Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та цуврал лекц тавьж байгаа гэлүү?
-Дэлхийн шилдэг 50 философичийн тухай цуврал арван лекц тавьж байгаа. Өнөөдрийн хүн төрөлхтөн тэр хүмүүсийн бичиж үлдээсэн ном, үзэл бодлоор сайхан амьдраад явж байна шүү дээ.
-Тэдгээр философичдын мөрөөр гэж үү?
-Тийм. Хүн төрөлхтний орчин үеийн сайн сайхан амьдрал, хөгжил, техник технологи гээд юу байдаг юм, арван жилийн сургуулиас их сургууль хүртэлх мэдлэг, шинжлэх ухаан энэ бүхэн чинь философиос л гаралтай. Философич гэж хүмүүс гарч ирээгүй бол бид бүгдээрээ агуйд байх юм уу, эсвэл бүгдээрээ шашинд орчихсон, мухар сүсэгт автчихсан бичиг үсэг ч байхгүй, боол ч гэдэг юм уу, тийм л байх байсан. Философичид гарч ирж байж эрх чөлөө, ардчилал, хүний эрх, боловсрол, биеэ дааж хэнээс ч хамааралгүй явах, тэгш эрх гэсэн энэ бүгд бий болгосон. Улс төр чинь бас философиос гаралтай. Хаан улс төр ярихгүй. Дарлаж л байхыг бодно. Сүм хийд улс төр ярихгүй шүү дээ. Мунхруулаад л мөнгийг нь аваад байж байх сонирхолтой. Хаан, сүм хийд гэсэн хоёр том юмны чинь дунд философичид чинь бүх ажлыг хийлээ. Зарим нь хаанд алуулсан. Сократаас авахуулаад Аристотель, Синека хүртэл хааны тушаалаар хор ууж үхэж байгаа шүү дээ. Галилей, Бруно гээд философичид сүм хийдтэй тэрсэлдсэн. Тэд физикчид биш философичид. Сүм хийд, хаан хоёр чинь ийм аймаар байдаг байхгүй юу.
-Галилей шүүхийн өмнө буруудаад эцэст нь шоронгоос мултрахын тулд эрх баригчдад бууж өгөхдөө ч “Гэхдээ л дэлхий нарыг тойрдог юм даа” гэж хэлж байсан гэдэг шүү дээ?
-Бүх юмны төв бол дэлхий гээд байсан. Тэгэхээр нь Галилей “Тэр чинь биш ээ. Харин бид нарыг тойрч байгаа” гэж хэлснийхээ төлөө алуулах шахсан. Тэгээд хэлснээ буцааж аваад амьд үлдсэн. Монгол орон өнөөдөр яг ийм болчихоод байгаа юм. Монголчууд өнөөдөр яг тэр үеийн хүмүүстэй адилхан болчихоод байна. 500, 600 жилийн өмнө философич хүн юм мэдээд, мэдсэнээ хэлэхээр “Энэ Молор-Эрдэнэ босоо ороолон. Энэ солиотой галзуу” гэнэ. Болдог бол тэд нар чинь хүрч ирээд намайг багалзуурдахад бэлэн байна. Нөгөө талд хаан буюу улс төр, улс төрийн намууд байна. Тэд намайг харж байна. Энэ нөхөр айхавтар цэцэн үг хэлчих вий, улстөр рүү битгий орж ирээсэй, сонинд битгий гаргаарай, зурагтаар битгий яриул. Төр, улс төрийнхөн чинь надаас аль болох л хол байхыг бодож байна.
-Яг энэ цаг үед дэлхийн хэмжээнд философийн ямар чиг хандлага, урсгал, философич моданд орж байна вэ. Ямар философичийн ном, номлол дэлхийд үнэлэгдэж байгаа вэ?
-Философи явсаар байгаад их сургуульд сураад төгсөөд диплом авдаг мэргэжил болчихлоо. Америк, Япон, Германы их сургуульд миний яриад байгаа философичдын түүхийг яриад, яаж бодож сурах вэ, яаж ном бичих вэ, яаж ухамсартай болох вэ, яаж эрдэмтэй болох вэ гээд номнуудаа заагаад дипломоо аваад явж байгаа л даа. Өнөөдрийн түвшинд хүнд төрөлхтөнд алдартай, номнууд нь зарагддаг, гайхамшигтай философич гэвэл Славой Жижек байна. Хуучин Югославын иргэн. Югослав задрахад Словений иргэн болчихсон. Энэ имперализм, капитализм бол хүн төрөлхтнийг баллах юм байна. Яагаад вэ гэвэл капитализм, имперализм нь дандаа ашгийн төлөө. Ашгийн төлөө гэхээр ханаж цадна гэж байхгүй. Ханаж цаддаггүй, ашгийн төлөөх байгуулалт чинь яаж байна вэ гэхээр газрын баялаг, нөөц, байгаль, усыг эцэс төгсгөлгүй хэрэглэж байж ашигтай ажиллана. Тэгэхээр яваандаа дэлхийг капиталист импералистүүд баллах юм байна. Одоо буцаад ашиг хайдаггүй нийгэм рүүгээ оръё. Либерализмын онолоосоо татгалзъя. Буцаад хүн төрөлхтөн анх, хамтдаа явж байсан коммунизм гэдэг юм руугаа орцгооё. Бид социализм, коммунизм гэдэг юмыг тухайн үедээ сайн ойлгож чадаагүй, заримыг нь буруу ойлгосноос хэтрүүлсэн байна. Зарим юманд харшилтай байжээ, хүний эрх чөлөөг хааж байсан юм байна. Тиймээс одоо хамгийн гоё социализм, коммунизмыг байгуулах үе ирчихлээ гэж Жижек номондоо бичээд байгаа юм. Одоо хүн төрөлхтөн эвтэй найртай, тэгш эрхтэй, найзархаг, хэт их шуналтай биш, хэт их эдийн засаг шүтээгүй, хэт их улс төр шүтсэн биш, ерөнхийдөө хүнийг амар тайван байлгах амьдралыг л дэмжсэн, тийм бололцоо олгосон бодлого, философийг барья гэсэн онолтой.
-Та лекцэнд энэ мэт 50 шилдэг философичийн тухай ярьж байгаа юм байна. Тийм үү?
-50 чухал философич. Өнөөдрийн бидний, орчин үеийн амьдралд шууд нөлөөлсөн хүмүүс. Маркс бол шууд нөлөөлсөн. Аристотель шууд нөлөөлсөн. Аристотель бол өнөөдрийн бидний яриад байгаа ардчиллыг үндэслэсэн хүн байхгүй юу. Ерөнхий боловсролын сургууль байна шүү дээ, тэр чинь Аристотелиэс эхлэлтэй. Гэх мэтчилэнгээр өнөөдрийн бидний амьдралд философичид шууд нөлөөлсөн. Жишээ нь, өнөөдрийн Улаанбаатар байна. Философичид л байсан болохоор бид нар өнөөдөр ингэж амьдарч байгаа юм. Хэрвээ философичид байгаагүй бол өдийд Улаанбаатар хот зүгээр л Гандан байх байсан. Төвдүүд ороод ирчихсэн байх байсан. Тэгсэн бол таныг хаана байхыг би мэдэхгүй. Би бол байхгүй байх л даа. Лам нарт алуулчихсан байх байлгүй (Инээв).
-“Надад туслаач, энэ миний Хаан банкны данс, тэрэнд энэнд тусалцгаая, хандив босгоё, дэмжье” гэдэг үзэл хандлага их боллоо. Бас “Үйлийн үрээ эдэлнэ дээ, чи” гэдэг заналхийлэл, сүрдүүлэг газар авлаа. Энэ бүхнийг нэг талаас нь харвал сайн ч гэлээ бас л утгагүй болоод ирлээ шүү?
