Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гадны хөрөнгө оруулалтыг хаасан, боосон зүйл байхгүй

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Та Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Их хуралд өргөн барьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн бариад байгаа. Уг хуулийн зохицуулалтад ямар өөрчлөлт орох вэ. Валютын ханшийн савлагаа их байгаа үед Их хурал хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байна л даа. Байнгын хорооны зүгээс хоёр төслийг хамтад нь хэлэлцэхээр болсон…

-Монгол Улсын эдийн засгийн дархлаа, цаашлаад улс орны үндэсий аюулгүй байдлын баталгаа нь нэг үгээр хэлбэл манай улсын гадаад валютын нөөц гэж ойлгож болно. Валютын нөөцтэй орнууд эдийн засгийн дархлаагаа бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж чаддаг. Таны банкны дансанд хангалттай мөнгө байгаа тохиолдолд таны гэр бүл эдийн засгийн тал дээр баталгаатай байна гэсэн үг. Үүн шиг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зорилго нь Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх юм.

Өнөөдрийн нөхцөлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш шокийн байдалд орчихлоо. Эдийн засагчид эдийн засгийн суурь бүтцээ өөрчлөхгүйгээр бид валютын ханшийг тогтоож барьж чадахгүй гэдгийг бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Бид эдийн засгийн суурь бүтцийг өөрчлөхийн тулд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг авч үзье. Ингэхийн тулд зайлшгүй Валютын зохицуулалтын тухай хуульдаа шинэчилсэн найруулга оруулах болчихоод байгаа юм. Тэгэхгүйгээр энэ хууль өнөөдрийн нөхцөлд үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихлоо.

Валютын зохицуулалтын тухай хууль 1994 онд анх батлагдаж, түүнээс хойш 24 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Нэмэлт, өөрчлөлт нь агуулгын хувьд өнгөц өөрчлөлт хийснээс том зургаараа энэ цаг үед нийцсэн өөрчлөлт болж чадалгүй явж ирсэн. Эдийн засаг тэлэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж, нэг тэрбум ам.доллараас дээш борлуулалт хийх хэмжээний хөрөнгө оруулах хүмүүс их болсон. Экспорт, импорт өсөхийн хэрээр гадаад худалдаа нэмэгдэж байгаа тул гадаад улсад данс нээх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, богино хугацааны зээл авахаас эхлээд янз бүрийн санхүүгийн хэлцлүүд гарч ирсэн. Тиймээс Монгол Улс нэгдүгээрт валютын нөөцөө нэмэгдүүлье. Хоёрдугаарт, гадаад худалдаа, валютын зах зээлд тоглож буй хүмүүс, Монгол руу орж гарч буй валютын урсгалыг мэдчихдэг үндэсний статистикийн хэмжээний валютын мэдээллийн сантай байя гэж байгаа нь хуулийн үндсэн зорилго.

-Хуульд шинэчилсэн найруулга хийлээ гэхэд валютын ханшид хэр нөлөөлөх вэ. Таны өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй хэр яв цав нийцэж байгаа вэ?

-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Их хурал баталлаа гэхэд төгрөгийн ханш чангарч, валютын ханш суларна гэж ойлгож болохгүй. Манай улсын валют арилжааг харж байхад зах зээлд том гурван банк тоглож байна. Эдгээр банк валют арилжаа, гүйлгээний 70 хувийг нь эзэмшиж байгаа. Тиймээс Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зорилго нь валютын томоохон гүйлгээ хийж буй аж ахуйн нэгжүүдийн гүйлгээ, данс тооцоо нь ил байх ёстой гэж байгаа юм.

Түүнээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадын хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлцэл, түншлэл, гадаад валютаар гэрээ хийхэд саад бэрхшээл болно, капиталын урсгалыг хаах нь гэдэг ташаа мэдээлэл гадуур гарч байна. Тийм зүйл огт байхгүй. Валютын урсгалыг хааж, хяналт тавьж, хориглох зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Харин сайжруулах зүйлс зайлшгүй байгаа. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ өсөх, тогтвортой байх юм. Бид нэг улсын гадаад валютын хэт шүтсэнээс болж Монгол Улс ам.долларын ноёрхолд автсан байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Цаашид бид энэ бүхэнд зохицуулалт хийхгүй бол улам хүндэрнэ. Тиймээс шинэчилсэн най-руулгын төслийг оруулж ирсэн.

Монгол Улсад валютын зах зээлд тоглож буй гурван том банкаас гадна гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкинд төл-бөрийн дансаа нээж болно гэж хуулийн төслийн 10.4-д маш тодорхой туссан. Арилжааны банк байх уу, хөрөнгө оруулалтын банк байх уу хамаагүй, Монгол Улсад л үйл ажиллагаа явуулдаг байх ёстой гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуульд нэг нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн, Монгол Улсын стратегийн ордыг ашиглаж буй гадаадын хөрөнгө оруулагч төлбөрийн тооцооны дансаа Монголбанкинд байршуулж болно гэсэн заалт орж ирсэн. Утга адилхан гэсэн үг. Энэ мөнгө Монголын дансаар дамжина гэдэг нь Монголын баялаг алт, зэс, нүүрс гаргаад тэндээсээ хэдий хэмжээний валют ирдэг вэ гэх мэтчилэн мэдээлэлтэй байхгүй бол болохгүй. Одоо бидэнд ямар ч мэдээлэл байдаггүй.

-Монголбанк мэдэх боломжгүй юу?

-Энэ бүх зохицуулалтыг Монголбанк хариуцна гэсэн хэрнээ Монголбанкны тухай хуульд ямар ч зохицуулалт байдаггүй. Хэдий хэмжээний бүтээгдэхүүн гарч, хэр хэмжээний хөрөнгө олж байгаа талаарх мэдээллээ Монголбанк Үндэсний статистикийн газарт албан бичгээр хандаж мэдээлэл авдаг. Энэ нь бодитой юу гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас дээр дурдсан заалт энэ хуулийн нэг чухал заалт болж байгаа юм.

Сүүлийн үед Оюу толгой компани янз бүрийн асуудлуудаас болсон уу, 800 гаруй сая ам.доллар оруулж ирэхэд 80 хувийг нь Монголбанктай хэлцэл хийсний дүнд нийлүүлсэн. Үлдсэн 20 хувийг нь арилжааны дөрвөн арилжааны банкинд үнэ хаялцуулах маягаар явсан. Зэс, алт олборлохоор орж ирсэн уул уурхайн компани валютын бирж шиг арилжаа хийгээд явсан нь хуулиар хориотой. Үндсэн хуулийн 6.1-ийг ч зөрчиж байгаа үйлдэл. Үүнийг Монголбанк мэдээд хянаж байх ёстой.

Гэтэл ямар ч хяналт байхгүй учраас Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ мэт зүйлсийг тодорхой болгож өгөх шаардлагатай байгаа юм. Арилжааны банкуудын зүгээс дөрвөн арилжааны банкинд ам.доллар үнэ хаялцуулж зардаг. Булаацалдан авсан хэдэн ам.доллараа жаахан үнэ нэмээд зарахаар тэр нь хар зах дээр очихоороо дахин үнэ нь нэмэгддэг. Ингээд төгрөгийн ханш улам унаж байна.

Нөгөө талд нь нефть импортлогч компаниуд дотоодод эргэлзэж буй валютын 60-70 хувийг авдаг. Тэд бүтээгдэхүүний ам.доллараар авдаг. Тиймээс ам.долларын эрэлт хэрэгцээ их байдаг. Үүнийг дагаад иргэд ам.доллар л хадгалъя. Ам.долларын ханш өсөх нь гээд дотоодын зах зээлд хиймэл эрэлтийг бий болдог л доо. Тиймээс эдгээрийг сайжруулах арга хэмжээ авахгүй бол болохгүй байна.

-Валют солих цэгүүдийн асуудал хөндөгдсөн үү. Тэнд жинхэнэ замбараагүй байдаг гэх юм?

-Валют солих цэгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо хариуцна гэдэг. Гэсэн ч Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйл байдлын тухай хуулиндаа тодорхой тусгаж өгөөгүйгээс болж валют солих цэгүүдэд дүрэмгүй тоглолтууд их явагдаж байгаа. Тиймээс уг хуульд үүнийг мөн чиглүүлж өгсөн. Тэглээ гээд валют солих цэгүүдийг чангалж, хааж боосон заалт огт оруулаагүй. Валютын нэгдсэн платформ дэд бүтцийг нь сайжруулах, илүү ашигтай хэлцэл хийх, боловсронгуй болгох, олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Гэнэт валютын ханш өсч, төгрөгийн ханш унаад байдаггүй зохицуулалтуудыг зайлшгүй хийх шаардлага бий. Мөн Монгол Улсын газар нутагт валютын гүйлгээ хийх, валютын хяналтыг Монголбанк хариуцна гэсэн хэрнээ Монголбанкны тухай хуульд байдаггүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн нэмэлт, өөрчлөлтөөр Оюу толгой компани Монголбанкинд дансаа нээснээр банк дампуурч байршуулсан мөнгө нь алга болно гэж айхгүй, хэн нэгэн татварын байцаагч ирээд торгууль тавьдаггүй орчин бий болно гэсэн. ингэж байж Оюу толгойнхны итгэл сэргэж Монголын дансаар мөнгө нь дамжих боломжтой болох юм билээ. Таны өргөн барьсан хуулийн заалт адилхан уу?

-Бидний өргөн барьсан хуулийн концепц Ерөнхийлөгчийн өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн нэг заалтын зорилго ижилхэн. Бидний хуульд стратегийн орд ашиглаж буй хөрөнгө оруулагч төлбөр тооцооны дансаа монголд үйл ажиллагаа явуулж буй банкаар дамжуулж болно гэсэн заалт бий. “Болно” гэж оруулж ирсэн нь болохгүй ч байж болно гэдэг санааг давхар агуулж байгаа тул үүрэгжүүлж өгөх хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байна. Ерөнхийлөгчийн оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Монголбанкинд” гээд шууд заагаад оруулж ирсэн. Монголбанк бодлого боловсруулж, түүндээ хяналт тавьдаг төв банк. Төв банк арилжааны үйл ажиллагаа явуулж, данс нээх гээд байна хэмээн гишүүд хэлж байгаа. Гишүүдийн хэлж байгааг бид бодолцох ёстой. Арилжааны банкууд гээд оруулахаар тэрбум гаруй ам.долларын борлуулалт нь яригддаг том компаниуд “Монголын арилжааны банкууд даах чадвар байхгүй. Оюу толгой компани дээр тохиолдсон шиг нэг татварын байцаагч ирээд данс хаадаг энэ зүйл дахин давтагдахгүй гэдэг баталгаа алга” гэдэг. Тиймээс “Монголбанк” гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирээд байгаа юм. Бид хуулийн төслийг боловсруулахдаа олон арилжааны банк, Монголын банкны холбооныхонтой уулзсан. Томоохон арилжааны банкуудын зүгээс “Бид даах чадвартай. Чадахгүй гээд байгаа нь худлаа. Бид бүрэн бололцоотой” гэдгийг хэлж байсан. Ажлын хэсэг дээр ярьж байгаад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкуудад байршуулна гээд заачихвал илүү бодитой. Гадны хөрөнгө оруулагчид магадгүй “Bank of China-гаар дамжуулна” гэвэл салбарыг нь нээгээд явбал болно. Гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой гэдэг бодлогыг гишүүд хэлж байгаа юм. Үүнийг нь зөв гэж хууль санаачлагчийн зүгээс харж байна. Ажлын хэсэг дээр энэ бүгдээ ярьж боловсронгуй болгох ёстой.

ОУВС-гийн зүгээс Валютын зохицуулалтын тухай хуулинд гэрээ зөрчигдөх хоёр зүйл байна гээд саналаа ирүүлнэ гэсэн байна лээ. Тэрийг нь харъя.

-Гадны хөрөнгө оруулагчдад харшлах зүйл огт байхгүй юу. Эдийн засаг ийм эмзэг байхад ганц ч гэсэн хөрөнгө оруулагч чухал байна л даа. Засч болохгүй алдаа хийчихвэл бид одоо засна гэж мянга хэлээд хэрэггүй л дээ…

-Үүнийг бодолцох ёстой. Бидний гол зорилго гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг чинь хууль дүрэмгүй байна гэсэн үг биш. АНУ, Норвеги гадаадын хөрөнгө оруулалтыг маш сайн татаж чадсан. Гэхдээ тэнд хууль үйлчилдэг, хууль хэрэгждэг. Норвеги гэхэд газрын тосон дээрээ хуулиа сайн хэрэгжүүлдэг, татвараа ч сайн авдаг. Монголын хууль дүрмийн дагуу хөрөнгө оруулагчид төлбөрийн дансаа Монголд нээх ёстой гэж байгаагаас гадны хөрөнгө оруулалтыг хаасан, боосон зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Бусад орнуудад байдаг л хууль. Гадны хөрөнгө оруулагчид хууль чинь тогтвортой байх ёстой гэдэг ганц зүйлийг хүсдэг. Түүнээс нэг татварын байцаагч гүйж очоод дансыг нь хаадаг байж болохгүй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх нэг жишээ болчихсон учраас үүгээр бамбай хийж “Танайх тэгдэг” гээд байгаа юм. Монголчууд Монголынхоо баялгийн эзэн тул гадны хөрөнгө оруулагч, ОУВС бүгдийг мэднэ гээд байж болохгүй. Үүнийг зааглах ёстой.

-Хууль батлагдсаны дараа валютын гадаад дотоод гүйлгээг хянаад байх юм биш биз. Хэрэв тийм бол хөрөнгө оруулагчид үргэнэ гээд байгаа?

-Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр нэг заалт орсон. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцах ёстой гээд байгаа. Тэр заалт нь онцгой тохиолдолд Монголбанк түр зуур оролцож арга хэмжээ авах эрхийг нь нээж өгсөн заалт бий. Үүнийг хүмүүс буруу ойлгоод Монголбанк ороод данс, гүйлгээ хаах гээд байна гэж ойлгож, тайлбарлаад байгаа юм. Энэ заалтыг оруулсан шалтгааныг хэлье. Сая Грект хямрал боллоо шүү дээ. Нэг өдөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид валютаа татаж авснаас банкууд нь ямар ч валютгүй болсноос хямралд орсон. Өнөөдөр бид эдийн засгийн хувьд амаргүй байгаа учраас Грект тохиолдсон шиг зүйл болохгүйн тулд онцгой тохиолдолд Монголбанк түр хугацаанд орж зохицуулалт хийж болно гэсэн юм. Ажлын хэсэг дээр яриад цаашид боловсронгуй болгож тусгах хэрэгтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *