БНХАУ-ын хязгаар нутагт орших Шаньдун муж. Дорно дахины гүн ухааны их сэтгэгчдийн нэг Күнзийн төрсөн нутаг нь. Өнө эртний соёл болоод өнөө цагийн техник технологийн хослол болсон нутаг. Цаг агаар, уур амьсгалын таатай бүсэд орших энэ мужид сүүлийн жилүүдэд томоохон хотуудаас нь шилжин ирэгсэд олширч, хөдөлгөөн ихтэй болжээ. Тэр тундаа Вэйхэй гэх хотын Вэньдэн дүүрэг ирээдүйд хятадын томоохон төвлөрөл болох бололтой. Энэ газарт хятад даяараа алдартай хэд хэдэн зүйл бий. Түүний нэг нь хүн орхоодой. Хүн орхоодой гэгчийг бид ер нь азийнх гэж боддог байж. Гэтэл хүн орхоодой явж явж өмнөд америкаас азид авчирч нутагшуулсан болж таарсан юм. Америк хүн орхоодой гэгчийг Вэньдэн дүүргийн хөдөө аж ахуйн салбарынхан ёстой л нэг тариалах юм. Орхоодойгоороо ч ахиухан мөнгө олж байна. Бас юмыг яаж мэдэхэв гээд монголд тариалж болох эсэхийг нь сонирхож үзлээ. Уг нь болохгүй гэх газаргүй. Гэхдээ нэг тариад ургуулаад хураагаад авчихлаа гэхэд хөрсөө ядаж л таван жил амраахаас эхлээд нэлээн хугацаа зарах бололтой юм. Тэд хүн орхоодойгоор хийж болох бүхнийг хийж байна. Боловсруулах үйл явц нь бол энгийн. Тарьсан орхоодойгоо гар аргаар хурааж аваад үйлдвэрлүүгээ илгээж тэнд нь эхний боловсруулалт болох угаах процесс явагдана. Угаасан орхоодойгоо хатаасны дараа том жижгээр нь ялгаад элдэв жижиг хог хаягдлаас нь салгаж хэдэн хэдэн дамжлагаар боловсруулдаг аж. Түүхий орхоодойн амт л лав айхтар гашуун нясуун юмгүй. Боловсруулсаныг нь идэхэд асуудалгүй л юм билээ. Хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисоор баялаг. Дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэндэд дэмтэй ургамал гэж тайлбарлаж байв. Манай газар тариалан эрхлэгчид ядаж л эхний ээлжинд хүлэмжинд ургуулаад бага сагыг урагш нь гаргаж туршаад үзэхэд гэмгүй байх. Яахав хугацааны хувьд тиймхэн байж болох талтай. Хүн орхоодойн тариалалтын талбайтай зэрэгцээд алимны тариалан бас бий. Шууд очоод модноос нь тасдаж аваад идэж ч болно. Одоо яг алим хураалтын цаг нь бололтой хайрцаг хайрцгаар хураасан алим хаа сайгүй. Ямар нэгэн түрхэц энэ тэргүй алимыг модноос нь шууд аваад идэхэд амт шимт хамаагүй өөр. За тэгээд киви мэтийн жимсийг энэ бүсэд түлхүү тариалдаг аж.
Вэйхэй хотод багаж хэрэгслийн томоохон үйлдвэр бас байна аа. “Вэньдэн максповер Түүл” гэх эл үйлдвэр 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 илүүтэй улс оронд нийлүүлдэг гэх. Цахилгаан дрилл, төрөл бүрийн түлхүүр, торцов, эрэг шурга гээд үйлдвэрлэхгүй юм алга. Чанар нь сайн, үнэ нь ч боломжийн. Бас дэлхийд яг энэ чиглэлээрээ томд нь тооцогдох үйлдвэр гэж байлаа. Үйлдвэрийг нь гаднаас нь харахад тийм айхтар нүсэр том юм алга. Дотор нь ороход ч тэр том үйлдвэрийн чих дөжрөм дуу чимээ ч гэх юмгүй. Бүрэн автомат хэдий ч хяналтын ажилчид гарч байгаа бүтээгдэхүүндээ шалгалт хийхийн хажуугаар үйлдвэрлэлийн явцаа хяначихна. Бас машин техникийн эд анги, сэлбэг хэрэгслүүдийг эдгээр үйлдвэрүүдэд үйлдвэрлэнэ. Санаагаар болдог бол Монголд ч гэсэн авсаархаан нэг иймэрхүү үйлдвэртэй болчихмоор санагдсанаа нуух юун. Манайхан болсон болоогүй муу багаж олон дахин худалдан авч байхаар энэ мэтийн чанартай багажийг нь авч хэрэглэж баймаар байгаа юм.
Вэйхэй хотын Вэньдэн дүүрэг алсдаа аялал жуулчлалын томоохон бүс болох төлөвлөгөөтэй. Тэр хэрээрээ ч жуулчдыг татахын тулд элдэв үйлчилгээ үзүүлэх төвүүдийг нээхээр өндөр өндөр сүрлэг байгууламжууд, орчин үеийн хэв маягийг агуулсан барилгуудыг барьж босгож байна. Дүүргээсээ баруун хойш байх ууланд гэхэд л Күнзийн багш Лао Цы-гийн асар том хөшөөг сүндэрлүүлжээ. Уг хөшөөг түшиглэн тэнд аялал жуулчлалын бүс бий болгох аж. Ойрын ирээдүйд бий болох уг цогцолбороос ихээхэн орлого олохоо ч аль хэдийн тооцоолж. Энэ дүүргийн өөр нэгэн онцлууштай зүйл нь мантуу. Мантуу гэхээр л хөөсөн гурилын жигнэж болгосон хүнс гэж бид боддог. Гэтэл тэнд үгүй байна аа. Бүүр урлагийн бүтээлийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлж байна. Мужийнхаа биет бус соёлын өвд хүртэл бүртгээд авчихсан байх жишээтэй. Мантууг тус нутгийнхан хуримын ёслол, төрсөн өдөр гэх мэтэд зориулан төрөл бүрийн өнгө загвар, хийцтэйгээр үйлдвэрлэнэ. Машинаар зуурмагийг нь зуурч, машинаар хийсэн мантуу нэг хэсэг байсан боловч одоо буцаад бүх зүйлээ гараар хийх болж. Гараар хийсэн мантуу хамаагүй сайн болдог гэх. Хөөмөл гурилаар янз бүрийн амьтны дүрснээс эхлээд ер нь л хийхгүй юм алга аа. Хүндтэй зочиддоо өгдөг мантуун “бялуу” нь бас ч гэж нэлээн үнэ хүрдэг гэнэ. Үйлдвэрээр нь зочилсон зочдод хүндэтгэлийн билэгдэл болгож мантуун хэлхээ хүзүүнд нь зүүж өгөх юм. Ихээхэн эрэлттэй мантууны бизнес тэнд цэцэглэж байна аа. Хөөмөл гурилаар хийсэн мантуу тун боломжийн амжилттай байхад бид ч гэсэн ааруулаа сайн боловсруулаад төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой. Сайхан амттай ааруулан бялууг төрөл бүрийн хийц загвартай, аятайхан баглаа боодолтой үйлдвэрлэхэд амжилт олохоор харагдсан шүү.
Вэньдэн дүүрэг халуун рашаанаараа нэлээд алдартай. Газрын гүнээс гардаг рашааны арвин нөөцтэй. Энэ давуу талаа ашиглаад халуун рашааны хэд хэдэн цогцолборыг барьжээ. Эдгээрт зөвхөн дотоодын жуулчид гэлтгүй гаднаас ч жуулчид ихээр ирэх болж. 87 градусын халуун рашаан ундран гарах бөгөөд янз бүрийн хэмжээтэй бассейнуудад хүний бие тохирох градустай болгон үйлчилдэг. Яг газрын гүнээс гарч байгаа рашаандаа өндөг хүртэл чанаад зарах юм. Ер нь л мөнгө олох ямар арга зам байна сайн ашиглаж байна. Байгалын халуун рашаанд чанасан өндөг монгол мөнгөөр 2000 орчим төгрөг. Тэрнээс нь ч хүмүүс нэлээд авч идэх юм. Тэртээ тэргүй газраас халуунаар гарч байгаа рашааныг халаах цахилгааны зардал ч байхгүй. Зөвхөн хүний гараар хийсэн бассейнд гэлтгүй агуйд хүртэл байгалын тогтоцыг нь ашиглаад рашаанд оруулж байгаа харагдсан. Хиймэл бассейнд орсноос байгалын тогтоц бүхий газар орвол хэнд ч таатай байх нь мэдээж. Өндөр даралтаар шүрших, олон янзын градус бүхий дамжиж орж болох хэсгүүд гэх мэтээр хүнийг татах ямар л арга байна тэр бүгдээр мөнгө олж чадаж байна даа. Монголд ч гэсэн уг нь байгалын халуун рашаангүйн зовлон уг нь байхгүй. Рашаан сувилалын газрууд жаахан хичээгээд боломжийн үйлчлгээ үзүүлээд эхэлбэл дотоодын жуулчдын хөл тасрахгүй л байх.
Дэлхий дээр амьдарч байгаа улс үндэстэн бүхэнд өөр өөрсдийн онцлогийг шингээсэн гар урлал заавал байдаг. Тэгвэл энэ бүс нутгийн бас нэгэн онцлохуйц зүйл нь хатгамал. Жинхэнэ урлагийн бүтээл, төгс урлалыг энд хийж байна. Зарим хатгамалыг хоёроос гурван жил хүртэл хийнэ. Ингэж хийсэн бүтээл асар үнэтэй. Монгол мөнгөөр тооцвол 50 саяас 300 сая хүртэл үнэ хүрнэ. Тэрхүү үнэтэй хатгамалыг ер нь л бийлэгжүү хүрээллийнхэн нь авч гэртээ хадгалдаг гэнэ. Ур хийцийн хувьд бол мэдээж ярих юмгүй ээ. Өнгөний уусал, зохиомж гээд. Нэг хатгамал дээр ядаж л жил сууна гэхээр тухайн урлаачаас ихээхэн тэвчээр, нөр их хөдөлмөр шаардах нь тодорхой. Тэр хэрээрээ гар хийц гэдгээрээ тийм өндөр үнэд хүрдэг байх нь. За ямартай ч Шандун мужийн Вэйхэй дүүрэг нэмүү өртөг шингэсэн, бас мөнгө болгож болох бүхнийг мөнгө болгож байна. Энэ мэт боломжийн санааг манай бизнесменүүд ч соргог хүлээн авч өөрийн хөрсөнд нутагшуулж дөнгөвөл бас ч гэж боломж нэлээн харагдаж байна даа.