Categories
мэдээ нийгэм

“Ханара март” -д хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Өнөөдөр НМХГ-аас 2018 оны эхний гурван улирлын байдлаар хугацаа дууссан, чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүнд устгал хийсэн талаар тоон мэдээлэл, Ханара Март ХХК-тай холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоодын хяналтаар 142 нэр төрлийн 4465 ширхэг, 17 кг, 83.187.073 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан, хөлдсөн, шавьжийн ялгадсаар бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүнийг Устгалын комиссын бүрэлдэхүүнтэйгээр устгал хийсэн.

Экспорт импортын хяналтын чиглэлээр 16 нэр төрлийн 136 сая төгрөгийн эмийг Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна. 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, 34,8 т 104,4 сая төгрөгийн алим, 2 нэр төрлийн 752 хайрцаг, 376000 ширхэг, 151 сая төгрөгийн чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тамхинд тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгалд орууллаа.

Мөн 1 нэрийн 790 кг 50 хайрцаг 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа шошгын зөрчилтэй байсан тул экспортлогч улс руу нь буцааж болзошгүй эрсдлээс сэргийлсэн байна.

“Ханара Март” ХХК-ийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын талаар:
Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 10 сарын 04 өдөр Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид “Ханара март” ХХК-ийн “Ханару” минимаркет хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

НМХГ-ын ХАБХААХХ-т 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргагч дахин мэдээлэл өгсөний дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетид хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад Солонгос улсаас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон, хугацааг хуурамчаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогдсон.

Илэрсэн зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүргийн хүрээнд хадгалах хугацаа дууссан болон он сарыг засаж янзалсан нийт 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн, саатууллаа.
Хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн.

Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 18 нэр төрлийн ургамлын гаралтай, 11 нэр төрлийн далайн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс нийт 29 дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамрууллаа.

“Ханара март” ХХК-аас нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүллээ.

Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг цагдаагийн газарт албан ёсоор мэдэгдэж, албан бичгийг хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *