10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны хооронд зохион байгуулах “Хавана Олон улсын худалдааны яармаг-2018”-д гадаадын 60 гаруй компани оролцоно гэж Кубын засгийн газраас мягмар гарагт мэдээлэв.
Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Родриго Мальмьерагийн мэдээлснээр, өндөр дээд түвшний 20 гаруй төлөөлөгч, худалдааны 30 танхим болон гадаадын 2500 гаруй төлөөлөгч энэ удаагийн худалдааны үзэсгэлэн яармагт оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа аж.
Мөн АНУ-аас өмнөх удаагийн үзэсгэлэнд оролцсонтой адил тооны буюу 16 компани оролцох бөгөөд тэдгээрийн дунд шинээр байгуулагдсан АНУ-Кубын Биотехнологийн хамтарсан үйлдвэр болон Кубын хөгжлийн онцгой бүсэд үйл ажиллагаа явуулдаг, хавдрын эсрэг эмчилгээний вакцины үйлдвэрлэл явуулдаг компаниуд багтаж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үеэр Орос-Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын бизнесийн чуулга уулзалт болох ажээ. Олон улсын компаниудаас гадна энэ жилийн худалдааны арга хэмжээнд дотоодын компаниуд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох төлөвтэй байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсүүд мэдээлж байгаа юм.
“Кубын 350 гаруй компани яармагийн 5000 метр хавтгай дөрвөлжин метр талбайг урьдчилан захиалаад байна” гэж тус улсын Худалдааны танхимын ерөнхийлөгч Орландо Хернандез мэдээлсэн байна. Хавана Олон улсын худалдааны яармаг нь Кубад зохион байгуулдаг бизнесийн чиглэлийн чуулга уулзалтуудын дундаас хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог юм.