Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн дийлэнх хувь нь Баянзүрх дүүрэгт гардаг гэв

Хүйтний улирал эхэлж обьектын гал түймрийн тоо сүүлийн үед ихээр нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас БЗД-ийн Засаг даргын тамгын газартай хамтран Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ өнөөдөр боллоо.Өдөрлөгийн хүрээнд ОБЕГ-ын хүрээний Гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг офицер бүрэлдэхүүний 112 алба хаагч оролцов. Тэд өндөр барилгад гарсан обектийн түймрийг унтраах, эрсдэлтэй байгаа иргэдийг авран хамгаалах сургалт явууллаа.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 2266 удаагийн гарсан бол энэ оны арван сарын байдлаар 1973 удаагийн гал түймэр гарчээ. Тиймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 8, 12, 14 дүгээр хорооны айл өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.

Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа, Ц.Нямбаяр, “Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан. Тэр дундаа өдөрлөгт хамарч буй 8, 9, 12 дугаар хороо нь энэ оны эхний 10 сарын байдлаар 30 гаруй удаа обектийн түймэр гарсан. Айл өрх бүрт галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчлийг нь шалгаж илрүүлээд өнгөрөх биш, түүнээс гарч болзошгүй эрсдлийг таниулан сурталчилж, зөрчлийг газар дээр нь арилгах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Ахуйн гаралтай гал түймрийн ослын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч нас барсан хүний тоо өссөн үзүүлэлт гарсан.Иргэд цахилгааны утсыг эрсдэлтэй байрлуулах, үнс нурмаа ил задгай асгах, зуухны галлагаа буруугаас, шатамхай бодис хаяснаас үүдэлтэй гал түймэр гарч байна. Ихэвчлэн шөнийн цагаар гал түймэр гардаг нь хүний амь эрсдэх аюулыг дагуулдаг. Засгийн газрын тогтоолоор өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифыг “тэглэх” болсонтой холбогдуулан иргэд нүүрс, түлээгээ хэмнэх зорилгоор цахилгаан халаалтын төхөөрөмж хэрэглэх нь ихсэх тул цахилгаан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, ахуйн галын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг өгч байна. Алба хаагчид гурван хэсэгт хуваагдан айл өрхүүдээр явахдаа гал түймрийн эрсдлийн хяналт шалгалт явуулж, урьдчилан сэргийлэх долоон төрлийн арга замын талаар зөвлөгөө өгч, ухуулга сурталчилгааны дүрс бичлэг толилуулна. Мөн “Анхаар” гар утасны аппликейшнээр дамжуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа” гэв.

Тоо баримтаас харахад гал түймрийн шалтгааны дийлэнх буюу 29 хувийг ил задгай унс нурам асгаснаас, 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас шалтгаалж буйг онцолжээ.

Мөн иргэдэд болзошгүй аюулаас өөрийгөө болоод гэр бүлээ авран хамгаалах чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулна. Тус нэгдсэн арга хэмжээ маргааш хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *