Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Цэрэнбат: Үзэгчид бугуйлдаж, шүүрч, уургалах тэмцээнд оролцох боломжтой

“Талын түмэн адуу” наадам болно. Тус наадам 11 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд болох аж. Энэ жил тав дахь удаагаа зохиогдож буй “Талын түмэн адуу” наадам нь малчин түмний биет бус өв, ахуй соёлыг хадгалан хамгаалж, суртачлан таниулах зорилготой.

Наадмын талаар зохион байгуулагч Мөнх харилцаа төрийн бус байгууллагын тэргүүн Э.Цэрэнбатаас тодрууллаа.

-Урдны жилүүдийнхээс энэ удаагийн наадам юугаараа онцлог вэ?

-Монголчууд морь унах нь багассан түүнийг дагасан олон соёлууд гээгдэж алга болж байна. Иймээс монгол соёлын биет бус өв болох адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, суртачлан таниулах хэрэгтэй гэж үзэн манай байгууллага анх санаачлан зохион байгуулж ирсэн. Энэ жил Нийслэлийн аялал жуучлалын газар биднийг дэмжин хамтран зохион байгуулж байгаа. Мөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Батноров сумын захиргаа дэмжиж хамтран оролцож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын оролцоог нэгтгэсэн үйл ажиллагаа болж өгч байгаагаараа онцлог байх.

-Мэдээж адууны өв соёлыг харуулсан олон үйл ажиллагаа болох байх. Ямар арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан бол?

-Монголчууд морио унаад, уургаа бариад, нохойгоо дагуулаад адуу маландаа явах өв соёл багасаж, бараг устах нь гэхэд хилсдэхгүй болж. Нохойгоо дагуулаад малаа хариулахдаа тарвага агнадаг. Нохой нь тарвага бариад ирдэг. Уургаа унагавал морьноосоо буухгүй шүүрээд авдаг тэр чадвар малчин хүн бүрт л байсан. Одоо бол мотоциклоор өглөөдөө гаргаж явуулчихаад оройдоо туугаад ирдэг болжээ. Энэ соёлыг мартуулмааргүй байна. Авч үлдмээр байна.

-Яагаад адууны соёлыг харуулсан наадам зохиохыг зорьсон бэ?

-Монгол адуу гэдэг дэлхийн талыг эзлэхэд түүхэн хувь нэмэр оруулсан гайхалтай амьтан. Тэр ч утгаараа манай ард түмэн адууны өв их соёлтой. Тэр өв соёлыг гадаад дотоодын үзэгч, жуулчдад харуулах, үзүүлэн таниулах зайлшгүй шаардлагатай цаг иржээ. Бид адуу алаад ачаад экспортолдог мах гэдэг үүднээс биш суртачлан таниулах өв соёл гэдгийг таниулахыг зорьж байна.

-Морины эд хэрэглэл, онцгой хэлбэр хийцтэй эмээл хазаарыг шалгаруулах уу?

-Хэнтий аймгийн Батноров сумын морины эд хэрэглэлийн хийц нь монголд алдартай. Гэтэл тэр хийцийг хийдэг дархчууд нь алга болчихсон. Цөөхөн 2-3хан дархчууд нь хотод, өөр аймгуудаар ажиллаж амьдарч байна. Дархчуудын нэгдсэн холбоо манай үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана. Монголын алдартай хийцээ алдаршуулъя, морины эд хэрэглэлд дуртай сонирхдог, эдэлдэг хүмүүст нь утга учрыг тайлбарлан таниулна. Хэдийгээр орчин үеийн дархчууд сонин содон хийцтэй хазаар эмээл хийгээд байгаа ч өөрсдөө утга учрыг нь тайлбарлаж чаддаггүй.

-Дан морьтой холбоотой үйл ажиллагаанаас гадна өөр сэдвийн зүйлүүд болох уу?

-Хэнтий аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана. Монгол өв соёлыг харуулсан эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйл худалдана. Мөн Хэнтий аймгийн музейг үзэж сонирхож болно. Дээр үеийн сайн эрс хээр майхан бариад үстэй дээлээ шидээд өвлийн эд хүйтнээр отор хийж явдаг байсан. Хэрэв та өөртөө итгэлтэй чадна гэж бодож байвал манай адууны бэлчээр дээр майхан бариад хонох нь нээлттэй шүү.

-Жуулчид хэр их зорин ирж үздэг вэ?

-Жилээс жилд зорьж ирэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Мөн үзэгчид зүгээр үзээд алга ташаад суух бус оролцох боломжтой. Заавал малчин хүн энэ бүх хөтөлбөрт хамрагдах ёстой гэвэл андуурал. Та өөртөө итгээд бугуйлдах, шүүрэх, булгиулах гээд бүх тэмцээнд оролцох боломж бий. Хэрвээ бугуйлдаж, шүүрч чадахгүй гэвэл адууны тухай дуу дуулаачдын тэмцээн, богино зайн морины уралдаан ч болно. Бүжиглэх дуртай бол сумын соёлын төвд хоёр орой чөлөөтэй бүжиглэсэн ч чөлөөтэй. Магадгүй Батноров суманд төрж, сурч боловсорсон бол сумын сургуулийн дотуур байранд хонож болно. Бага насаа дурсаж сумын сургуулийн дотуур байр ямар болж, сургуулийн орчин байна гээд сонирхох зүйл их.

-Үзэгчид хоёр өдрийн бүх хөтөлбөрийг үзэж сонирхвол ая тухыг яаж хангах вэ?

-Бид бүгдийн ая тухыг хангахыг зорьсон. Хотоос 450 км цаана гэр кемп барьсан байгаа. Бүх үйлчилгээг бүрдүүлсэн. Ая тухын тал дээр санаа зовох асуудалгүй. Хэрэв хямд үйлчилгээг эрэлхийлж байвал сумын төвийн буудлууд, сургуулийн дотуур байр гээд олон сонголт бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *