Categories
мэдээ цаг-үе

YOUTUBE дэх хоёр зохиолоос үүдээд…

ГҮН Г.АЮУРЗАНА

Урлагт ганц л аугаа чанар байдаг. Тэр бол сэтгэл татах увдис юм. Сүүлийн үед өөрийн огт танихгүй нэгэн хөгжмийн зохиолчийн хоёр бүтээлийг санаандгүй сонслоо л доо. Тэгээд сэтгэл татагдсан учраас доорх бяцхан өгүүллийг бичихэд хүрэв. Хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэлийн “1911” симфони, “Лүйжин” хэмээх хоёр зохиол. Ямар сайхан амар амгалан, ямар гайхалтай хүчирхэг мэдрэмж вэ! Аль аль нь youtube-д байна билээ. Холбоос нь энэ:

Жинхэнэ урлагт сэтгэл татагддаг байхын тулд бэлтгэгдэх, тодорхой хэмжээгээр урлагийн боловсрол олох хэрэгтэй. Тэгэхгүй бол урлаг биш зүйлийг урлаг хэмээн андуурч шүтээд, тэс өөр зүгт хадуураад одож мэднэ. Урлагийн боловсрол гэдгийг бид барууны үнэт зүйлс дээр суурилсан боловсрол хэмээн ойлгож болохгүй. Тэгээд ч дан гагц барууны урлагийг дагасан урлагтай болчихвол биднийг монгол хүн байлгаж буй тэр л оюун санааны үнэт зүйлс маань тун амархан гээгдэхэд хүрнэ. Урлаг өөрөө ямар ч улс төр, ямар ч эдийн засгийн ололт, ямар ч шинжлэх ухааны нээлтээс илүү үндэсний онцлогтой байдаг. Гадаадын ямар ч аугаа хөгжмийн мэргэжилтэн бай уртын дууг анх сонсоод л гүнд нь орж мэдэрч чадахгүй. Тэр хүн уртын дуу сонсож өсөөгүй, уртын дууг сонсох боловсрол олоогүй учраас тэр. Бид зураг танихын тулд нүд тайлсан, хөгжим ойлгохын тулд чих нээгдсэн, уран зохиол таашаахын тулд номоос утгыг нээн уншиж дадсан байх ёстой. Түүнтэйгээ яг зэрэгцээд үндэсний онцлог маань юу вэ гэдгийг мэдэрч, түүнийг хэзээ ч орхигдуулахгүй явж чаддаг байх ёстой. Тэгсэн цагт л урлагийн болосролын талаар жинхэнэ цогц утгаар нь ярилцаж болно.

Монгол хүнийг монгол байлгаж чадах хөшүүрэг нь чухамхүү урлагт л бий. Яагаад бид түүхээрээ бахархдаг юм бэ? Маш сайн, үгийн урлагийн дээд түвшинд бичигдсэн түүхэн зохиолууд өвлөгдөн ирсэн учраас л бид түүхээрээ бахархдаг. Үндэсний урлаг маань ч маш баялаг өв сантай учраас л бид монгол хүнээрээ үлдэх баталгаатай явж ирсэн. Тиймээс өнөөдөр дэлхийн сонгодог урлагийг үндэснийхээ өвтэй сөргөлдүүлж ярих нь бүдүүлэг хэрэг болно. Хүн төрөлхтний ололт бол нийт хүн төрөлхтнийх. Түүн дотор манай үндэсний урлаг ч багтана. Уртын дуутай ард түмнээс ямар ч хэмжээний дуучин төрөх бололцоотой. Амартүвшин, Ариунбаатар гээд түрүүчээсээ харагдаж эхэлж байна. Тиймээс мөдхөн дэлхийн хэмжээнд монгол зураач, монгол хөгжмийн зохиолч, монгол зохиолч үнэлэгдэх нь ердөө л цаг хугацааны явдал болой.

Тэр л цаг хугацааг ойртуулахад, зөвхөн уран бүтээлчид дээр дэнчин тавих нь хангалтгүй. Уран бүтээлчийг бэлтгэж мэргэшүүлэх нь тийм ч хэцүү ажил бус. Ихэнх тохиолдолд уран бүтээлчид бие даасан оюун санааны эрэлчид байдаг учраас, тэд өөрсдийн олж авсан итгэл үнэшлээрээ суралцаад дэлхийн урлагийн сонгодог болон өнөөгийн түвшинд амархаан хүрчих бүрэн боломжтой. Манайд Шарав, Жанцанноровоос эхлээд Соронзонболд, Алтангэрэл гэхчлэн нэрлэгдэх хөгжмийн зохиолчид, Гаваагаас эхлээд До.Болд, Ч.Болдбаатар гэхчлэн яригдах шилдэг зураачид цөөнгүй байна. Хэнээс нь ч өнөөдрийн дэлхий сонсогдож, өнөөдрийн дэлхий харагдана. Гэтэл манай урлаг нийтлэг цараараа яагаад дэлхийн энтэй урлагт өнөө хэр тооцогдож чадахгүй л явна вэ? Энэ асуултын хариуг бид уран бүтээлчдээс биш, харин үзэгчдээс, сонсогчдоос, уншигчдаас хайх ёстой юм. Бид сайн уншигч бэлтгэж чадахгүй бол сайн уран зохиолтой болохгүй, сайн үзэгч бэлтгэж чадахгүй бол сайн театртай болохгүй, дээд түвшний таашаалтай сонсогчгүйгээр сонгодог урлагаа дээш гаргаж мөн хүчрэхгүй. Ард түмнийхээ өмнө төр ерөнхий боловсролыг хариуцах үүргийг бүрэн хүлээсэн. Энэ бол дэлхийн ямар ч их сургуульд тэнцэх хэмжээний ерөнхий боловсролыг монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгоно гэж хуульчлаад, тэр боловсролынхоо чанарын баталгааг ард олныхоо өмнө батлан даасан гэсэн үг. Харин тэр л ерөнхий боловсрол маань жинхэнэ боловсрол байж чадаж байгаа юу? Математик, физик, хими, биолог, газарзүй гэх мэтийн нэн тодорхой шинжлэх ухааны үндэс болсон хичээлүүд боломжийн заагддаг байх аа. Харин хүнийг хүн болгогч урлаг, уран зохиолын суурь ойлголт өгөх хичээлүүд бол гаргуундаа хаягдсан шүү дээ. Мэргэжлийн хөгжмийн сургуульд суралцаагүй л бол ямар ч хүүхэд бүтэн симфони байтугай, сонгодог хөгжмийн бяцхан аяз ч сонсож үзэлгүйгээр ерөнхий боловсролын гэрчилгээгээ гарддаг. Төр бидний хүүхдүүдийн боловсролд нэг иймэрхүү л хандаж ирсэн. Засрах төлөв одоохондоо харагдахгүй л байна. Уран зургийн ч юм уу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг, шүлэг зохиолд сонирхолтой сурагчдаа тусгай урланд хамруулдаг сургууль байдаг болов уу? Байгаа бол их л цөөхөн дөг. Дүрслэх урлаг, хөгжим, уран зохиолын үндэс болох хичээлүүд гадаад хэл, математикаас доогуур тавигддаг хэвээрээ л энэ мэтчилэн үргэлжилсээр байвал, бид ирээдүйн монгол хүний оюун санааны баялаг ертөнцийн тухайд найдаж ярих ямар ч боломжгүй үлдэнэ.

Дотоод ертөнц нь баялаг бус хүмүүс бусдад атаархаж, хүний сайныг олж харахгүй, өөр хоорондоо хов жив хөөцөлдөн мөчөөрхөлцөж амьдардаг. Үгүйдээ л хүнд хүн ёсоор хандах сэтгэлээ гээдэг. Үүнээс улбаалан нийгмийн харилцаа доройтож ялзардаг. Улс орны хөгжил завхарч гажууддаг. Гэтэл урлагийн боловсрол л энэ бүхнийг сөрөн зогсож чадна. Наад захын жишээ хэлэхэд, урлагт суурилсан сургалт төлөвшүүлсэн улс орнуудад гэмт хэргийн эрс бууралт ажиглагдаж байна.

Өнөөдөр хүмүүс болохгүй бүтэхгүй байгаа бүхий л гажуудлыг мөнгөгүй хэмээн тайлбарладаг болж. Бидний аж төрж яваа цаг үе бол мөнгө зарахгүйгээр асар олон зүйл бүтээж болох боломж нээгдсэн цаг үе шүү дээ. Жишээ нь, би дээрх хоёр хөгжмийн бүтээлийг олж сонсохдоо нэг ч төгрөг зарлагадсангүй. Цахим ертөнцөд хүнийг боловсорч сэхээрэхэд дэмтэй мэдээлэл хязгааргүй их бий. Олж харах л хэрэгтэй. Хүүхдүүдээ ч бид аль л чухлыг, аль л шилдгийг олж хардаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөө шилдэгт суралцаад, бусдыг шилдэгт уриалбал тэнд сая боловсролын тухай яриа эхэлнэ. Монгол үндэстний сэргэн мандлын тухай хичээл дээр түүхийн багш нь энэ өгүүллийн эхэнд дурдсан “1911” симфонийг сонсгоод, сурагчдынхаа түүхийн мэдлэгийг үндэсний бахархалтай нь хамт суулгачихдаг сан болж гэм, бид зүгээр нэг сурах бичиг уншуулснаас хавьгүй дээгүүр үр дүнтэй сургалт явуулчихаж буй нь тэр билээ. Бидэнд бахархах зүйл маань өнөөхөндөө түүх л байна. Гэхдээ аугаа түүхтэй ард түмэн аугаа ирээдүйтэй байх боломж бол бидний соёл, бидний урлаг юм гэдгийг хойч үе маань ухаарч өсвөл Монголын ирээдүй жинхэнээсээ дархлагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *