“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг
“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө баривчилсан. Энэ талаарх мэдээлэл шуугиан болж байгаа билээ. Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал “Энэ сарын 9-нд ажил тарах үеэр прокурорын санал ирэхээс өмнө Р.Ганзоригийн өмгөөлөгч хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу шүүх бүрэлдэхүүн хуралдаж, Р.Ганзориг нарыг сулласан юм. Учир нь тэднийг хойшлуулшгүй 48 цаг баривчилсны хугацаа нь дууссан байсан” гэв.
Р.ГАНЗОРИГИЙГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ “ЖАСТ” ГРУППИЙН АСУУДЛААР ТҮР СААТУУЛСАН ГЭЛЭЭ
“Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт саатуулж, сулласан асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Эх сурвалж ““Жаст” групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг хэрэгт холбогдуулан “Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг, тус группийн дэд захирал болох түүний хоёр дахь хүү Г.Дашням нарыг Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Р.Ганзориг, Г.Дашням нарыг энэ сарын 8-ны шөнөөс эхэлж, хойшлуулшгүй 48 цаг түр саатуулах арга хэмжээг авсан. Хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас Р.Ганзориг, Г.Дашням нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзориг нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудал удахгүй шийдэгдэнэ. Тэднийг мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан” хэмээлээ.
“Магнай трейд” группийн дэд захирал Г.Дашням
Р.ГАНЗОРИГ НАРЫГ ХОРЬЖ, ШАЛГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзориг нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг уржигдар орой Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Уг саналыг шүүх хүлээн авч, өчигдөр хянан хэлэлцэв. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзориг нарыг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 14.13 дугаар зүйл нь “Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг” юм. Тус зүйлийн нэгдүгээр хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзориг, Г.Дашням нарыг шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор цагдан хорьсон байж болзошгүй гэдэг.
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд холбогдох хэрэгтэй холбоотойгоор тэднийг саатуулсан нь үнэн гэж таамаглаж байна. Учир нь, “Магнай трейд” групп болон “Жаст” группийн дунд шатахуун түгээх станц худалдсан, худалдан авсан асуудал бий. Р.Ганзориг 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст” группийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ шилжүүлсэн мэдээлэл байдаг.
Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани Улаанбаатар, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, нийслэл болон 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй том компани байсан. Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт шалгагдаж байгаа. Үүнийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа билээ.
Харин Р.Ганзориг “Жаст ойл” компанийг худалдан авсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” хууль бус гэж үзэж буй талаарх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийг худалдаж авахдаа албан ёсны зөвшөөрөлгүй, илт хууль зөрчиж, хүүгийнхээ нэр дээр шууд шилжүүлсэн гэх дуулианд холбогдож байсан гэв. “Магнай трейд” группийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн том хүү Г.Магнай ажилладаг юм байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Р.Ганзориг, Г.Дашням нарыг “Жаст” групптэй холбоотой зарим нэг асуудлаар байцаалт аваад, түр саатуулан сулласан гэдгийг онцоллоо. Дашрамд дурдахад Р.Ганзориг Хэнтий аймгийнх юм.
One reply on ““Магнай трейд” группийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг, дэд захирал Г.Дашням нарыг суллажээ”
Aprovecha al maximo tu experiencia de juego con 1xslots y disfruta de bonos exclusivos.