Categories
мэдээ цаг-үе

Ч.Мангалжалав: Инженерийн сэтгэхүй улс орныг хөгжилд хөтөлдөг

Эрчим хүчний сургуулийн захирал доктор, профессор Чимэдийн Мангалжавтай ярилцлаа.


-Багш гэх эрхэм мэргэжлийг та хэрхэн эзэмшиж байв. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Одоогоос 38 жилийн өмнө Монгол Улсын их сургуулийн Эрчим Хүчний Факультетийн Дулааны Инженерийн ангийг дүүргэж байлаа. Тухайн үед сурлагаар тэргүүлдэг онц төгссөн оюутнуудыг сургуульдаа багшаар авч үлддэг байсан л даа. Багш болох нь нэр төрийн хэрэг байлаа шүү дээ. Шилдэг залуучууд л дээд сургуульд үлддэг байсан даа. Улс төрийн нэрт зүтгэлтэн Д.Лүндээжанцан надтай хамт онц дүнтэй төгсөж байлаа. Нөгөөх маань хуулийн анги төгссөн болохоор саарал ордонд төрийн түшээ болж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн.

-Оюутны ширээнээс дөнгөж салаад багшлах амархан биш байх. Анхны шавь нарынхаа талаар ярихгүй юу?

-Амар биш л дээ. Надаас ах шавь нар ч олон байсан. Би 3100 орчим оюутанд хичээл зааж байсан даа. Эд маань мэргэжилдээ эзэн болж Эрчим хүч, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарт 18 аймаг, гурван хотод ажиллаж байна. Түлш эрчим хүчний дэд сайд асан Т.Энхтайван, “ТЭЦ-2”-ын дарга Бямбаахүү нар миний ангид суралцаж төгссөн. Энэ хоёр маань хичээнгүй сахилга баттай, аливаад хариуцлагатай ханддаг байсан шүү. Дээрээс нь нийгмийн идэвх өндөртэй. Тийм л учраас улс орныг хөгжүүлэх чухал объектуудын хариуцлагатай удирдлагыг авч ажиллаж байна даа.

-Инженер гэдэг өндөр хариуцлагатай ажил мэргэжил шүү дээ. Ямар арга барилаар шавь нараа бэлтгэдэг вэ?

-Эхний ээлжинд оюутнууддаа бүтээлч сэтгэлгээ суулгах тал дээр анхаарч ажилладаг. Шавь нартаа аливаа зүйлийг бүтээхийн тулд үргэлж эрэл хайгуул хийхийг шаардана. Заавал ном уншуулаад суулгаад байх нь гол биш. Оюутнуудад чөлөөтэй сэтгэх чадварыг суулгах хэрэгтэй. Ийм чадварыг эзэмшиж байж л хүн цаашаагаа хөгжиж дэвжинэ шүү дээ. Энэ миний ажлын арга барил юм даа.

-Эрчим хүчний сургууль хэзээ байгуулагдсан бэ. Энэ салбарт олон боловсон хүчин бэлтгэж гаргасан байх?

-Энэ сургууль 1959 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш 10 мянга гаруй инженер техникийн ажилтнуудыг улс орондоо бэлтгэж өгчээ. Удахгүй 2020 онд 60 жилийн ой болно. Энэ хугацаанд эрчим эрчим хүчний үйлдвэр, газруудын үндсэн боловсон хүчинүүдийг боловсруулжээ. Сүүлийн үед энэ мэргэжлийн боловсон хүчинүүдийг илүү чанаржуулж байна. 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж БНХАУ-ын эрчим хүчний сургуультай хамтарч дулаан цахилгааны мэргэжилтэн бэлтгэж хос мэргэжилтэй залуучуудыг ажлын байранд гаргаж байгаа. Хойшоо Москвагийн Эрчим хүчний сургуультай хамтарч 1+1 гэсэн магистрын хөтөлбөрийг бэлтгэж байна. Үндэсний боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр үргэлж анхаарч ажиллаж байгаа. Энэ сургуулийн нийт багш нартаа удахгүй тохиох 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Инженер хүн ямар байх ёстой вэ?

-Мэдээж дээд зэргийн бүтээлч сэтгэлгээтэй байх шаардлагатай. Үргэлж эрэл хайгуул хийж улс оронд дутагдаж байгаа зүйлсийг нөхөж харж байх хэрэгтэй.

-Улс орныг инженерүүд хөгжилд хөтөлдөг шүү дээ?

-Дэлхий нийтийн түүхэн хөгжлийг ажиглахад улс орны бүтээн байгуулалтыг инженерүүд хийж гүйцэтгэсэн байдаг. Тэд л улс орны хөгжлийг тодорхойлж байсан. Онгоц, усан онгоц, зам тээвэр гээд бүхий л салбарын шинэчлэл инженерийн сэтгэхүйгээр бүтсэн. Үүнээс үзэхэд инженерийн сэтгэхүй улс орныг хөгжилд хөтөлдөг нь харагдаж байна. Энэ бол түүхэн шалгуур л даа. Өнөөдөр ч инженерийн бүтээн байгуулалтаар улс орны хөгжил эрэмбэлэгдэж байна.

-Инженерийн мэргэжлийг эзэмшихээр төлөвлөөд суралцаж буй олон сурагчид байгаа. Тэдэнд юу зөвлөх вэ?

-Инженер болохоор төлөвлөж байгаа бол суурь мэдлэг сайн байх ёстой. Үзэгдлийн мөн чанар, хими, физикийн суурь шинжлэх ухаан гэсэн үг л дээ. Шилдэг инженер бэлтгэхэд дунд сургуулийн багш нар чухал үүрэгтэй. Суурь ухаантай, практикт хэрэглэх чадвартай болсон хүүхэд сайн инженер болно шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж байна. Энэ төрлийн мэргэжилтнүүдийг та бүхэн бэлтгэж байгаа байх?

-Сэргээгдэх эрчим хүч бол дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад өнөөдөр эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ нөөц гэдэг хэлбэрээр их яригдаж байгаа. Ийм ч учраас манай хамт олон энэ төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ажлын байранд гаргаж байгаа. Монгол Улс гурван баялагтай байдаг. Газрын хөрсөн доор эрдэнэс, газар дээр малаар баялаг. Дээрээ цэлмэг тэнгэр, нар, салхины баялаг нөөцтөй. Нар, салхины эрчим хүчийг бид зөв ашиглаж чадвал гадагшаа экспортод явуулж ажиллах боломжтой. Европ болон Зүүн Азийн бүсийн эрчим хүчний сүлжээнд түгээж болно. Мэдээж эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасны дараа яригдах асуудал шүү дээ. Цэвэр эрчим хүчээ экспортод гаргаж эдийн засгаа тогтворжуулах хялбар зам байгаа. Үүнийг санал болгож буй олон орон байгаа ч төрийн бодлогоос шалтгаалж хязгаарлалт орж ирээд байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчний тухай манайд яригдаад удаагүй байгаа. Энэ төрлийн мэргэжлээр суралцах сонирхолтой оюутнууд хэр олон байх юм?

-Эрчим хүчний шинэ үүсвэр гэдэг утгаараа орчин үеийн залуус энэ чиглэлээр суралцах сонирхолтой болсон. Энэ төрлийн оюутнуудыг дадлага хийх полигоныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын хөвөөнд нээсэн. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг илүү дадлагажуулахаар БНХАУ-ын Эрчим хүчний сургуультай хамтарч ажиллаж байна. БНХАУ-ын дээд боловсролын дипломтой, мөн ШУТИС-ийн дипломтой төгсөнө. Хойд Хятадын Эрчим хүчний сургууль нь дэлхийд алдартай томоохон институтын нэг л дээ.

-Энэ төрлийн мэргэжилтэн төгсөөд гарахад ажлын байр дутагдалтай байдаг?

-Өнөөдөр манайд дутмаг байгаа боловч дэлхий ертөнц инженерийн глобальчлалд орж байгаа өнөө үед олон улсад гарч ажиллах боломж бүрэн бий. Жишээ нь, Япон нарны цахилгаан станцуудыг олноор байгуулж байгаа. Японы талаас бидэнд “1000 инженерийг бэлтгээд өг. Бакалаврын дипломтой л байхад болно. Бид туршлагажуулаад авна” гэж байгаа юм. Энэ мэтчилэн ажлын байр олон бий.

-Монгол инженерийн оюун ухааныг олон улс өндрөөр үнэлж байна гэсэн үг үү?

-Монгол оюун ухааныг үнэлдэг шүү. Ямар ч нөхцөлд амархан дасан зохицож, юуг ч хурдан эзэмшиж чаддаг нь монгол хүний чадвар юм даа. Үүнийг нь олон улсад өндрөөр үнэлж, монгол инженерийг ажилд авах сонирхолтой байдаг.

-Чадварлаг инженерүүдээ гадагш нь алдаад байх шиг?

-Ажлын байр хомс байгаа учраас мэргэжилтнүүдээ олон улсад ажиллуулаад, сүүлийн үеийн шинэ техниктэй ажиллаж сурч байх нь бидэнд хэрэгтэй. Эргээд биднийг хөгжүүлэхэд мундаг мэргэжилтнүүд бэлтгэгдэж байна гэсэн үг шүү дээ.

-Монголын сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг та хэрхэн харж байна?

-Нар, салхины эрчим хүч хөгжих боломжтой. Монгол шиг хүн ам цөөн, уужим газар нутагтай оронд сэргээгдэх эрчим хүч хамгийн их хэрэгтэй. Тархай бутархай бэлчээрийн аж ахуйтай нутаг оронд эрчим хүч нь дагаж явах хэрэгтэй. Тэр нь сэргээгдэх эрчим хүч л дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *