ирэх жил 10 орчим зүтгүүрийг шинээр түрээслэх шаардлага бий. Үүнийг үргэлжлүүлнэ. Ирээдүйд зүтгүүрийн паркийг цахилгаанжуулах асуудал яригдана. Түлшний үнэ, валют өсч байхад манайх нэг ч тарифаа хөдөлгөөгүй. Хөдөлгөе гэсэн шаардлагаа тавьсан. Дээр нь манайх нийгмийн өмнө хүлээх үүргийнхээ дагуу зорчигч, нүүрс тээвэр хэдий алдагдалтай байсан ч зогсоолгүй үргэлжлүүлж ажиллаж байгаа.

-Орон нутгийн зорчигч тээвэр жилд хэдий хэмжээний алдагдалтай ажилладаг вэ?

-Энэ жил гэхэд 40-өөд тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Дотоодын цахилгаан станцуудын нүүрсний тээвэрт ч мөн адил хэмжээний алдагдал гардаг. Эдгээр алдагдлыг голцуу транзит, экспортын тээврээс олсон ашгаараа нөхдөг. Үлдсэн хэсгийг нь ажилчдынхаа цалинд өгөөд л таардаг. Биднийг асар их орлоготой гэж ойлгоод байдаг. Тийм биш.

-Одоогийн байдлаар хэдий хэмжээний вагон хэрэгтэй байгаа вэ?

-1400 орчим вагон, 13 зүтгүүрийн шаардлага бий. Үүнийг шийдэхээр оролдож байна. Вагоны асуудал хүнд байгаа. ОХУ-аас шинээр вагон захиалж авья гэхээр үйлдвэрүүд 2025 хүртэл захиалгатай болчихсон. Тиймээс манайд хоёр, гурван мянгаар нь вагон үйлдвэрлэж өгч чадахгүй гэдэг. Нөгөөтэйгүүр шинээр вагон худалдаж авдаг мөнгө нь хаана байна. Өнгөрсөн жил 2000 вагон авъя гэсэн тохиролцоо ОХУ-тай хийсэн. Үүний түрүүч 600 вагоныг авсан. Гэтэл янз бүрийн улсуудын ашиг сонирхол байсан уу яасан бүгдийг нь таслан зогсоосон. Өнөөдөр үлдсэн 1400 вагон ОХУ-д алга. Учир нь тэр зах зээлийн эрэлт, хэрэгцээ байгаа учраас эдгээр вагонууд аль хэдийнэ зарагдчихсан. Тэгэхээр ирэх жил экспорт хийдэг хүмүүст төмөр замын вагоны асуудал хүндхэн тусах байх.

-Одоо тээвэрт явж байгаа вагоны насжилт, ашиглалтын талаар?

-Түрүүчийн вагоны насжилт 35 жил болж байна. Бидний хамгийн шинэ вагон гээд байгаа маань 18 жилийн настай. Таван вагон бид өөрсдөө угсарч, тээвэрт оруулсан. Энэ угсралтын ажлаа бид цаашдаа үргэлжлүүлнэ. Гэхдээ өнөөгийн зорилтыг гүйцээж чадахгүй шүү дээ.

-Төмөр замын аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болжээ. Аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ерөөсөө төмөр замын тээврийн нэг номерын асуудал бол аюулгүй байдал. Хөдлөх бүрэлдэхүүн, замын их засвар энэ бүгдийг хийхгүй бол аюулгүй байдал өдрөөс өдөрт муудна. Аюулгүй байдлаа хангахын тулд дахиад л хөрөнгө шаардагдана. Үүнээс гадна дүрэм журмаа баримтлан ажиллах ёстой. Төмөр замчид аюулгүй байдлаа орхигдуулаагүй. Бүх дүрэм журмын шаардлага хангасан хөдлөх бүрэлдэхүүн замд гарах ёстой. Тэр замд гарах ёстой шаардлагыг ханган ажиллаж байна гэв.

Зөвлөгөөний үеэр төмөр замын тээврийн тарифын асуудал хөндөгдөж байлаа. Барилгын материалын үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зөвшөөрлөөр тээврийн тарифыг 3-21 хувиар өсгөх асуудлыг шийдсэн байгаа юм. Зөвлөгөөнөөр дахиад өсөх тухай хэлж байна. Бидний зүгээс энэ шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн тариф нэмэгдсэн. Жишээлбэл, 2012-2014 онд тариф 50 хувиар өссөн. Үүнийг тогтворжуулахгүй хэвээр орхивол үйлдвэрүүд төмөр замд өрд орж, ачаагаа тээвэрлүүлж чадахгүй болно. Нөгөө нэг асуудал нь барилгын материалаас хамгийн их ачаа тээвэрлэдэг нь цементийн үйлдвэрүүд байдаг. Сүүлийн дөрвөн жилд томоохон үйлдвэрүүд ашиглалтад орчихсон. Эд нарыг тарифын хөнгөлөлтөд оруулж өгөөч ээ гэж хэлж байгаа. Экспортоор жилд 2.5 сая тонн цемент гаргах бололцоотой болчихлоо. Тэгэхээр ОХУ-аас үзүүлдэг гаалийн тарифын хөнгөлөлтийг бид эдлэх юм бол экспорт хийх боломж бүрдэнэ. Өмнө нь бага хэмжээгээр экспорт хийж байсан туршлага бий. Зах зээл ч бий. ОХУ Олон улсын худалдааны байгууллагын гишүүн болсон. харьцангуй аажмаар олон улсын хэлэлцээрийн дагуу хил гаальтай холбоотой бүх төрлийн асуудлуудаа цэгцэлж байгаа. Тиймээс хойд хөрш маань манай асуудлыг нааштай шийдвэл бидэнд зах зээлгүй байгаа өнөө үед томоохон дэмжлэг болох юм” хэмээн өөрийн саналаа дэвшүүллээ.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *