Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Та ажлаа аваад нэг жил болж байна. Энэ хугацаанд боловсролын салбарын ирээдүйн хөгжлийг юу гэж харав?
-Хөгжлийн нууц нь концепцийг оновчтой зөв тодорхойлох гэж би хувьдаа үздэг. Боловсролын салбар шилжилтийн он жилүүдэд төдийгүй үндсэндээ сүүлийн 30 жилд урсгалаараа явж, хэт олон асуудал хуримтлагджээ. Үүнтэй маргах хүн гарахгүй гэдэгт итгэж байна.Тодорхой төсөөлөл, мөрөөдөл, чиглэлгүйгээр урсгалаараа явна гэдэг аль ч салбарт маш их хохиролтой.Ийм л дүр зурагтай салбарыг хүлээж авсан. Ер нь боловсролоо урсгалаар нь орхино гэдэг улс орны хөгжлийн ирээдүй болсон үр хүүхдүүдээ зөнд нь хаясантай ижил шүү дээ. Өрх гэр хүртэл амьдралаа төлөвлөдөг. Компаниуд мастер төлөвлөгөө гаргадаг болсон цаг. Тиймээс хуримтлагдсан олон асуудлуудыг сэтгэл хөөрөл, гадна дотнын жишээн дээр биш системтэй судалгаа, оношилгоо, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тооцоо, судалгаа, эрэмбэ дараатай засна. Энэ салбарын ойрын, дундын болон урт хугацааны алсын хараа, зорилго, концепцийг бий болгохыг зорьж байна. Энэ оны хоёрдугаар сард БСШУСЯ, Азийн хөгжлийн банк болон Сангийн яамтай хамтран “Боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлыг БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө боловсролын салбарын урт хугацааны бодлого бүхий төлөвлөгөө байх болно. Үүний төлөө ажлын хэсгийнхэн маань чармайн ажиллаж байна. Эндээс их аятайхан дүр зураг, урт хугацааны бодлого гарчих үр дүнг хүлээж байна.
-Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг өмнө нь боловсруулан хэрэгжүүлж байсан. Энэ удаагийн мастер төлөвлөгөөний онцлог юу вэ?
-Монгол Улс анх 1996 онд боловсролын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулан дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлсэн. Түүнээс хойш 2000-2005, 2006-2015 оны хооронд хоёр, гурав дахь мастер төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлсэн.
Энэ удаа бид дөрөв дэх мастер төлөвлөгөөг гурван үе шаттайгаар боловсруулан ирэх оны зургадугаар сард бэлэн болгож, эдийн засаг, санхүүгийн тооцоотой нь хамтатгаж дуусгана. Энэ мастер төлөвлөгөөг 2020-2030 он хүртэл дунд хугацаанд хэрэгжүүлнэ. Мастер төлөвлөгөөнд, сургуулийн өмнөх боловсролын удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний тогтолцоо, стандартыг боловсронгуй болгох, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн, ялангуяа малчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих зэрэг шинэ, дээд эрэмбийн асуудлуудыг санал болгон, холбогдох судалгаануудыг хийж байна.
Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд жинхэнэ монгол иргэнийг төлөвшүүлэх, дэлхийн монгол хүн бэлтгэх боломжуудыг эрэлхийлж, бодлого, стратеги, менежмэнт, зохион байгуулалт, сургуулийн байршил бүтэц, сургалтын агуулга, стандарт, багш нарын чадвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л чиглэлд шинэлэг агуулгыг тусгах юм. Дээд боловсролын салбарт их сургууль, дээд сургууль, коллежийн ялгааг илүү тодотгон, энэ дагуу тухайн боловсролын байгууллагын төвлөрөн суурьших байршлыг тодорхойлох зэрэг алхмыг хийхээр урьдчилан төлөвлөж байна. Ингэснээр дээд боловсролын чанарыг ахиулах цогц бодлогын загвараа гаргана.
-Мастер төлөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлэх хүмүүс нь багш нар. Багшийн хөгжилд хэрхэн анхаарч байна вэ?
-Боловсролын салбарт сүүлийн 30 жил асар олон асуудал хуримтлагдаж, зарим талаар уналтад ороод байна гэж би дээр хэлсэн. Энэ уналтыг зогсоож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гол хүмүүс нь багш нар. Багш сайн байж сайн шавь төрнө, төлөвшинө. Ингэж байж л Монголын ирээдүй гэрэл гэгээтэй, оюунлаг байх болно. Тиймээс БСШУСЯ-наас 2018 оныг Багшийн хөгжлийн жил болгон зарласан. Багш өөрөө хөгждөг, сайн ажиллавал цалин урамшуулал нь нэмэгддэг тогтолцоо руу бид шилжих цаг болсон. Энэ чиглэлээр яамнаас багагүй ажил хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард Багшийн хөгжлийн тухай бие даасан хууль УИХ-аар батлагдлаа. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1нээс хэрэгжиж эхэлнэ. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх, ажлын байрандаа хөгжих, нийгмийн баталгааг хангах асуудал өмнө нь Боловсролын тухай хуулиар зохицуулагддаг байсан. Харин одоо Багшийн хөгжлийн хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл багшийн хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн зохицуулалттай болсон гэсэн үг. Энэ бол том дэвшил.