-Наадах чинь их осолтой. Тусална гэдэг ямар ч утгагүй зүйл. Хэн ч, хэнд ч, хэзээ ч хангалттай тусалж чадахгүй. Туслуулж байгаа хүн “Энэнээс илүү надад туслах боломж байсан ш дээ” гэдэг. Туслах осолтой. Туслуулж байгаа хүн хэзээ ч сэтгэл ханахгүй. Хүнийг зүгээр дэмжиж болно. Сэтгэлийн дэмжлэг. Сүрдүүлэхийнхээ оронд “Чи зоригтой бай, битгий гутар” гэж хэл. Чи, бид бүгдээрээ өвчин тусна. Чи ганцаараа тусч байгаа биш. Би ч бас хэзээ өвчин тусахаа мэдэхгүй. Бид нар хэзээ нэгэн цагт үхнэ. Хэн нэгэн үхчихлээ гээд би ямар мөнх үлдэж байгаа биш. Тийм учраас хүн үхлээ гээд учир зүггүй харамсч гашуудаад байх хэрэггүй. Бүгдээрээ үхнэ. Хүн өвчин туслаа гээд тэрэндээ шаналаад байх хэрэггүй. Хүн өвчин тусч байна гэдэг чинь маш сайн. Миний бие эсэргүүцлээ илэрхийлж байна шүү дээ. Та хамаагүй даараад байвал, дулаахан хувцас өмсөхгүй бол ханиад хүрнэ. Хэрвээ элгэнд муу хоол унд идээд, амьдралын дэглэм тань муу байвал элэг чинь муудаж л таараа. Тэгэхээр элэг чинь өвдөж байгаа байхгүй юу. Өвчин гэдэг чинь эзнээ анхааруулж болгоомжлуулж байгаа юм. Тэрэнд нь баярлах хэрэгтэй. Хэрвээ тэгж анхааруулдаггүй байсан бол бид нам үхнэ. Хоёрдугаарт, хүнийг хэтэрхий их хайрлаж, хэтэрхий их өрөвдөх бол маш утгагүй. Хүнийг хэтрүүлэн хайрлах нь цаад хүнээ балладаг. Жишээ нь, ээж хүн хүүхдээ хэтрүүлэн хайрлавал хүүхэд нь солиорно. Галзуурна. Буцаагаад ээжийгээ баллана. Хүн биш болно. Тиймээс хайр хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөх хязгаартай байх ёстой. Хүнийг өрөвдөнө гэдэг цаад хүнээ доромжилж байгаатай адилхан. Хэн нэгэн намайг өрөвдвөл “Уучлаарай намайг битгий өрөвдөөрэй. Би тийм өрөвдмөөр хүн биш шүү” гэж хэлнэ. Би ямар ч байдалд байсан би хэзээ ч өрөвдмөөр биш. Үгээгүй ядуу байсан ч тэр нь өрөвдмөөр байдал биш. Яг одоогийн минь нөхцөл байдал ядуу байлаа гэхэд дараагийн долоо хоногт сайжрах ч юм билүү. Хэт их өрөвдөж, хайрлах бол хүнийг балладаг байхгүй юу.
-Манайд автобусанд ахимаг настай, тавь дөнгөж гарсан хүмүүс орж ирээд залуусыг босгож суудлыг нь эзлэх сонирхолтой. Гэтэл Японд метронд ахмад настай хүнд суудал тавьж өгвөл нөгөө хүн нь өөрийг нь өрөвдөж доромжиллоо, хөгшин гэж хүмүүст ойлгууллаа гээд дургүйцэж “Өөрөө суу” гэдэг гэсэн?
-Өрөвдүүлж байгаадаа ичиж байна шүү дээ. Миний хөл сайн, би өрөвдмөөр, туслуулмаар харагдмааргүй байна, уучлаарай гэж байгаа юм. Хүн тийм байх ёстой. Өөрөө өөртөө бахархалтай байх ёстой. Данс нээгээд бие өвдчихлөө, надад мөнгөөр туслаарай гэдэг чинь арчаагүй хүний шинж байхгүй юу. Би өмнө нь хэлж л байсан. Монгол хүн хүний нийгэмд гологдож байна. Хүний нийгэмд хүн яаж амьдарч, биеэ яаж зөв авч явдгийг мэдэхгүй байна, тэгж явж чадахгүй байна. Үнэхээр гологдож байна шүү дээ. Зүгээр өөрөө өөрийгөө, биеэ аваад явчихаж чадахгүй байна. Өнөөдөр хүн өөрөө өөрийгөө авч явъя гэвэл ямар их боломж байна вэ. Өлсөх боломжгүй, хувцас хунараар ч дутахгүй. Хүн өөрөө жаахан хичээх л юм бол нийгэмд ажилгүй суух ч үгүй. Цалингаа л голоод байгаа. Хүмүүсийн нэг асуудал бий. Ажлыг там юм уу, муу хувь заяа шиг ойлгодог. “Чи нэг л ажлаа хийгээд л байх юм” гэнэ. Хүн ажлаа хийхгүй өөр юу хийдэг юм. “Ажлаас их юм алга” гэдэг. Тэгээд ажлаас өөр юу их байх ёстой юм. Ажил гэдэг чинь бидний амьдралын утга учир. Монголчууд ажил, амьдралыг тусад нь үзэх гээд байдаг. Үгүй. Ажил, амьдрал нэг байх ёстой. Тийм учраас мэргэжлээ сонгохдоо дуртай мэргэжлээ сонго. Дургүй мэргэжлээ сонгочихоор ажилдаа дургүй байдаг. Тэгээд л худлаа өөр юм хайгаад гүйгээд байдаг. Дуртай мэргэжлээ сонгочихсон хүн баярлаад л ажиллаад байдаг байхгүй юу.
-Цалин багатай ч гэсэн эргэн тойрныхондоо загнуулсан хэрнээ л ажил руугаа гүйгээд байдаг?
-Тэгэхгүй яадаг юм. Тэр чинь өөрийнх нь амьдрал юм чинь. Ажил өөрөө миний амьдрал. Миний хувьд философийн ном бичээд, лекц уншаад өдөржингөө ажилладаг. Энэ чинь миний амьдрал юм чинь. Эндээс тусдаа амьдрал надад байхгүй шүү дээ. Тусдаа байвал утгагүй. Энийг чинь монголчууд ойлгохгүй байна.
-“Молор-Эрдэнэ философи”-ийн академийнхаа талаар сонирхуулбал. Академи гэхээр олзуурхууштай санагдаж байна?
-Академи гэдэг үг нь Грекийн философиос гаралтай. Хамгийн анх Грекийн философич Платон өөрийнхөө академийг байгуулж байсан. Аливаад шүүмжтэй хандъя, юмны тухай боддог болъё, хий хоосон мэдэмхийрэх биш, амны урлагаараа бурж чалчих биш, юмыг сайн мэдэж аваад баттай мэдэж авсанаа ярьдаг болъё. Баттай юмыг мэдэж авъя, шүүмжтэй хандъя гэсэн 10, 20 хүнийг цуглуулаад л академиа нээсэн байдаг. Дараа нь Аристотель гэдэг шавь нь суралцаж хожим нь өөрийнхөө академийг байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтний түүхэнд философичид өөрийнхөө академийг байгуулаад л, тэндээ лекцээ уншаад онолоо яриад явдаг л даа. Тэгээд би яахав дээ, 2500 жилийн хойно Грекийн Платоноос хойш Монголдоо анхны “Молор-Эрдэнэ философи” гэдэг академийг байгуулж байгаа байхгүй юу. Тэгээд ажлаа эхлүүлээд явж байна. Гэхдээ энд учир зүггүй хүний тархи угаасан гэдэг юм уу, өөрийнхөө үзэл бодлыг тулгасан ч юм уу, тийм юм байхгүй. Ерөөсөө л би өөрт чинь жаахан бодол өгье. Тэр бодлыг та цааш нь үргэлжлүүлээд бод. Тэгээд асуу. Асуугаад, бодоод эхлэхээр түрүүчийнхээсээ огт өөр болчихдог юм шүү гэсэн бие даасан бодол руу л явуулж байгаа юм.
-Оросууд таны зургийг Далай ламын зурагтай зэрэгцүүлж байгаад нэг том нийтлэл бичжээ. Бидний хараагүй л өнцгийг гаргаж ирсэн байна лээ шүү?
-Далай ламыг Монголд л магтаад байгаа болохоос биш дэлхийн улс орнууд түүнд дургүй болчихсон ш дээ. Улс орнууд хүлээж авахаа болиод байна. Германчууд бол маш дургүйцэж байгаа. Энэ хүн өөрийнхөө нутагт юу ч хийдэггүй. Гадуур цэцэн үг хэлээд л явж байдаг. Өөрөө амьдрал үзээгүй, эхнэртэй байж үзээгүй, хүүхэдтэй байж үзээгүй мөртлөө хүмүүст амьдралын зөвлөгөө өгөөд байдаг. Ямар ч амьдралын туршлагагүй хүн яаж амьдралын зөвлөгөө өгөх юм бэ. Хүнд хайртай болж үзээгүй, хүүхэд өсгөж үзээгүй. Тэгчихээд хүүхэд өсгөх талаар хүнд зөвлөгөө өгөөд байж болохгүй биз дээ. Ерөнхийдөө Далай ламыг шүүмжилж байгаа. Түвд оронд эдийн засгийн маш их хохирол учруулсан, өнөөдөр ч гэсэн Түвдэд маш их тусламж авч тэндээ хаан шиг л амьдарч байна. Ийм их шуналтай этгээдийг Монголд ирэхэд монголчууд хүлээж авч төр нь хөл алдаж байхад ганц философич хүн Далай ламын эсрэг үг хэллээ. Зоригтой үг хэллээ гэж оросууд бичсэн байсан. Монголын сэхээтнүүдийн нэг нь Далай ламын эсрэг үг хэлжээ гэсэн. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гээд бүгд сүйд болсон. Хадаг барьж гүйлдээд арчаагаа алдсан шүү дээ. Зуун жилийн өмнө байгаа юм шиг. ХХI зуунд интернэт хөгжчихсөн, мэдлэг боловсрол хөгжчихсөн байхад гадаадад дипломтой сургууль төгсөөд ирсэн сэхээтэн, сайд хүн хэзээ ч тэгж арчаагүйдэхгүй. Тэгэхээр тэр диплом нь худлаа л байхгүй юу. Бид ялна, бид ялна гээд байсан чинь “Мухар сүсэггүй бид ялна, боловсролгүй бид ялна” гэсэн байна шүү дээ. Бөхчүүд, сумочид байна. “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр гардаг бөхчүүд, яруу найрагчид, манай нийгэмд янз бүрийн цэцэн үг хэлдэг нөхөд байна. Тэд бол мухар сүсэгтэй бид ялна, бид боловсролоор яах юм гэдэг. Ер нь одоо боловсролыг тоохгүй байна. Хэн боловсролыг тоож байна вэ. Яагаад вэ гэвэл дипломыг нь маш хурдан худалдаад авчих юм чинь. Боловсролгүй явсан ч сайд болчихож байна. Сумогийн аварга болчихож байна. Улсын наадмаар түрүүлчихэж байна. Боловсролоор яах юм бэ гээд байна ш дээ. Нийгэмд залуучуудад их муухай хүмүүс үлгэр жишээ болж байгаа биз.
Үргэлжлэл бий