Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Юу, яасан 54 тэрбум төгрөг

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Төсвийн орлого өндөр тавигдсан учраас биелүүлэхэд амаргүй гэж байсан. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ирэх оны төсвийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байна. Түүнчлэн 2018 оны улсын төсвийн орлого нь зарлагаа давж биелж байгаа. Энэ нь сүүлийн хэдэн жил Монгол Улсад байгаагүй үзүүлэлт болсон нь эдийн засаг сэргэж буйн дохио. Оны сүүл рүү Сангийн яамтай мөнгөтэй байх юм байна гэдгийг харуулж байгаа л даа. 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг нэлээд явуулж, эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Өмнө нь хумих бодлого явж ирлээ шүү дээ. Эдийн засгаа өсгөхөд анхаарал хандуулж ажилласан ч иргэдийн амьдралд төдийлөн нөлөөлж чадахгүй байсан. Тиймээс ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг нэн даруй хурдан хийлгэх ёстой гэдэг хувь гишүүний байр суурьтай байна. Эдийн засаг сэргээд ирэнгүүт энэ онд импорт 40 хувь өслөө. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сольж, санхүүгээ зузаатгаж байгаа нь зөв.

Сангийн яам сайтар судалсны дүнд ирэх оны төсвийг өндрөөр тооцож оруулж ирсэн байх. Мөн татварын суурь багц хуулиудыг өргөн барьсан. Тиймээс өмнө нь татвараар зарим авч чадахгүй байсан татваруудаа нэмж авах боломж бүрдэж байна гэж хувьдаа ойлгож байна. Өөрөөр хэлбэл татварын баазаа нэмж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа татварын хувь хэмжээ буулгаж байгаа. Эдгээр арга хэмжээг авснаар орлого талдаа нэмэгдэх болов уу гэдэг итгэл найдвар байна л даа. Энэ оны төсвийн жилийн онцлог нь төсөвт тодотгол хийгээгүй. Зэс, нүүрс, алтны үнэ олон улсын зах зээлд өндөр байсан тул орлого тал нь ихэсч, зарлага нь багассан нь төсөвт тодотгол хийхгүй байх шалтгаан боллоо. Нэгэнт зардлаа нэмэлгүй нэг жил явж болсон юм чинь ирэх жил зардлаа танах боломжууд гарах байлгүй дээ.

-Гишүүдийн таван тэрбум гэдэг бүхэл тоо яригдаад байх юм. Мөн Сангийн сайдыг өөрийн тойрог болох Увс аймагтаа 52.8 тэрбум төгрөг суулгасан гэдэг шүүмжлэл ч байна…

-Гишүүд хардаж, сэрдээд янз бүрээр л ярьж байгаа. Жишээлбэл, 2010 онд манай тойрог дээр тавьсан хөрөнгө оруулалт царцсан байсныг одоо явуулж байх жишээтэй. Иймэрхүү маягаар явуулаад эхлэхээр бусад аймгуудаас арай ахиу төсөв тавьсан мэт харагдана. Үүнийг үгүйсгэх зүйл алга. Миний хувьд төсвийн хөрөнгө оруулалтууд аймаг тус бүр, тухайн тойргуудад хөрөнгө ижил хэмжээнд тавигдсан гэж бодож байгаа. Нэг гишүүн дээр хэт өндөр тавиад бусад гишүүд дээр бага тавиад явчихвал гишүүдийн шүүмжлэлтэй нүүр тулна.

Яг үнэндээ 76 жижиг тойрог гэдэг чинь зовлон шүү дээ. Гишүүн бүр л өөрийнхөө тойрогтоо бүтээн байгуулалтын ажил хийхийг бодно. УИХ-ын гишүүдийн таван тэрбум төгрөг гэдэг зүйл угаасаа байхгүй. Гишүүдээс санал авч байгаа. Та орон нутгийн удирдлагуудтайгаа байнга хамтран ажиллаж байна, иргэдтэйгээ уулзаж байгаа учраас тулгамдсан асуудлуудыг нь мэдэж байгаа гээд ямар ажлуудыг нь түлхүү явуулах вэ гэж байгаа юм. Гишүүд түүнд нь саналаа өгөөд явж байгаагаас биш өөрсдөө мөнгө аваад байгаа юм биш. УИХ-ын гишүүдийн оролцоо ч байхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу харьяалагдах яамд руугаа төсөв нь явдаг. Тиймээс үүнийг улстөржүүлээд байгаа нь зохимжгүй.

-Улстөржүүллээ гээд анхааралгүй байж болохгүй биз дээ?

-2019 оны төсвийг яах аргагүй анхаарах нь зөв. Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг нь ч үнэн. Тойргоос сонгогдсон бүх л гишүүд намын мөрийн хөтөлбөр танилцуулж сонгогдож ирсэн. Дээрээс нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж бий. УИХ-ын гишүүн тойрогтоо амласан зүйлс их байдаг. Үүнийхээ цаана гарахыг хүн бүр л хүсч байгаа.

-Төсөвт үр ашиггүй урсгал зардлууд их байна гэж шүүмжилж байна. Бараг сум бүрт контор барьж, мебель тавилга авна гэсэн байх юм. Уг нь тэвчиж болох зардал мөн биз дээ. Сүүлийн жишээ гэхэд яндангийн шүүлтүүрт зориулж 54 тэрбум төгрөг суулгах гэж байна гэсэн?

-Үр дүнгүй зардлуудыг тэвчих л хэрэгтэй. Тухайлбал, конторууд шинээр барих, оффис доторх мебель тавилгуудыг шинээр худалдаж авах ч байдаг юмуу, иймэрхүү зүйлээс татгалзах нь зөв. Таны асуусантай санал нэг байгаа. Гэхдээ утааны шүүлтүүрийг сайн мэдэхгүй байна. Үнэхээр утаа багасгах хүрээнд шүүлтүүр хийгээд үр дүн өгөх юм бол хийх л хэрэгтэй. Гэтэл 54 тэрбум төгрөг зарчихаад ямар ч үр дүнгүй, олиггүй юм байвал ямар хэрэгтэй гэж. Больсон нь дээр. Юу, яасан 54 тэрбум төгрөг. Үнэхээр шаардлагагүй зүйлс дээр зардал тавьсан байвал танах нь зүйтэй.

Энэ бүхнээс чухал хүүхдийн мөнгө, багш, эмч, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдэл гээд байна шүү дээ. Нийгмийн олон давхаргад дахин хуваарилтууд хийсэн, хүнд хүрсэн зүйл хийлгүй нэг аймагт их хэмжээний төсөв тавьж, ганц том юм хийгээд ямар хэрэг байхав дээ. Экспортыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Төсвийн хөрөнгө оруулалт, орлого нь заавал очих ёстой газраа очдог зүйлд зарцуулах нь зөв гэж боддог.

-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдээр тооцож байна вэ. Сангийн сайд 2530 төгрөгөөр гээд байгаа ч төсвийн номон дээрээ тухайлсан тоо байхгүй байна лээ?

-Ам.долларын ханш цаашид жаахан буух байх. Импорт ихээр орж ирсэнтэй холбоотойгоор ам.долларын эрэлт хэрэгцээ их байсан тул үнэ өссөн. Түүнчлэн манай улсын эдийн засаг улирлын чанартай. Аравдугаар сарын сүүл болоод ам.долларын хэрэгцээ багасаад ирэхээр үнэ буурах байлгүй. Нөгөө талдаа том гүрнүүдийн худалдааны дайны асуудал яригдаж байгаа. АНУ бодлогын хүүгээ 2.2 хувь болгоод нэмсэн чинь ам.доллартай эдийн засаг нь холбогдсон Монгол болон бусад бүх орнуудад ханш нь нэмэгдчихээд байгаа юм. Хятад, Орос аль аль нь нөлөөлж байна. Ийм зүйлс байгаа тул анхаарах хэрэгтэй. Цаашид бид ам.долларын ханшийг тогтмол барих хэрэгтэй болно. Жаахан өсч байгаа эдийн засгаа бид тавиад туучихаж болохгүй. Богино, дунд хугацаандаа хөгжөөд явчих юм бол цаашдаа эдийн засаг талаасаа сайдах муудах асуудал бага яригдана. Өнөөдрийг хүртэл бид зөв арга хэмжээ авч хуулинд нь өөрчлөлт оруулж, ганц нэг хүний шийдвэрээр бус хамтын шийдвэр гаргаж зөв голдрилоор нь явуулах хэрэгтэй. Ам.долларын ханшийг савлуулж дээш, доош нь болгох сонирхолтой банк, аж ахуйн нэгж, хүмүүс бий. Үнийн зөрүүн дээрээс ашиг олдог тул үүн дээр анхаарах ёстой. Бид гурван тэрбум ам.долларын нөөцөө интервенц хийгээд ч юм уу, үрэн таран хийчихмээргүй байна. Монгол Улс валютын нөөцтэй байж гэмээнэ манай орны эдийн засаг сайжирч, баталгаатай болдог. Тэр утгаараа байгаа валютын нөөцөө сэгсрээд хаячихаж болохгүй. Тиймээс интервенц хийхийг аль болох хориглож байгаа.

-Нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн бухимдлыг өдөөх юм. Он гарсаар хэд хэдэн удаа нэмэгдсэн. Ямар бодлогын арга хэмжээ авах ёстой вэ?

-Нефтийн бүтээгдэхүүний хувьд бид ганц улсаас хараат байж болохгүй. Сангийн яам татвараар нефтийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл онцгой татвар, НӨАТ, гаалийн татварыг нь нэмэх, хасах замаар зохицуулж болно. Сангийн яам үүнийгээ хийгээд явах нь зөв. Мөн гадна талдаа нефтийн үнэ нэмэгдэж байна л даа. Ганц улсаас хараат байх нь ямар үр дагавартай вэ гэдэг нь улам бүр тод харагдаж байна. Роснефть дээр үнэ өсөнгүүт дагаад манайд үнэ нэмэгддэг. Үүнийг болиулах хэрэгтэй. Тиймээс БНХАУ, БНСУ, Японоос нефтийн бүтээгдэхүүн авдаг болох ёстой юм. Олон талын зах зээлтэй болчихвол аль бага үнэ хэлснээс нь авч үнээ барьдаг байхгүй бол ганц хойд хөрштэй яриад байж болохгүй.

Саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабадар ОХУ-д айлчлаад Роснефтьттэй хэлэлцээр хийгээд үнээ барих боломжтой болгоод ирсэн байна лээ. Гэхдээ нефтийн үйлдвэр барьж өөрийн гэсэн нөөцтэй болохгүй бол нефть бидний мөнхийн ярианы сэдэв болж үлдэнэ. Монгол Улс тусгаар тогтносон нь үнэн юм бол өөрийн гэсэн нефтьтэй бай, гадагш нь гаргаж байгаа нефтиэ Монголд боловсруул гэж байгаа юм. Нефть боловсруулах үйлдвэрийн ажил хурдацтай явж байгаа. Ганц, хоёр жилийн дараа үйлдвэр нь ашиглалтад орчихвол үнэ өслөө гэдэг яриа ул болох байлгүй дээ.

Нефть өөрөө бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнэ учраас нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд иргэдийн амьдралд шууд мэдрэгдэж байна. Тиймээс үүн дээр бид анхаарах ёстой. Засгийн газар арга хэмжээ аваад явах ёстой болохоос зөнд нь орхичихож болохгүй.

-Гэхдээ сулд нь ингээд ганхуулах гээд байгаа юм биш үү?

-Засгийн газар нэгэнт иргэдийн амьдралын баталгааг гаргаж чадахгүй, цалин хөлсийг нэмж чаддаггүй юм бол цаашид бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй гэж бодож байгаа бол үнийг барихаас өөр аргагүй. Эдийн засаг хоорондоо уялдаатай байдаг болохоор тун ярвигтай.

-Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг жижиг дунд үйлдвэрийн санг яамныхаа харьяанд авна гэсэн. Таныг санал хураалгасангүй гээд нэлээд бухимдах шиг боллоо?

-Жижиг, дунд үйлдвэрийн хууль өргөн баригдаад хагас жил болсон. Энэ хугацаанд ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад, УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаа шийдсэн. Ажлын хэсэг нь нэлээд хэдэн удаа хуралдаж анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Тэр үед С.Чинзориг сайд ажлын хэсгийнхэнтэй уулзаж асуудлуудаа яриад явах ёстой байсан. УИХ-ын гишүүн санал хураалгах явцад зарчмын зөрүүтэй санал гаргаад санал хураалгах эрхтэй. Тэр саналыг нь хурааж өгөлгүй л яахав. С.Чинзориг сайд хурал бараг дуусчихсан байхад дахин санал гаргаж ирээд хурлыг сунжруулж, түвэгтэй болгосон. Засгийн газрын гишүүн өөрийн яамны эрх ашгийг хамгаалалгүй л яахав. Гэхдээ ажлын хэсэгт нь оролцоод өөрсдийн санаа оноогоо ярилцаж, ойлголцоод, тусгаад явах хэрэгтэй. Тэндээ зөвшилцөлд хүрээд ороод ирвэл миний хувьд татгалзах зүйл байхгүй. Байнгын хороогоороо хэлэлцээд явчихна. Байнгын хорооноос гарсан ажлын хэсэг, дэд хэсгийнхэндээ танилцуулалгүй байж байгаад хамгийн сүүлийн мөчид санал оруулж ирж байнгын хорооны хурлыг бужигнуулаад байж болохгүй.

Гэхдээ тань руу л уурлаад байсан…

-Би сая хэллээ шүү дээ. Ингэж явах ёстой байсан гээд. Түүнээс биш надад ямар нэгэн бодол байхгүй. Би зарчим л ярина.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг бүр татан буулгах гээд байна уу?

-Бичил бизнес эрхлэгчдийг байхгүй болгоод өөртөө авах гээд байгаа юм болов уу гэж хувьдаа бодсон. Би саналыг нь хураалгаагүй биш хураалгасан шүү дээ. Ороод ирсэн хуулийн маань амин сүнсийг нураахаар тийм саналыг хэзээ хойно оруулж ирсэн нь зөрчил үүсгэсэн. Байнгын хороо УИХ-ын гишүүн байна уу, Засгийн газрын байна уу хамаагүй иргэдийн амьдралд хэрэгцээтэй хуулийг дэмжээд санал хураагаад гарах тийм л үүрэгтэй газар.

С.Чинзориг сайд энэ бүгдээ чуулган дээрээ яриад явна биз. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явж байна. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн үеэр яриад явна биз.

-С.Чинзориг сайд байнгын хорооны хурлаас гарч явахдаа таны чихэнд үг шивнээд, далан дээр чинь хүчтэй алгадаад гарсан. Юу гэж хэлсэн юм бол?

-Сүртэй ч юм биш.

-Ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг суулгаагүй байна гэх юм. Тийм хэрнээ ийм санг авах гээд байдаг нь ямар учиртай юм бол?

-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. Энэ нь ч зөв байх. Гэхдээ арилжааны банкуудын тавьж буй шаардлагыг жижиг, бичил үйдвэрлэгчид хангаж чадахгүй байгаа. Тиймээс дунд болон дундаас дээш боломжтой компаниуд зээлийг нь авчихаад байна л даа. Эхний жилдээ төлбөр төлөхгүй, жилийн зургаан хувийн хүүтэй гээд хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Үүнийг бодлогын журмаар яаман дээр нь хуваарилалт хийнэ гэхээр бүгд эмзэглээд байгаа юм билээ. Миний хувьд хоорондын харилцааны асуудал байгаа юм болов уу гэж харж байсан. Намын бүлэг, байнгын хороон дээрээ сайтар ярилцаад ойлголцоод явах нь зөв. Хэрүүл хийж явахынхаа оронд тодорхой саналууд гаргаад дор дор нь шийдвэрийг нь гаргуулаад явах хэрэгтэй. Энд хувийн юм гэж байхгүй. Төрийн ажил явж байгаа. Төр талаасаа шийдвэрээ гаргаад яв л даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *