Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Миний сайн мэдэх зүйлс

Ток шоуны хатан хаан Опра Уинфригийн “Миний сайн мэдэх зүйлс” номыг энэ удаа онцолж байна. Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар төржээ. Тэднийх тун ядуу айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, 14 настайдаа хүүхэд төрүүлсэн ч төд удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг “Опрагийн шоу”-руу хөтөлжээ.

“Миний сайн мэдэх зүйлс” номыг уншихад Опра Уинфри өөрийн туршлага, мөн амьдралд бидний зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийг энгийнээр илэрхийлсэн нь сэтгэлд нийцсэн юм. Бидний анзаардаггүй энгийн зүйлс хамгийн нандин байдаг гэх илэрхийлэл олон.

Найман бүлэг тус бүрт өөрийн онцлог бүхий эшлэл сонирхол татахуйц өгүүлбэрээр илэрхийлдэг. Жигүүрээ дэлгэн өндөрт дүүлэн нис, урьд өмнө хэний ч хараагүй зүйлийг хар, холын холд аял, төөрөн будилж цөхөр, гэхдээ тэмүүлсээр бай. Эхлээд өөртөө хэн болохыг хүсч байгаагаа хэл. Дараа нь хийх ёстойгоо хий.

Түймэр асч, саравч нурлаа ч тэргэл сар харагдана гэх мэтчилэн халуун дотно зөвлөгөөнүүд бий. Өөрийн амьдралын өдөр тутмын зүйлсээсээ аз жаргал сайн сайхныг мэдэрдэг талаар өгүүлдэг. Тэрээр ирээдүйг яг таг төлөвлөхөөс татгалзаж, өнгөрсөн үеийн алдаандаа харамсахгүйгээр одооныхоо жинхэнэ хүч чадлыг мэдрэн өнөөдрөөрөө амьдрах хамгаас чухал гэдгийг онцолжээ. Тэр зөвхөн өнөөдөртөө л амьдардаг. Түүний ямар нэгэн зүйлийг бүтээх, амьдралыг ухаарах, амжиж хайрлах, буруу зүйлсээс зугтаах гэх мэт зүйлс яг одоод л байдаг. Опра аз жаргал, баяр баясал сэтгэл ханамжийг хааяахан тааламжтай амтлах хар шоколад, ноходтойгоо тоглох, их ажлын дараа ярилцах итгэлтэй найз, хашаандаа тарьдаг жимсээ түүхдээ, гунигтай үедээ сонсох дуртай дуу гэх мэт энгийн л зүйлс гэж үздэг. Энэхүү ном нь амьдралд юу ч тохиолдсон даван туулах, өөрийгөө олж харах, нээх хэрэгтэй талаар зөвлөдөг. Өнөөдөртөө амьдарч энгийн зүйлсээс амар амгаланг олж харан хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх хэрэгтэй тухай өгүүлнэ. Амьдралд боломж заримдаа ганцхан удаа ирдэг. Эргэлдэн бүжих, эсвэл сууж үлдэх сонголт байвал эргэлзэлгүй хөгжин бүжнэ гэдэгт чинь би итгэж байна хэмээжээ. Хамгийн хэцүү үед ч тэвчээр заан урагшаа дахиад ганц л алхахад бид бүхэн амьдралын өгөөмөр хишгийг хүртэх болно. Хэрэв айдсаа ялан дийлж хөөн зайлуулж чадах юм бол хариулт нь тэр дороо олдоно гэдэг Опрагийн бас нэгэн сайн мэддэг зүйл аж. Амьдралын урт аялал бол өөрийгөө таньж мэдэх аян юм. Хэрвээ бид анзаарч чадвал амьдрал хичнээн сайхныг уг номд өгүүлнэ. Тэрээр “Миний хувьд ном бол нэг төрлийн зугтах зам юм. Сайн ном унших бол хэн ч халдашгүй эрх, хүссэн газартаа хүрч очих боломж. Энэ бол яах аргагүй миний цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай арга. Миний сайн мэдэх зүйл гэвэл унших нь таны сэтгэлгээг задалж, нээлттэй болгож өгнө. Ингэснээр дотоод сэтгэлээ ил гаргаж, оюун ухааныхаа гүнд нэвтрэх боломжийг олгоно. Хамгийн гайхалтай нь уншсанаар та илүү өндөрт гарах болно” гэжээ. Мөн “Миний сайн мэдэх зүйл бол хөл дээрээ босч зогсох, хязгаарыг давж алхах, хүссэнээрээ амьдрах сонголтоос таны хүрэх замын аялал эхэлнэ” хэмээжээ. Түүнчлэн “Авираад байгаарай” зэрэг хүнд урам зориг өгөх үгсээр дүүрэн ном юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *