Categories
мэдээ цаг-үе

Б.Цогтдэлгэр: “18 нас” дууг дуулж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн босгоор алхаж байлаа

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин Б.Цогтдэлгэртэй ярилцлаа.


-Монголын рок попын ХХ зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн босгоор хэрхэн алхаж байв. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-“Соёл-Эрдэнэ”-д орохоос өмнө 1986 онд би Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх “Кума” хамтлагийн гоцлол дуучин байлаа. 1990 онд олон аймаг, хотын залуус оролцдог эстрадын дуу дуулаачдын “Одод 90” нэртэй уралдааныг соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай зохион байгуулж байсан. Энэ уралдаанд би хамтлагийнхаа Маштөгстэй хамт оролцоод тэргүүн байр эзэлж байлаа. Тэр үед л анх “Соёл-Эрдэнэ” хамтлаг алдарт “18 нас” дууг дуулж шалгаруулалтад орж байлаа. Харин албан ёсоор хамтлагийн гишүүн болсон нь 1993 он юм даа. Тэр жилээ би бас СУИС-д орж дуурийн дуу дуулаачийн ангид хоёр жил сурч төгссөн.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагтай хэд хэдэн олон улсын дууны уралдаанд амжилттай оролцож байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Олон улсын дуулаачдын тэмцээнд олон удаа оролцож байсан шүү. Анх 1997 онд БНАСАУ-ын Пхеньянд болсон “Хаврын баяр” наадамд “Соёл- Эрдэнэ” хамтлагаа төлөөлж оролцоод, “Алтан цом” авчирч байлаа. Сүүлд 2005 онд энэ наадамд түрүүлсэн.

-“Соёл-Эрдэнэ”-д байхдаа гол төлөв хөгжмийн зохиолч З.Зундарийн уран бүтээлүүдийг дуулдаг байжээ?

-З.Зундарь гэдэг чинь Монголын рок попын том эцэг хүн л дээ. Том гавьяа байгуулсан хүн. Энэ эрхмийн зохиосон эрэгтэй талын бүх л уран бүтээлийг дуулсан даа. “Сайхан аа”, “Сэтгэлийн уянга” гэх мэт тухайн үеийн залуусын амны уншлага болсон сайхан уран бүтээлээр тайзан дээрээс мэндчилж байлаа. Өнөө хэр нь дуулагдсаар байдаг даа.

-Нэгэн үеийн дуучдынхаа талаар дурсахгүй юу?

-Ардчиллын буянаар дуучид, уран бүтээлчид бүтээлээ чөлөөтэй туурвиж эхэлсэн. Шуудхан хэлэхэд орцонд гитартай дуулж байсан залуус нэгэн тайзан дээр хамтдаа гарч уралдаан тэмцээнд орж, уран бүтээлээрээ өөр хоорондоо өрсөлдөж байлаа. “Харанга”, “Харш”, “Айзам” гээд рок попын сор болсон хамтлагуудын суурь энэ үед л тавигдсан. Одоо хэр нь дуунууд нь залуусыг байлдан дагуулсаар л яваа шүү дээ.

-Та “Соёл-Эрдэнэ” хамтлагт байхдаа “Сэтгэлийн жигүүр” дууг олон ч тоглолтод дуулж байсан. Энэ дуу төрсөн түүх нь сонин байх?

-Олон ч жил эгшиглэж байна даа. “Сэтгэлийн жигүүр” дууны шүлгийг бичсэн Базарвааний Мангалжав 1978 онд бурхны оронд одсон хүн. Түүний энэ шүлгэнд 1971 онд хөгжмийн зохиолч Цэндсономын Чимиддорж ая хийж радиогийн дуучин Л.Оюунчимэгээр дуулуулж бичүүлснийг үзэгч, сонсогчид мөн ч сайхан хүлээн авсан. 1973 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагт ороод удаагүй байсан З.Зундарь шарлаж Мангалжав эмчийн ажилладаг Халдвартын эмнэлэгт хэвтсэн байдаг. Сар гаруйн дараа бие нь сайжирсан Зундарь эмчийн өрөөнд орж эмчлүүлсэн тухай тодорхойлолт бичиг авах үедээ дор нь байсан ганц хоёр цаастай нь хамт авч гарсны дотор “Сэтгэлийн жигүүр”, “Сайхнаа чи минь” гэсэн дууны үг байсан юм билээ. З.Зундарь гэртээ харьсан хойноо шүлгүүдийг олж үзээд “Мангалжав эмч надад ая хийгээрэй гэж өгсөн байх” гэж бодоод өнгөрсөн гэсэн. Гэтэл гэргийдээ зориулсан тэр хоёр дууны шүлгээ Мангалжав эмч “Цог” сэтгүүлд хэвлүүлэхээр бичгийн машинаар цохиулаад ширээн дээрээ тавьчихсан нь тэр байж. Ийм л нэгэн үл ойлголцлын эцэст Монголын эстрад урлаг, рок хөгжмийн сонгодог дууны нэг, алдарт “Сэтгэлийн жигүүр” дуу төрсөн түүхтэй.

Бага тойргийн 60 айлын орон сууцанд амьдардаг Мангалжав эмчийнхээр хөгжмийн залуу зохиолчид аз туршиж их гүйсэн ч хэн нь ч амжилтад хүрээгүй дээ. Гайхамшиг ганц л байдаг юм билээ. З.Зундарийн ая “Сэтгэлийн жигүүр”, “Сайхнаа чи минь” зэрэг дууг алдарт дуучин Б.Баяраа дуулж ард түмнийхээ зүрх сэтгэлд хүргэсэн юм.

-Олон хүний сэтгэлд хоногшсон “Түүнд би хайртай байсан дуу” хэрхэн бүтэж байв?

-Одоогоос 45 жилийн тэртээ 1973 онд яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг гэж эмэгтэй энэ дууны шүлгийг тэрлэсэн байдаг. Үүнээс арав гаруй жилийн дараа 1988 онд миний багш хөгжмийн зохиолч Алтангэрэлийн Батсүх аялгууг нь хийж надад өвлүүлж байсан түүхтэй. Багшийнхаа уран бүтээлийг анх тайзан дээр дуулж байснаа ердөө мартдаггүй юм.

-Удахгүй болох тоглолтоо “Түүнд би хайртай байсан дуу”-гаараа нэрлэсэн байсан?

-Миний хамгийн анх дуулсан, намайг олонд таниулсан уран бүтээл л дээ. Тийм ч учраас анхны дуугаа бэлгэдэж энэ нэрийг сонгосон хэрэг. Анх дуулснаас хойш 30 жил өнгөрчээ. Чанартай сайн бүтээл гэдэг 30 битгий хэл, 100 жил ч оршин тогтнодог гэдгийг баталж байгаа дуу гэж дотроо боддог юм. Энэ уран бүтээлээрээ олон улсын уралдаанд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан түүхтэй.

-Энэ дуу “VOICE” шоуны тайзан дээр эгшиглэсэн нь олон хүнийг уулга алдуулсан шүү?

-Монголын томоохон шоу нэвтрүүлэгт оролцож нэрийн хуудас болсон дуугаа өргөсөн нь залуу үеийн сонсогчдод 1990-ээд оны урлагийн гоё сайхныг мэдрүүлэх зорилготой байсан. Ярих юмгүй, зохион байгуулалт дээд зэргээр хангагдсан сайхан шоу болсон доо.

-Тоглолтынхоо талаар ярихгүй юу. 1990-ээд оны сор болсон уран бүтээлчид нэгэн тайзанд чуулах нь ээ?

-Урлагийн төлөө 30 зүтгэхдээ хийсэн уран бүтээлүүдээсээ шилж сонгож байгаад л тоглолт дээрээ дуулахаар болсон. Үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээл эгшиглэх болно. “Хотын гэрэлт гудамж”, “18 нас” зэрэг олон уран бүтээлийн чимэглэл, найруулгыг хийж байсан Батболд маань 20 жилийн дараа миний хүндэтгэлийн цэнгүүнд гоцлол даралтат хөгжимчний үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ мэт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн сүнс нь болж байсан хөгжимчид энэ үдэш нэгэн тайзанд цуглах болно. Миний хувьд “Мөрөөдөл”, “Шаналахуй” гэх мэт сайхан дуунуудаа хүргэнэ. Дууны хуучин гэдэг өөрөө дандаа сайхан дурсамж дагуулж байдаг л даа.

-Таны хүү бас л урлагтай ойрхон байж, хөгжмийн нэвтрүүлэг хийж байгаа харагддаг?

-Миний ууган хүүг Зэндмэнэ-Эрдэнэ гэдэг. Монголын дууны, дэлгэцийн урлагт өөрийнхөө дүр төрх, дуу хоолойг таниулж яваа сайхан хүү бий. Эрдэнэтийн “Кума” хамтлагт гоцлол дуучин байхдаа “Бидний бахдал Эрдэнэт” гэж дууг их дуулдаг байлаа л даа. Тус дууны эхний бадагт

“Зэндмэнэ-Эрдэнийн өргөөг цэнгэлийн дуугаар сэрээж

Зэлүүд байсан газарт шинэ амьдралыг өрнүүлсэн

Бид анхны иргэд билээ

Бид алдрын эзэд билээ

Бид Эрдэнэтийн эзэд билээ” гэж байдаг. Иймээс хүүдээ Зэндмэнэ-Эрдэнэ гэж нэр хайрласан. Хүү минь маргааш болох тоглолтын маань хөтлөгчөөр ажиллаж, хажуугаар нь ая дуугаа өргөнө. Мөн охины маань төрсөн өдөр тохиож байгаа.

-Амьд хөгжмийн гайхамшиг нь юу?

-Тэр орой, тухайн цаг мөчид дуугарсан нот дахиж эгшиглэдэггүй. Тухайн мөчид л цугласан олон гайхамшгийг мэдэрч сэтгэл ханамж авна. Хүнээс асар их бэлтгэл сургуулилт шаардана.

-Та ямар хамтлагийн дуу сонсч өссөн бэ?

-Рок, болон сонгодог урлагийн дууг сонсч баясч өссөн дөө. Миний хүүхэд байхад пянзны эрин үе байсан учраас их хорхойтой байлаа. Уитни Хьюстен, Майкл Жексон, Майкл Уолтон гээд оддын дууг сонсч биширч явсан үе надад бий. Одооных шиг гар утсан дээрээ татаад сонсохгүй шүү дээ. Дуу цацраагчаар кайф авч сонсоно шүү дээ. Дээрээс нь Италийн сонгодог урлагийг сонирхоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *