Categories
мэдээ цаг-үе

И.Гэрэлчулуун: Айл болгон өөрсдийнхөө онцлогт тохируулан сард хуримтлуулах чадвараа тооцох хэрэгтэй

Дэлхийн хуримтлалын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Хуримтлалын аян”-ы нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулах юм байна.


Нээлтийн үеэр ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуунтай ярилцлаа.

-Манайх шиг хөгжиж буй орнуудын иргэд хэрхэн хуримтлал үүсгэдэг вэ. Энэ тал дээр зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?

-Миний хувьд хамгийн сайн мэддэгээрээ Герман улсын туршлагыг жишээ болгоё. Германд гэнэтийн эрсдэлд бэлтгэж хуримтлал үүсгэх шаардлагатай гэдгийг багаас нь ойлгуулдаг. Ингэхдээ хүүхдүүдэд шууд онол ярьдаггүй. Өнөөдөр 1000 төгрөг хуримтлуулаарай гэдэг шиг шууд тулгаж заадаггүй. Харин өөрийнх нь хэрэгцээ, мөрөөдлийг тодорхойлж, түүнд суурилсан аргыг заадаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн тулд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэйг тодорхойлж, тэрхүү хөрөнгийг бий болгохын тулд хуримтлал хэрэгтэй гэдгийг л ойлгуулдаг. Бага ангид нь хүүхдэд сонирхолтой байх хэлбэрээр хуримтлалын талаар боловсрол олгодог. Германд насанд хүрэгчид нь мөнгөө хуримтлуулаад сурчихсан байдаг. “Үнэт цаас бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулаач ээ” гэхэд хүртэл “заавал хуримтлуулна” гэдэг. Маш олон жилийн турш бага наснаас нь эхлэн хуримтлал чухал шүү гэдгийг ойлгуулсан учраас хуримталдаг улс орон бий болсон гэж болно. Мөн насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролд банк, санхүүгийн байгууллага анхаарч ажилладаг. Банкны ажилтан маань бүтээгдэхүүн үйлчилгээ авах гэж буй хүнд хуримтлалын талаар зөвлөгөө өгөх ёстой. Зээл авъя гэсэн хүнд “Та үүнийгээ хадгаламжаар бодож үзсэн үү, яг өнөөдөр зээл авах хэрэгцээ байгаа юу, энэ баярыг тэмдэглэхийн тулд зээл авах шаардлагатай юу” гэх мэтээр асууж, зөвлөх юм. Бид урт хугацаандаа олон зүйл хийхээр төлөвлөсөн. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэн ажиллана. Танай хүүхэд одоо 14 настай гэж бодъё. Тэгвэл дөрвөн жилийн дараа их сургуульд орно. Тэр үед сургалтын төлбөрийг нь төлөх болно. Тэгэхээр та дөрвөн жилийн дараа зээл авах биш, энэ дөрвөн жилийн хооронд яаж мөнгөө цуглуулахыг бодож үзсэн үү гэх зэргээр зөвлөгөө, мэдээлэл хүргэхэд анхаарна. Бид зээлийг буруутгаж байгаа юм биш. Зээл бол бас л санхүүжилтийн чухал хэлбэр. Гэхдээ үүнийг зохистой, хэрэгцээтэй үедээ авдаг, бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй хослуулж чаддаг байна гэдэг нь санхүүгийн боловсролтой иргэнийг бий болгоно гэсэн үг.

-Яг үнэндээ зээл авсан хүмүүсийн тоо хуримтлалтай иргэдээс их байдаг. Үүнийг хэрхэн багасгах вэ?

-Бид үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Монголбанкнаас гаргаж буй бодлогын арга хэмжээнүүд нэлээд нөлөө үзүүлэх байх. Хэрэглээний зээлийг багасгах хэрэгтэй. Монголчууд ингэж хийх ёстой гэж хүнд заах гээд байдаг. Гэтэл яг яаж хийх аргыг нь зааж өгдөггүй. Германы санхүүжилттэй энэхүү төсөл нь арилжааны банкуудад туслах юм. Туслахдаа зөвлөх ажилтнаа хамтдаа бэлдэнэ. Ингэснээр иргэдэд зөвлөх нь болж өөрчлөгдөнө. Мөн дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэе гэж төлөвлөсөн. Хуримтлалын өдрийг хэдий өмнө нь тэмдэглэдэг байсан ч нэгдсэн байдлаар тэмдэглэж дадаагүй. Иргэдтэй ойр байна шүү гэдгээ илэрхийлдэг энэ өдрийг банкууд нэгдсэн байдлаар тэмдэглэх юм. Зарим нэг үйл ажиллагаан дээр санхүүжилт дутдаг бол Германаас санхүүжилтээ авах боломжтой. Ингээд ирэхээр арилжааны банкууд маань идэвхтэй оролцдог болох байх. Эхлээд бид санхүүгийн байгууллага дээр ажиллана. Бусад байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэдээ хуримтлал гэдэг ойлголтыг өгье, боловсролд нь анхааръя гэдэг болно. Жирийн байгууллагууд ч бүтээгдэхүүнээ танилцуулдаг, ойлгуулдаг, борлуулдаг байхаасаа гадна харилцагчдынхаа боловсролд анхаарч болно шүү дээ.

-Германы нийт хүн амын хэдэн хувь нь хадгаламжтай вэ?

-Герман улс ойролцоогоор 80 сая хүн амтай. Хоёр хүн тутмын нэг нь хадгаламжийн данстай байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол өндөр үзүүлэлт. Гадагшаа өөр улсад мөнгөө хадгалахаасаа илүү эх орондоо хадгалах нь чухал. Ингэж хуримтлуулахдаа төлөвлөгөөтэй хуримтлуулъя гэдэг зарчимтай байдаг.

-Иргэд хуримтлал үүсгэх хэмжээний хангалттай цалинтай биш гэдэг. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тэгж ярьдаг. Биднийг хуримтлал гэж ярихаар хүмүүс “Европт олгогдож байгаа шиг өндөр цалин бидэнд байхгүй. Тэгэхээр бид яаж мөнгө хуримтлуулах юм бэ” гэдэг. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Европт ч гэсэн яг л адилхан орлого багатай хүмүүс байгаа. Гэхдээ тэд хуримтлалаа үүсгэе гэдэг. Тэд хуримтлал үүсгэснээрээ би санхүүгийн гэнэтийн хэрэгцээ үүсэхэд аюулгүй байх юм байна, бусдаас зээлэх гэж явах хэрэггүй гэдгийг хүмүүс нь сайн ухамсарласан байдаг. Үүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг. Германд өөрийнхөө өрхөд тохирсон хэмжээнд хадгалах зарчмыг баримталдаг. Тэгэхээр хүмүүс маань үүн дээр анализ хийх хэрэгтэй. Орлого орж ирлээ гэхэд өөрийнхөө тэжээдэг хүмүүсээ тооц. Ганц бие хүн хоёр сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё. Гэтэл тэр хүн аав, ээж рүүгээ мөнгө шилжүүлдэг бол яах вэ. Эсвэл гэр бүлтэй хүн байвал үр хүүхдэдээ зарцуулах мөнгө, өрхийн зарлагад цалин нь хүрэлцэхгүй байж болно. Тэгэхээр айл болгон өөрсдийнхөө онцлогт тохируулан сард хуримтлуулах чадвараа тооцоолох хэрэгтэй. Ингэхдээ өөрийнхөө үндсэн хэрэгцээгээ хангаж амьжиргааныхаа чадамжаа алдаж болохгүй. Алдчихвал хүн өөртөө сэтгэл хангалуун байхаа больчихно. Өрх болгон тохирсон хэмжээндээ хүсэл болон хэрэгцээгээ ялгах хэрэгтэй. Өнөөдөр заавал авах шаардлагагүй зүйлээ үлдээ. Зарим зүйлийг бусдаас зээлж хэрэглэж болно шүү дээ. Үүнийгээ ялгаж харах, өөрийнхөө өрхийн хуримтлал үүсгэх чадварыг гаргаад, тэр хэмжээндээ тултал хуримтлалаа үүсгэж, тогтмол хуримтлуулах нь чухал.

-Хуримтлал үүсгэх тал дээр монголчуудын өөрсдийн нэг онцлог байгаад байх шиг…?

-Гол нь хүмүүс тогтмол хуримтлал үүсгэдэг байх хэрэгтэй. Хугацаатай хадгаламжаа хугацаанаас нь өмнө авах биш, тухайн хугацааг нь дуустал байлга. Мэдээж бид нүүдэлчин байсан гэдэг утгаараа гэнэтийн шийдвэр гаргадаг. Мөн тухайн өдрийнхөө байдлаар ямар ч төлөвлөгөөгүй явчих гээд байдаг зан бий. Үүнийг бид хуримтлал үүсгэх чадваргүй гэж үзэх нь өрөөсгөл. Тэгэхээр санхүүгийн боловсролыг л дээшлүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Хүмүүс ойлгох хэмжээнд хүртэл шат дараалалтай арга хэмжээ авч, ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөх юм бол асуудалгүй бид хуримтлуулж чадна.

-Манай арилжааны банкуудын хадгаламжийн хүүг бусад орнуудынхтай харьцуулахад ямар хэмжээнд байна вэ. Хуримтлал үүсгэхэд хүү чухал уу?

-Герман улсын бодлогын хүү тэг хувь. Хадгаламжийн жилийн хүү нь 0.4 хувьтай. Ийм байхад иргэдийнх нь хоёр хүн тутмын нэг нь хадгаламжтай. Хүүн дээр гэхээсээ илүү өөрөө тэр орлогоо яг тогтмол цуглуулж, өөрийнхөө мөнгийг өөртөө төлөвлөх нь чухал байна. Түүнээс биш хүүндээ баригддаг асуудал энэ биш. Манай хадгаламжийн хүү өндөр. Иргэдийн зүгээс гомдол мэдүүлэхээргүй хэмжээнд байгаа гэж болно.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *