Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.
-Гол дүрийг нь бүтээсэн “Нинжин сэтгэл” кино тань амжилттай нээлтээ хийлээ?
-Баярлалаа.
-“Нинжин сэтгэл” үзэгчдийг уйлуулаад байгаа сурагтай?
-Энэ кино нь хүн бүрийн дотоод сэтгэлд байдаг, нийгэмд хэлэх сэн, ийм байгаасай гэсэн хүсэл мөрөөдлийг цаад утгаараа харуулж чадсан бүтээл боллоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл манай нийгэм маш их бухимдалтай, элдэв зүйл болоод байгаа нь нүднээ ил байна шүү дээ. Тэгэхээр энэ дотор, энэ нийгэмд гаргах эцсийн цэг бол уучлал, өршөөл, нигүүсэл л дээ. Энэхүү санааг үзэгчид ойлгоод энэ киног таалаад дахин үзэх дуртай байна шүү. Манай киног хүмүүс их үзэж байна. Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ цаг зав гарган зорьж ирж үзэж байгаад талархаж байна.
-Ц.Хүсэлбаатар найруулагч “Би олон кино хийж байсан ч ханьдаа зориулж бүтээл хийж байгаагүй юм билээ. Энэ киног ханьдаа зориулж бичсэн” гэж ярьж байсан юм?
-Надад л зориулсан юм биш л дээ. Олон сайхан эмэгтэйн амьдралыг харуулъя гэж зорьсон. Жишээ нь, “Аюултай харилцаа” киногоор бид гэр бүлээс гадуурх харилцааг аль болох байхгүй байлгая гэдэг санааг гаргахыг хичээсэн л дээ. Яг тэр утгаараа уг кино үзэгчдэд маш их таалагдсан. Энэ удаад ч бид шинэ бүтээлээрээ нийгэмд гоё мессэж өгье, Монголд хүмүүс бие бие рүүгээ инээмсэглэж, нэг нэгнээ хайрладаг байгаасай гэсэн санааг хүмүүст бага ч атугай ойлгуулъя гэж зорьсон л доо. Түүнээс биш зөвхөн надад зориулсан кино зохиол биш л дээ. Энэ кинонд олон эмэгтэй дүр байгаа. Бараг арваад эмэгтэй дүртэй шүү. Ийм олон эмэгтэй жүжигчин нэг дор тоглосон кино Монголд ер нь ховор байдаг юм л даа. Бараг л байдаггүй гэж хэлж болно. Голдуу эрэгтэйчүүд нь гол дүр байдаг ч юм уу, эрэгтэйчүүдийн амьдралыг харуулсан дүрүүд байдаг. “Нинжин сэтгэл”-д Монголын эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан. Ингэхдээ нийгмийн бүхий л давхарга, хүрээний бүсгүйчүүдийн амьдралыг нэг дор зангидаж харуулсан.
-“Нинжин сэтгэл”-ийн дүрийг тань харахаар “Цахилж яваа гөрөөс” кинонд бүтээсэн дүр тань санагдаж байна билээ шүү?
-Дэжид үү.
-Тийм. Та ойрын жилүүдэд ер нь ийм том хэмжээний дэлгэцийн дүр бүтээгээгүй санагдана?
-Сериал кинонуудад нэлээд тоглолоо. Харин уран сайхны бүрэн хэмжээний кинонд ойрдоо тоглоогүй байсан л даа. Гэхдээ кинонуудад тоглоод л байсан. Энэ киноны хувьд бол миний бүтээсэн дүр бол хөтлөх дүр нь. Түүгээрээ онцлогтой.
-Таныг хүмүүс гавьяат жүжигчин цол хүртчихсэн гэж ойлгоод байдаг. Битүүхэндээ энэ цолоо аваасай гэсэн хүлээлт үүсгээд байдаг нь анзаарагддаг?
-Баярлалаа.
-Та урлагийн хүн, уран бүтээлч гэгдээд хэдэн жил болж байгаа юм бэ. Урлагт зүтгээд их удлаа даа?
-Би 1992 онд Соёл, урлагийн их сургуулийг төгсөөд л энэ салбартаа орж ажилласан. Тэрнээс хойш одоог хүртэл ажиллаж байна гэхээр хэдэн жил болж байгаа юм бэ дээ. Тоолж байгаагүй юм байна. 26 жил юм байна шүү дээ.
-Та СУИС-д сурахаасаа өмнө, арван жилд байхдаа кино, жүжигт тоглож байсан уу?
-Арван жилдээ би дүр бүтээгээгүй. Би 24 дүгээр сургуульд жирийн л нэг сурагч байсан. Сургуулиа төгсөөд Сувилагчийн сургуульд орж дүүргээд улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт мэргэжлээрээ ажилласан юм. Тэнд ажиллаж байхдаа дуулж, хөгжимдөх авьяасаа ил гаргаж урлаг уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцдог сувилагч байлаа. “Бүх ард түмний урлаг”-ийн наадмаас мөнгө, хүрэл медаль авах зэргээр урам авч тэгээд Соёл, урлагийн их сургуульд элсээд жүжигчин болсон. Тэрнээс хойш энэ ажлаасаа хаашаа ч холдоогүй одоо болтол жүжигчин мэргэжлээрээ ажиллаж байна даа. Нэг л ажлын төлөө, нэг л юмныхаа төлөө тууштай л явж байна.
-Энэ хугацаанд таны бүтээсэн дүрүүд гэвэл тоогоо алдаа биз?
-Тоог нь гаргаагүй. Монголын хошин урлагт 1992 оноос хойш өдий хүртэл зүтгэж явна. Хажуугаар нь дэлгэцийн бүтээл, уран сайхны кино, олон ангит кино гээд жүжигчин хүний хийж болох, чадах юу л байна тэр бүгдийг хийгээд л, гүйцэтгээд явж байна. Уран сайхны кино гэвэл тоогоо алдсан байх аа. Том жижиг гээд тоолвол зөндөө зөндөө. Тоог нь хэлэхийнхээ оронд тоглосон кинонуудынхаа нэрийг л сонирхуулж зах зухаас нь хэлье л дээ, санаж байгаагаасаа. “Цахилж яваа гөрөөс”, “Их хааны удам”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Хөгжилтэй гэр бүл” гээд нэлээд кино байгаа. Драмын театрт гэвэл Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора бол миний бүтээсэн анхны албан ёсны дүр шүү. Мөн В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” гээд 30 гаруй жүжигт тоглосон байдаг юм.
Кино гэвэл манай продакшны хийсэн “Дурлалын сум”, “Бүтэлгүй новш” гээд урт жагсаалт гарна шүү.
-1990-ээд онд урлагийнхан өөр салбар руу орж мэргэжлээ өөрчилсөн нь их байдаг юм. Харин мэргэжилдээ үнэнч үлдэж, тэр хүнд хэцүү жилүүдэд хошин урлагаар ард түмэнтэйгээ уулзаж урлагийн салбараасаа холдоогүй хүмүүсийн нэг нь та. Холдох нь бүү хэл гэр бүл, удам судраараа урлагт байсаар ирсэн?
-Би урлагийн хүн. Урлагийн хүнтэй гэр бүл болсон. Тийм ч болохоор манайхаас урлагийн хүмүүс төрж гарсан. Өөр ажил хийж байсангүй, энэ замаасаа хазайж ч байсангүй. Насаараа л нэг ажлаа хийгээд нэг нөхөртэйгөө, найз нөхөдтэйгөө найзлаад л өдийг хүргэж байна. Хүүхдүүдээ өсгөөд л. Монголчуудын жишгээр л амьдарч байна.
-Урлагийн гэр бүлүүд олон бий. Гэхдээ танайх нээлттэй, илэн далангүй гэдгээрээ ялгагдаад байдаг юм?
-Манай охин АНУ-д киноны сургуульд магистр хамгаалж байна. Хүү маань Анагаахын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан болсон. Миний хүү чинь мундаг эмч болно. Эмчийн мэргэжил чинь гоё мэргэжил шүү дээ. Хүний төлөө гэсэн сайхан алба.
-“Нинжин сэтгэл”-д охин Х.Баярмаа тань тоглосон?
-Тэгсэн. Х.Баярмаа, Г.Отгонцэцэг хоёрыг Америкаас урьж авчраад тоглуулсан. Энэ хоёр маань өмнө нь “Аюултай харилцаа” кинонд хамтарч маш сайхан ажилласан. Г.Отгонцэцэг сүүлийн гурав, дөрвөн жил бараг кинонд тоглоогүй байсан юм билээ. Энэ кинонд Монголын өнөө цагийн шилдэг гэсэн сайхан жүжигчин бүсгүйчүүд тоглосон. Кино зурагт авалт гурван сар гарантай үргэлжилсэн юм.
Бидний хэдэн уран бүтээлчдийн хэлэх гээд байгаа энэ гоё санааг монголчуд минь дэмжээсэй. Олж мэдрээсэй. Урлаг гэдэг нийгэмд гоё гоё санаа хэлж, сайн сайханд хүмүүсийг уриалдаг. Хүн хэн нэгэнд санаатай болон санамсаргүй байдлаар муу юм хийчихлээ гэхэд тэрний дараа уучлал байх ёстой. Поп хатагтай Б.Сарантуяа манай киног үзчихээд яг энэ тухай их гоё хэлсэн байна лээ. Бидэнд байгаа, бидний гарт байгаа, ямар ч мөнгө нэхдэггүй том зэвсэг бол уучлал. Уучлал гэдэг зүйлийг л бид ашиглаж чадвал нийгмээрээ, монголчууд хотлоор сайхан амьдрах боломжтой юм.