УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.
-Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц барих төсөл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Уг төсөл хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Шижигтийн хавцал гэх байгалиасаа сайхан өгөгдөлтэй, усан цахилгаан станц барихад маш тохиромжтой газар байдаг. Энэхүү усан цахилгаан станцыг барих төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтад орсон. Ингэснээр төслийн хэрэгжилт гараанаасаа хөдөлж, ирэх оны наймдугаар сар гэхэд төслийн бүтээн байгуулалт эхлэх нь бодитой болсон.
-Төсөл хэрэгжсэнээр ямар давуу талууд бий болох вэ?
-Ач холбогдлыг тоочихын өмнө энэ төслийг яагаад зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдгийг хэлсэн нь зүйтэй. Манай улс нь үйлдвэрлэсэн цахилгаанаа шууд хэрэглээд явдаг технологитой. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн цахилгаанаа нөөцлөх технологи байхгүй. Тиймдээ ч цахилгааны хэрэглээ өссөн тохиолдолд зөрүүг нь ОХУ-аас импортоор аван зохицуулж ирсэн 40-өөд жилийн түүхтэй. Өнөөдрийн байдлаар хоногийн хамгийн их ачаалал 850 мВт, хамгийн бага нь 560 мВт орчим байгаа. Оргил ачаалал 850 мВт-д хүрэхэд ОХУ-аас 192 мВт эрчим хүч импортолжээ. Манай орны хөгжлийн хэтийн чиг хандлагаар 2020 онд оргил ачаалал 1128 мВт-д хүрэх магадлалтай. Тэр үед импортоор 500 орчим мВт эрчим хүч авахаар байна. Гэтэл ОХУ-аас цахилгаан импортолж байгаа шугамын хүчин чадлын дээд хэмжээ нь 245 мВт байдаг. Хэрэв үүнээс илүү авах нөхцөл үүсвэл хэрэглээгээ хязгаарлах ёстой болно. Цахилгааны хэрэглэгээний хязгаарлалтад хамгийн түрүүнд өртөх хэсэг нь баруун бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчид байгаа юм. Тус систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, хоёр орчим хувийг БНХАУ-аас тус тус импортоор авдаг. Үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байна. Цахилгаан эрчим хүчний энэхүү хараат, найдваргүй байдал нь баруун бүс нутгийн хөгжил цэцэглэлт, үйлдвэржилтийн асуудлыг тодорхойгүй, бүрхэг болгож байгаа юм. Иймд энэ эрсдэлийг бид цаг алдалгүй арилгах зайлшгүй шаардлагатай.
-Төсөл хэрэгжсэнээр баруун бүсийн хэрэглэгчид цахилгааны найдвартай эх үүсвэртэй болох ач холбогдолтой юм байна гэж ойлгож болох уу?
-Цахилгааны найдвартай эх үүсвэртэй болохоос гадна эдийн засгийн үр ашигтай байдал бий болно. Баруун бүсийн эрчим хүчний систем нь нэг кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу ойролцоогоор 110 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа. Нэг кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 100 төгрөг. Нэг кВт.ц тутам 100 орчим төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү алдагдлыг хаахын тулд жил бүр 7-8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасаар ирсэн.
Усан цахилгаан станц бол хамгийн тогтвортой бөгөөд хямд үйлдвэрлэл. Дөргөний УЦС-ын цахилгаан нь импортын цахилгааны үнээс 6-7 дахин хямд байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гарах нэг квт.цаг эрчим хүчний өртөг 35-40 төгрөг байхаар төлөвлөгдөж байгаа. УЦС барих нь өндөр өртөгтэй хэдий ч үйлдвэрлэж буй цахилгаан нь хямд өртөгтэй байх тул гаргасан зардлаа эргээд нөхчих эдийн засгийн үр ашигтай төсөл юм.
-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц хичнээн хэмжээний өртөгөөр босох вэ?
-Тус УЦС-ыг 288.5 сая ам.долларт барьж байгуулахаар зээлийн хэлэлцээрт тусгагдсан. 288,5 сая ам.доллар гэдэг бол ойролцоогоор 730 тэрбум төгрөг. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээ, ажлын байр Ховд аймаг болон баруун бүсийн аймгуудад бий болно гэсэн үг. Ховд аймгийн жилдээ үйлдвэрлэдэг дотоодын нийт бүтээгдэхүүн 330 тэрбум орчим төгрөг байдаг. Тус аймгийн малчид, компаниуд, үйлдвэр үйлчилгээний газрууд бүгд нийлээд энэ хэмжээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үйлдвэрлэж байгаа хэрэг. Тэгвэл тус аймгийн хоёр жилд үйлдвэрлэх хэмжээний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг шингээх хэмжээний зах зээл бий болно гэсэн үг. Энэ утгаараа бүс нутгийн ард иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, ажлын байр олноор бий болох ач холбогдолтой. УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 70-100 хүн байнгын ажлын байраар хангагдана гэсэн тооцоо байгаа.
-УЦС нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу?
-УЦС-ын ТЭЗҮ-ийн хүрээнд байгаль орчин, газрын харилцаа, орон нутагтай харилцах, газар хөдлөл, геологийн зэрэг маш олон чиглэлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгүүлж дүгнэлт, үнэлгээ гаргана. Энэхүү үнэлгээ хийгдсэний дараа тэд-гээрт заагдсан байгаль хамгаалах менежмэнтийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, арга хэмжээ, зөвлөмжийг авч хэрэгжүүлснээр байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатайгаар төслийг хэрэгжүүлэх боломжтой. Баруун бүсэд өмнө нь дунд зэргийн хүчин чадалтай хоёр УЦС баригдсан. Эдгээрээс болж байгаль орчинд ямар нэг сөрөг үр дүн гараагүй. Завхан гол дээр баригдсан Тайширын УЦС баригдахаас өмнө жилийн урсацын дундаж хэмжээ маш багассан байсан. Харин далан баригдсанаар далангаас доош урсацын хэмжээ тогтмолжин, нэмэгдэх хандлагатай болсон. Дөргөний УЦС сүүлийн жилүүдэд горимынхаа дагуу бүрэн чадлаараа ажиллан одоо баруун гурван аймгийн нийт эрчим хүчний хэрэглээний 22 хувийг хангаж байна. “УЦС баригдсанаар Ховд гол, Хар Ус нуурт аюул учирна, загас устах аюултай” гэсэн болгоомжлол байдаг. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар УЦС нь усны чанарт нөлөөлөхгүй, усны уналт урсгалыг ашиглаж, хүрд эргүүлж эрчим хүч гаргаж авдаг.
Барилгын явцад богино хугацааны өөрчлөлт орох боловч хяналт шинжилгээний ажлыг урьдчилан төлөвлөх болно. Тухайлбал, далан барих үед голын усыг хаадаггүй, далангийн барилгын шатанд голын урсгалыг өөр талаар шилжүүлэн урсгана. Далан баригдсанаас хойш ойролцоогоор 2-3 жил нийт урсцын тодорхой хувийг урсгаж, үлдсэнийг нь хуримтлуулж усан сан буюу нуур үүсгэнэ. Усан сан үүссэнээр загаснууд амьдрах боломжтой газар луу шилжин, загасны тоо толгой нэмэгддэг. Усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгох боломжтой. Мөн орон нутагт усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ. Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар агаарын чийгшлийг нэмэгдүүлж орон нутгийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлнэ.
-Дээр хэлсэнчлэн энэ төсөл аль 2003 оноос яригдаж, олон ч УИХ, Засгийн газрын нүүр үзсэн. Хэрэгжихгүй өнөөдрийг хүрсэн нь ямар учиртай юм бол?
-Мэдээж санхүүжилтийн асуудал байсан. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг “ВОТ” буюу барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр зарласан байсан ч сонирхогч олдохгүй байсан байх. Мөн төрийн албаны ажлын уялдаа холбоо муу байсантай холбоотой гэж үзэж байгаа. Энэ төсөлд Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар бүгд ач холбогдол өгч УИХ-ын гишүүдийн зүгээс шахаж шаардаад эхлэхээр ажил хэрэг болж байна гэдгийг үгүйсгэх аргагүй.
-Төрийн албаны ажлын хоорондын уялдаа холбоо, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, чадвар муу байгаад иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Ур чадварыг нь харж томилох бус танил тал, хэн нэгний татаасаар төрийн албыг бүрдүүлж байгаа нь үүнд нөлөөлж байгаа болов уу?
-Төрийн албаны мерит зарчим буюу ур чадварын шалгуураар нь ажилд дэв-шүүлдэг, томилдог зарчим алдагдсантай холбоотой. Анх хүн ажилд орохдоо онолын мэдлэг төдийхөнтэй ирдэг. Ажлын явцдаа сурч боловсроод, туршлага хуримтлуулаад, тодорхой хэсгийнх нь ур чадвар дээшлээд ирдэг. Тэр ур чадвартай хэсгээсээ ажилд дэвшүүлдэг, томилдог зарчим үйлчлээд эхэлвэл шилдэг байхын төлөө тэмүүлэх, ажлаа сайн хийх, ур чадвараа дээшлүүлэх тэмүүлэл бий болж, төрийн алба өөрөө чадваржих юм. Бас нэг асуудал бол ёс зүйн асуудал байгаа юм. Аливаа байгууллагын, ялангуяа удирдлагын мораль алдагдаад ирэхээр удирдлагаа хүндэтгэх, айх, ах захын ёс байхгүй болчихож байгаа юм. Төрийн албаны тухай шинэ хууль ирэх оны эхний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Уг хуулийн гол зохицуулалтын нэг нь дээр дурдсан мерит зарчмыг хангуулах юм. Мөн нэг гол зохицуулалт нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг дахиж төрийн албанд ажиллуулахгүй тухай заалт байгаа. Энэ төрлийн хэрэг хийсэн хүн дахиж нийтийн албанд ажиллах ёс суртахууны эрхгүй юм.
-УИХ-аар 2019 оны төсөв хэлэлцэгдэж байна. Энэ удаагийн төсвийн тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ирэх 2019 онд 1,913.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөв орж ирсэн. Төсвийн алдагдлаа сайн бууруулсан төсөв орж ирсэн нь сайшаалтай байгаа. Энэ УИХ 2016 оны төсвийн тодотголыг 4,346.1 тэрбум төгрөг, 2017 оны төсвийг 2,711.5 тэрбум төгрөг, 2018 оны төсвийг 2,420.1 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталж байна. Энэ нь төсвийн сахилга бат сайжирч байгаа хэрэг гэж үзэж байна. Гэхдээ төсвийн алдагдлыг багасгах өөр боломжууд бий. Тухайлбал татаас авч, үйл ажиллагаа явуулж байгаа төрийн мэдлийн аж ахуйн нэгжийг хувьчлах, бондын мөнгөнөөс зээл авсан компаниудаар нь бондын төлөлтийг хийлгэх тал дээр дутуу ажилласан байна уу гэж харж байна. Нэг үеэ бодвол төсвийн хүндрэлээсээ гарчихсан, эдийн засгийн өсөлт ажиглагдаад эхэлчихсэн байгаа тул жижиг дунд бизнесүүдээ дэмжих, ялангуяа хөдөө орон нутагт ажлын байр бий болгох тал дээр зоригтой хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай санхүүжилтийг олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.