Categories
мэдээ нийгэм

Цаг агаар тогтуун, ургац хураалт ид өрнөж байна

Энэ сарын 12-ны байдлаар 46.3 мянган га-г ангилан хадаж, нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа хураан авсан талаарх мэдээллийг ХХААХҮЯ-аас мэдээллээ. Түүнчлэн 12.5 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байгаа аж. Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96,1 хувь, хүнсний ногооны 92,4 хувь, тэжээлийн 51,7 хувь, тосны ургамлын 30,2 хувийг хураасан үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 65,5 хувьтай байна.Өнгөрсөн мягмар гаригт Ургацын штабаас ирүүлсэн мэдээгээр ургац хураалт 58 хувьтай байсан бол гурван өдрийн дараахь байдлаар 7,5 хувиар өсчээ.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Өнгөрсөн сард орсон цас, борооны улмаас сүүлийн буудай бага зэрэг чийгтэй байна. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудын хатаалгаар дамжуулж аж ахуйн нэгж, тариаланчдын буудайг авч байгаа. Сүүлийн өдрүүдэд цаг агаар сайн байгаа учир ургац хураалтын ажил эрчимтэй, хэвийн үргэлжилж байна” гэлээ.

Энэ онд нэг га-гаас дунджаар 14 центнер үр тариа хурааж байгаа аж. Өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центнер үр тариа хураан авч байжээ. Энэ талаар Ц.Болорчулуун “Аймаг болгонд нэг га-гаас авч байгаа үр тарианы хэмжээ харилцан адилгүй. Орхон аймагт хамгийн их буюу нэг га-гаас 23,8 центнер үр тариа авч байх жишээтэй. Үүний дараа Баян-Өлгийд 18,6, Говь-Алтайд 16,7, Төв аймагт 16,6, Хөвсгөл аймагт 16,2 центнер үр тариаг нэг га талбайгаас хураан авч байгаа. Мөн нэг га талбайгаас 94 центнер төмс хураан авч байсан бол энэ жил 126 центнер болж өссөн. Харин хүнсний ногооны тухайд мөн л тодорхой хувиар өссөн” хэмээн ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажилласан талаараа Засгийн газрын гишүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд нарт даалгасан байна. Тодруулбал, дотоодын ургацаас хүнсний улаанбуудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Сангийн сайдтай хамтран судалж шийдвэрлэхийг үүрэгджээ. Ургац хураалтын дүн, 2018-2019 оны буудай гурилын баланс, гурилын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний борлуулалттай уялдуулан импортын квот тогтоох, Тариалан эрхлэлтийг дэмжих санд авах хүнсний улаанбуудайг стандартад нийцүүлэн түр журмаар зохицуулалт хийхийг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзоригт даалгасан. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг салбарын сайд, Эрчим хүчний сайдтай хамтран судалж шийдвэрлэхийг тус тус даалгажээ.

Ургац тээвэрт ажиллах хүнд даацын автомашины хүрэлцээг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх, ургацад ажиллаж буй цэргийн алба хаагчдын ажиллах хугацааг сунгахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нарт даалгасан аж. Үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн авто замыг засварлах арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар авч ажиллахаар болжээ.

Энэ сарын 11-ний байдлаар малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир бэлтгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73,5 хувьтай байгаа аж. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж яваа. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *