Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна

Туул гол дээгүүр шинээр барих Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүрний бүтээн байгуулалтын ажил 63.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрний 52 шон суурь, 9 хуваарилах хавтан суурилуулж 18 тулгуур, захын тулгуурын их бие хийхээс 11-ийг нь хийгээд байгаа ажээ. Баянзүрх дүүргийн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам нь 1963, 1965 онуудад БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригдсан бөгөөд 50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон аж.

Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ хоёр эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөн энэ жил ажлыг эхлүүлсэн. Тиймээс тус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг уялдуулах үүднээс Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, дугуйн болон явган замтай барихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Гүүрийг шинээр барьснаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг хангах эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *