Улаанбаатар хотод 11, орон нутгийн хэмжээнд 25 нийт 36 музей улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр музейн цаашдын хөгжил, эрх зүйн байдлын талаар СУИС, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуультай хамтран “Тогтвортой хөгжил- Өв ба музей” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
БСШУСЯ-ны соёлын биет өвийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн “Улсын өмчийн 36 музейд нийт 83 барилга байгууламж ашиглагддаг. Эдгээр барилгууд насжилт өндөртэй, стандарт шаардлага хангадаггүй. Үүнээс ердөө 5 барилга нь л музейд зориулагдсан. Яамнаас барилгыг эрэмбэлж, дарааллын дагуу 4 музейг шинэчлэхээр төлөвлөсөн. Мөн боломжтой гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгож, музейн барилгыг шинэчлэн, өргөтгөх төслүүд явж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад музейн хууль байгаагүй. Одоо музейн хуулийн хэрэгцээ өндөр байна. Шинээр бий болох музейн хууль үйл ажиллагааг эрх зүйн орчинд таатай зохион байгуулах боломж бүрдүүлнэ” гэв. Тус хурлаар Монгол Улс болон ОХУ-ын музейн хөгжлийн чиг хандлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, мэргэжилтэн бэлтгэж буй тогтолцоо, үр дүн хөгжлийн талаар хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, цаашдын хамтын ажиллагаа болон хамтарсан төслүүдийн үр дүнгийн талаар харилцан санал солилцсон юм.