Categories
мэдээ цаг-үе

Х.Сайнжаргал: Цэрэнчимэдийн Баяраа биедээ “мөс” гэх бодисыг хадгалсан, бусдад худалдаалсан үндэслэлээр шалгагдаж байсан

– Ц.БАЯРАА БАРИВЧЛАГДАХ ҮЕДЭЭ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ХЭРЭГЛЭСЭН БАЙСАН НЬ ТОГТООГДСОН –

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа билээ. Тэрээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад Х.Сайнжаргалаас тодрууллаа.


-Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэх этгээд болох Ц.Баярааг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Цэрэнчимэдийн Баяраа нь өнгөрсөн оны долдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Gold” хэмээх зочид буудалд 2.7 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгоор биедээ хадгалсан байдалтай цагдаагийн алба хаагчдад баригдсан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Манайхаас өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд Цэрэнчимэдийн Баяраад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийн материал болон оролцогчдын хамт шилжүүлсэн байдаг юм билээ. Цэрэнчимэдийн Баяраа нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гадуур байцаагдаж байхдаа оргон зугтсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатны мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн үг. Одоо шүүх болон Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

-Ц.Баяраа хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хаанаас олж авсан юм бол. Шалгалтын явцад хэрэглэсэн, бусдад худалдсан байдал тогтоогдсон уу. Оролцогчид гэж ямар хүмүүс байсан бэ?

-Цэрэнчимэдийн Баяраа баривчлагдах үедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь биеэс нь авсан биологийн дээж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайн хүн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглээд мансуурсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т заасны дагуу шийддэг. Үүний дагуу шийдвэрлэсэн. Харин Цэрэнчимэдийн Баяраа одоо биедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хадгалсан, бусдад худалдаалсан үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Энэ нь хуулийн дагуу шийтгэвэл хүндрэх зүйлчлэлтэй байдаг. Түүнтэй хамт хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гадуур байцаагдаж байгаа. Цэрэнчимэдийн Баяраа өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шийтгүүлж байсан. Ял авч байгаагүй. Тэрээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хаанаас олж авсан нь хавтас хэрэгт бий. Нууцлалын зэрэгтэй. Түүний содон, шинж тэмдэг байдлыг зурагт харуулсан. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн байгууллага хамтарч ажиллаж байна. Тухайн хүнийг түргэн олж, тогтоож Монгол Улсын хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэнд нь зохих ял, хариуцлагыг хүлээлгэх асуудалд арга хэмжээ авахаар ажиллаж байна гэсэн үг.

-Ц.Баяраагийн ар гэрийнхнээс нь байцаалт, мэдүүлэг авсан уу?

-Ар гэрийнхнээс нь тодорхой байцаалт, мэдүүлэг авсан. Орон байранд нь прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг, шалгалт хийсэн. Шалгалтын ажиллагаа бүрэн хийгдэж, хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгтэн мөн гэдгийг тогтоосны үндсэн дээр хэргийг Нийслэлийн прокурор руу шилжүүлсэн. Эрэн сурвалжлах ажиллагаатай холбогдуулан бүхий л арга хэмжээг авч байна. Ар гэрийнхэн, ах дүү, хамаатан саднаас нь байцаалт авч, сурагласан. Мөн ямар хүнтэй ихэвчлэн харилцаа холбоо-той вэ гэдгийг ч тогтоосон. Цэрэнчимэдийн Баяраа 1979 онд төрсөн. Харсан, үзсэн хүн байвал, яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхааруулъя. Цагдаагийн байгууллагаас өмнө нь түүнийг баривчлаад хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иймээс улсын хилээр гарах, орох боломжгүй. Хил хамгаалах алба болон хөдөө, орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.

Манайх хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн этгээдүүдийг шуурхай дайчлан баривчилдаг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байдлаар мэдээллүүдийг шуурхай хүргэдэг. Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн холбогдогчдын 70 хувь нь эрэгтэй, 30 хувь нь эмэгтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *