Аравдугаар сарын 15-наас 17-ны хооронд Португалийн Лисбон хотноо Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб (World Leadership Alliance-Club de Madrid)-ын чуулган болжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тус клубын албан ёсны гишүүнээр элссэнийг баталсан байна. Чуулганы хүрээнд Мадридын клубээс зохион байгуулсан Хүртээмжтэй Нийгмийн Боловсролын асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт орж үг хэлжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клубын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Элена Агүэро түүнд гишүүнээр элсэх санал тавьж байсан аж. Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб буюу (World Leadership Alliance -Club de Madrid) нь 2001 онд Испанийн Мадрид хотод зохиогдсон Ардчилсан Шилжилтийн асуудлаарх бага хурлын үеэр цугларсан 35 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаачилгаар уг клубийг байгуулжээ.
Одоо тус клубын гишүүнд 70 гаран улсын ардчилсан сонгуулиар сонгогдон ажиллаж байсан 100 гаран Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар багтдаг ажээ. Тус клубын зорилго нь манлайллыг бэхжүүлэх, иргэдийн хөгжил, сайн сайхны төлөө оршдог байна.