-Тус хуульд багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр ямар зохицуулалтууд туссан бэ?
-Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувийг буюу дунджаар 10 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно. Багш нарыг ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлж, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Илүү ажиллаж байгаа нь тэр хэрээрээ цалин, урамшууллаа нэмүү авдаг үр дүнгийн болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээний систем бий болно. Ер нь сайн багш сайн л цалин авах ёстой гэдгийг би ажлаа авсан өдрөөс л онцолж байгаа. Тиймээс сайдын хувиар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, багшийн орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувиар тогтоох, сургууль, цэцэрлэгийн хэмнэгдсэн зардал, нэмэлт орлогыг урамшууллын зардалд шилжүүлэн бүрэн санхүүжүүлэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн. Ингэснээр 2018 онд 21 тэрбум төгрөгийн урамшууллыг багш нарт олгоод байна. Багшийн хөгжлийн тухай хуулийн дагуу сургуульд 44өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллах орон тоог бий болгоно. Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутны их, дээд сургуульд суралцаж байхдаа дадлагажигчаар ажилласан хугацааг кредитэд тооцох зэрэг зохицуулалтууд шинээр батлагдсан. Түүнчлэн багш нар 510 жил ажиллаж байж зэрэг нэмэх зохицуулалттай байсныг өөрчилж, ажлын өндөр үр дүн гаргасан тохиолдолд нэмэх бололцоог бүрдүүлж байгаагаараа залуу багш нарт урам өгсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
-Сургалтын чанар, үр дүнд сурах орчны асуудал маш чухал нөлөөтэй. Яамны зүгээс энэ талаар ямар ажлууд хийж байгаа вэ?
-Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин хүүхдэд ээлтэй байх ёстой. Орчны аюулгүй байдлын тухайд цахим аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлгүй байдал, хоол хүнсний эрүүл ахуй гээд олон зүйл багтана. Энэ чиглэлээр нэлээд ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн. Нэн тэргүүнд хүүхдийн хоол тэжээлийн асуудалд салбар яамны зүгээс онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд БСШУСЯ цэцэрлэг, дотуур байр, үдийн цайнд зарцуулж буй зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлээд байна. Ингэснээр 2019 оноос хүүүхдүүд чанартай, баялаг орц найрлагатай үдийн цай хэрэглэдэг болно. Мөн энэ аравдугаар сарын 1ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн ойр орчимд 500 метр дотор хийжүүлсэн ундаа, чипс, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулахыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ. Хоёрт, хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдүүдийг цахим халдлага, донтолтоос сэргийлэх, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гаргуулсан.
-Эрүүл мэндийн хичээл ЕБС-ийн бүх ангид орохоор болж байгаа. Ингэснээр ямар давуу талууд бий болно гэж үзэж байгаа бол?
ЕБСийн бүх ангид эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг оруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу сургалтын агуулга, багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Ингэснээр сурагчид хувийн болон орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийлэл зэрэг сэдвээр ойлголттой болж төлөвших нийгмийн маш чухал ач холбогдолтой бодлогын ажил эхэлсэн. Ер нь эрүүл, боловсролтой иргэн бэлтгэх, тогтвортой, олон жил хэрэгжих сайн хөтөлбөрийг бид бий болгох ёстой. Үүний гол хөшүүрэг нь сайн сурах бичиг. Сурах бичиг олон дахин солигддог байх нь суралцагч хүүхдүүдэд маш хортой. Сургалтын хөтөлбөр нь ойр ойрхон өөрчлөгддөг байдал багш нарыг залхааж, нийгмийг ч төөрөгдүүлж, энэ нь эцэстээ салбарыг тэр чигт нь тогтворгүй болгож байна. Энэ замбараагүй байдлыг өөрчилж, тогтворжуулж, хуулиар хамгаалж өгөхийг зорьж ажиллаж байгаа. УИХын намрын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг өргөн барина. Энэ хуулийн төсөл батлагдсанаар боловсролын салбарт олон сайн өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байгаа. Бид олон багш нараа оролцуулсан хэлэлцүүлгүүдийг хийж хамгийн сайныг нь авч тусгаж байгаа.
-Манай улс 12 жилийн тогтолцоонд шилжээд чамгүй удаж байгаа. Гэтэл ердөө энэ жил л бүрэн хөтөлбөр, сурах бичигтэй 12 жилийн тогтолцоонд шилжиж байна гэх юм. Энэ үнэн үү?
-Харамсалтай нь үнэн. 2008 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. Гэвч шулуухан хэлэхэд сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргасан шийдвэр байсан санагддаг. Хөтөлбөр болон сурах бичгийг нь төлөвлөхгүйгээр шилжсэн байдаг. Өнгөрсөн жил гэхэд 12 дугаар ангийн сурагчид сурах бичиггүй төгссөн. Үүний хор уршиг хожим хүүхдүүдэд маань гарах нь харамсалтай. Ер нь Монголын боловсролын мастер төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлагыг 10, 15 жилийн хугацаатайгаар төлөвлөх нь зөв гэдэг бодлого гаргасан. Томилогдсон сайд бүрийн үзэл бодлыг дагаж, дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгдөх төсөл, хөтөлбөрийг үр хүүхэд дээрээ туршдаг гашуун туршлагыг таслан зогсоох цаг болсон. Энэ салбарт тогтвортой хөтөлбөр, сурах бичиг, бодлого юу, юунаас чухал байна. Үүнийг сайдаар ажиллаж байх хугацаандаа хуульчилж, дархлаатай болгохын төлөө ажиллаж болно.
-Зургаан наснаас эхэлж ерөнхий боловсролыг олгох энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Нийгэмд асуудал дагуулсан сэдэв шиг санагддаг?
-Энэ тогтолцоо ялангуяа хөдөө орон нутгийнхны хувьд амьдралд хүнд тусч байна. Гэр бүлд маш хортой нөлөөлж байна. Ийм бодитой асуудал нүүрлэсэн учраас малчдын хүүхдүүдэд сонголт үлдээхээс өөр аргагүй болсон. Магадгүй, малчин өрхөд өсөж өндийсөн хүүхдүүд боловсрол эзэмшээд, хожим нь уламжлалаа дагаад өрх гэрийнхээ мал аж ахуйг авч явж болох шүү дээ. Авч явах ч учиртай нь үнэн шүү дээ. Тиймээс малчдын хүүхдүүдийн сургуульд элсэх насыг эргэж харах шаардлага зайлшгүй байна. Малчдын хүүхдүүдийн хувьд, хэрэглээ, цаг үе, үйл явдлын онцлогт тохируулж цагаан cap, мал төллөлт гэх мэтээр сургалтын программаа гаргах бол, хотын хүүхдүүдийг ид утааны үеэр амраана гэдэг ч юмуу зохицуулалтыг хийж өгөхийг цаг үе нэхэж байсан. Тус зохицуулалтыг энэ хичээлийн жилээс хийж өгсөн.
-Их, дээд сургуулиудыг цөөлөх шийдвэр гаргаж, энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээр дээд боловсролын байгууллагуудад нэлээд том шалгуур, анхааруулга өгсөн гэж ойлгож болох уу?
-Дээд боловсролын шинэчлэл бол нийгмийн, цаг үеийн захиалга. Нэгдүгээрт, цөөлнө гэдгээр хаалгыг нь шууд хаагаад явахгүй байгаа. Боломжуудыг нь олгож, шаардлагаа өндөрсгөсөн. Энэ 96 дээд сургууль дотроос 30 гаруй нь статусаа өсгөөд бүр их сургууль болчихсон. Их сургуулийн статус гэдэг ямар байх ёстой вэ. Байшин нэмж барьж, барилгаа өргөтгөснийг их сургууль болчихлоо гэж эндүүрч болохгүй. Сургалтын агуулга, мэргэжлийн багш нарын баг чухал. Төгссөн оюутнуудын 65 хувь нь ажилгүй гэдэг статистик тоо үнэн шүү дээ. Мэргэжлээрээ ажиллаж буй хүн ч ховор байна. Тиймээс их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог өндөрсгөсөн. Дээд оноо 800, ядаж 400 оноо авч байж дээд сургуульд элсэнэ. Төрийн өмчийн их сургуулиудад 480 гэдэг босго оноог тавьсан. Ингэснээр элсэгчдийн чанар сайжирч дагаад дээд боловсролын чанар, нэр хүнд өснө гэж харж байна.
-Хувийн их, дээд сургуулиудын босго оноо улсын их, дээд сургуулийнхаас арай бага байсан. Угтаа бол адилхан байх ёстой биз дээ?
-Нуух юу байхав, бүх зүйл хоёр талтай. Босго оноо өсгөснөөс болж эсэргүүцэл их ирсэн. Улмаар хувийн их, дээд сургуулиудын консорциум саналаа ирүүлснээр босго оноон дээр тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийсэн нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анхааруулсан. Төлбөрөө төлөөд элссэн оюутнуудад чанартай боловсрол олгох, төгсөөд ажлын байранд ажиллах чадвартай болгож өгөх шаардлагыг тавьсан. Ер нь бол хатуухан хэлэхэд боловсролоор дамжуулж бизнес хийж болохгүйг хэн хүнгүй л мэдэх учиртай. Оюутан бол төлбөр төлөгч гэж харж болохгүй шүү дээ. Тэд Монголын ирээдүйг нуруун дээрээ үүрэх сэхээтнүүд болж бэлтгэгдэх ёстой.
-Дээд боловсрол гудамжинд гараад удаж байна гэх шүүмжлэл нийгэмд байсаар байна. Ер нь дээд боловсролыг чанаржуулахын тулд яах ёстой вэ?
-Дээд боловсролын чанар бол нийгмийн захиалга мөн үү гэвэл мөн. Дээд боловсролын либералчлал нэрийн дор барилгатай, ширээ сандалтай л бол дээд боловсролын үйлчилгээ явуулах эрх өгч, элсүүлэх оюутны тоонд төрөөс хяналт тавихаа больж, тухайн сургуулийн ТУЗд хүсвэл хэдэн ч оюутан авч болно гэж журамласнаас хойш чанаргүй их, дээд сургуулийн тоо ихэссэн. Төлбөрөө төлж л чадаж байвал хэн ч их, дээд сургуулийн оюутан болох үүд хаалгыг нээсэн шийдвэрийг 20122015 онуудад бий болгосон нь харамсалтай. Өнгөрснөө үгүйсгэж, муулж, өөрийгөө дөвийлгөх гэсэнгүй шүү. Чухам эндээс дээд боловсролын үнэгүйдэл эхэлсэн гэж болно. Харин 2018 оноос буюу ажлаа авснаас хойш дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлсэн. Чанаргүй их, дээд сургуулийн тоог багасгаж, чанаржуулах зорилгоо ил тод зарлаж ч байсан. Зарим их, дээд сургуулийг татан буулгаж, зарим ижил төстэйг нь нэгтгэлээ. Тодруулбал, 18 их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, боловсролын байгууллагад тавигдах стандарт шаардлага хангаагүй, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж дутмаг, үйл ажиллагааны зөрчилтэй таван дээд сургууль, коллежийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, мөн таван сургууль өөрсдийн хүсэлтээр бусад сургуультай нэгдсэн. Цаашид хяналт, үнэлгээг сургуулийн үйл ажиллагаанд төдийгүй сургалтын хөтөлбөрүүдийн түвшинд үргэлжүүлэн явуулна.
-Огцруулах дөрвөн сайдын нэрэн дунд таных ч бас явж байсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ингэж ярьж байгаа хүмүүсээс асуусан нь дээр байх аа. Ер нь “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэдэг шиг бүх муу муухай зүйлийг надтай холбох гэж үзэж байгаа хандлагыг сүүлийн хоёр сар хангалттай мэдэрлээ. Тэглээ гээд гомдоллох, эмзэглэх юм алга. Улстөрч хүний хувьд сонгосон зам минь энэ. Бүгдийг нь даваад гарна даа. Ер нь би ийм асуудалд цаг зарцуулж дадаагүй юм билээ. Өмнөх ажлаа л чин сэтгэлээсээ хийж, итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ итгэлийг зүтгэлээр хариулахыг л өөртөө үүрэг болгодог доо. Хувь хүний нэр нь гэхээсээ илүү хийсэн ажил нь яригдаж үлддэг шүү дээ.
-Өнөөдөр багш нарын баярын өдөр тохиож байна. Таны хувьд ЗХУ-д багш мэргэжил эзэмшсэн байх аа. Багшийн ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Монголын үе үеийн багш нартаа дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эх орны минь ирээдүйг гартаа, сэтгэлдээ өлгийдөн авч ажилладаг мэргэжил нэгт багш нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Хүнлэг, сайхан, мэдлэгт суурилсан, хүнд ээлтэй нйигмийг бүтээх үйлсэд нь амжилт хүсье. Би ЗСБНХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн багшийн ангийг төгссөн. Төгсөж ирээд төрөлх нутаг Ховд аймгийнхаа Багшийн дээд сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Одоо бодоход дөнгөж оюутны ширээний араас ирсэн хүүхэд үе тэнгийн шахуу оюутнууддаа хичээл зааж байж. Хэдийгээр өөр ажилд шилжиж ажилласан ч багшийн мэргэжил, багшийн ажилдаа үнэхээр хайртай.