УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь тодорхой болсон. Мөн ЖДҮХС-г хариуцдаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалынхаа “Тээвэр ачлал” компанид зээл авсан тухай мэдээлэл тараад байсан юм. Уг асуудлаар Б.Батзориг сайд хэвлэлүүд өгсөн ярилцлагадаа “Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт тийм компани байхгүй” гэж мэдэгдсэн. Тэрбээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой гэж байсан ч Б.Батзориг сайдын ярьсан худал болох нь батлагдаж байна. “Тээвэр ачлал” компанид хувь эзэмшдэг эсэх тухайгаа Б.Батзориг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй ч “Тээвэр ачлал” компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладаг гэдгийг Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны сайт мэдээлжээ. “Тээвэр ачлал” нь хувьцаат компани учраас мэдээллээ ил тод болгох үүрэгтэй. Тус компанийн тухай танилцуулгад Лхүндэв овогтой Отгонжаргалыг нэг захирлаар нь ажилладаг болохыг бичжээ.
Энэхүү дуулиан дэгдсэнтэй холбогдуулан ЖДҮХС-ийн Тамгын газрын дарга Ш.Сугар хэвлэлд тодруулга өгөхдөө “Тээвэр ачлал” компани Л.Отгонжаргал гэж хүнтэй холбогдолгүй. Биднийг зээл өгөх үед тус компанийн захирал нь н.Баттулга гэж хүн байсан гэж мэдээлсэн байдаг.
Гэтэл Монголын Хөрөнгийн Биржийн сайтад “Тээвэр ачлал” компанийн захирлаар Д.Баттулга ажиллаж байсныг 2017 оны IV улирлын тайланд тодорхой дурджээ.
Ингэснээр “Тээвэр ачлал” компанид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгогдсон нь үнэн. Харин энэ компанийн захирлаар Д.Баттулга ч ажилладаг нь үнэн. Мөн Л.Отгонжаргал гэдэг захирал байдаг нь ч нь үнэн болж байна. Харин Л.Отгонжаргал нь Б.Батзоригийн гэргий гэдэг үнэн болохыг нэрээ нууцалсан эх сурвалжууд баталж байгаа. Ингэснээр УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын хоёр ч гишүүн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээс авсан болох нь батлагдаж байна.
ЖДҮХС-ийн зээл нь гурван хувийн хүүтэй, хэн хүссэнд нь олгогддоггүй, тун боломжит нөхцөлтэй 300 саяас хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл юм.