Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх зориулалттай зээл авсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлжээ.

Тэрбээр төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж, 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулжээ. Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан бичиг илгээсэн билээ. Тухайлбал, дээрх асуудлын хүрээнд 2019 онд манай улсын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа циклтэй холбогдуулан энэ жил л гэхэд 500 сая ам.долларыг төсвөөс хэмнэж, үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж буйгаа танилцуулсан. Мөн нэгэнт уул, уурхайн салбар нь эдийн засгийн бодит өсөлтөд нөлөөлөхгүй байгаа тул төсвөөс хэмнэж болох мөнгийг хөдөө, аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрт зээл хэлбэрээр гаргах нь эдийн засгаа дэмжих бодит алхам болно гэж үзэж буй талаараа бүлгийн гишүүдэд танилцуулсан байна.

Учир нь, 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байсан бол өдгөө малын тоо, толгой 80 сая гарсан ч аж үйлдвэрийн комбинат байхгүй байгаа нь хөдөө, аж ахуйн салбар уналтад ороход хүргэсэн тул мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэр барьж, байгуулах шаардлагатай талаар танилцуулсан байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандаж, Хөгжлийн банк руу хүүгүй мөнгө гаргаж, түүгээрээ дамжуулан зээл олгох боломжтой талаар танилцуулж, УИХ-ын дарга М.Энхболд төсвөөс 10 хувийн хэмнэлт гаргахыг уриалсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 15 хувийн хэмнэлт гаргахыг уриалснаа дахин сануулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *