Өнгөрсөн лхагва гаригт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын зарим худалдаа эрхлэгч иргэн, байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд “Хантайшир” бөөний төвийн өргөтгөлийн гуравдугаар давхарт байрлах түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх үеэр гарал, үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс худалдаалж байсныг илрүүлэн битүүмжилжээ. Хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, хугацаа нь дууссан дээрх их хэмжээний жимсийг хувь хүн худалдан борлуулж байсан аж. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм байна.