Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын комисс Монголд хуралдана

-МАНАЙ УЛСААС БНХАУ, БНСУ, ЯПОН ЗЭРЭГ ОРНУУД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВАХ БОЛОМЖ НЭЭГДЖЭЭ-

Энэ сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагааны 2018 форум” манай улсад зохиогдох гэж байна. Уг форумыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Форумд Зүүн Хойд Азийн орнууд буюу Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ-ын Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох аж. Зүүн Хойд Азийн орнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ганц улс нь Монгол гэж тус улсууд үздэг байна. Учир нь манай орон нь нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглаж чадвал тус бүс нутгийн орнуудыг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж нээгдэнэ хэмээн тус салбарынхан үзэж байгаа юм байна.

Зүүн Хойд Азийн бүс нутаг нь одоогоор эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй цорын ганц бүс нутаг болоод байгаа аж. Манай улс энэ байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж чадвал ирээдүйд эрчим хүчний хил дамнасан худалдааг бий болгож чадах юм. Энэ бүс нутагт ДНБ-ний 25 хувь, нийт хүн амын 22 хувь, эрчим хүчний хэрэглээний 25 хувь нь төвлөрч байгаа нь манай орны хувьд өргөн уудам нутгийнхаа нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний экспортлогч орон болох алтан боломж гэж салбарынхан үзэж байгаа юм.

Монгол улсын оролцоог хангах боломж, давуу талууд гэвэл,

Эрчим хүчний баялаг нөөц

Харьцангуй бага хэрэглээ

Өргөн уудам газар нутаг нь том чадлын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам барихад таатай

Газарзүйн байршил.

Эрчим хүчний нөөц ихтэй ОХУ болон БНХАУ-ын баруун хойд, хойд мужтай харьцуулахад хэрэгцээт зах зээлдээ харьцангуй ойр, эдийн засгийн үр ашиг өндөр. Иймээс энэ долоо хоногийн лхагва, пүрэв гаригт болох НҮБ-ын комиссын хуралдаан нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт дэвшил авчрах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *