Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол дахь алмааз эрдэнэ

Бүх эрдэнэсийн хаан очир алмаазыг алт болон үнэт чулуунаас хэд дахин үнэтэй гэдгийг бүгд мэднэ. Манайд энэ төрлийн эрдэнийг худалдаалдаг хэд хэдэн дэлгүүр үйл ажиллагаа явуулаад удаж байна. Улаанбаатар хотын төв бүсэд байрлах эдгээр дэлгүүрүүдэд ямар ямар очир эрдэнэс худалдаалж байгааг сонирхуулъя.

МОНГОЛ ДАХЬ ДАЙМОНДЫН ДЭЛГҮҮРИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ НЬ 35 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БӨГЖ

“Улаанбаатар” их дэлгүүрт байрлах “Dream diamond” үнэт эдлэлийн дэлгүүрээр зочиллоо. Эдний бүх үнэт эдлэл албан ёсны сертификаттай бөгөөд худалдан авагчдад даймонд шалгагч тусгай багажаар шалгаж өгдөг байна. Энд хаан бугуйвч, хатан сүйх хос бөгжийг цэвэр цагаан алтан дээр дээд зэрэглэлийн өнгө, цэвэршилт бүхий байгалийн алмааз эрдэнийг суулгасантай таарав. Үнийн хувьд нийлээд найман сая гаруй төгрөг гэв. Размераа өгөөд зөвхөн өөрсдөдөө зориулан хийлгэх боломжтой бөгөөд бөгжин дотроо хосууд нэр, хуримын өдөр гэх мэт хүссэн үгсээ бичүүлж болох ажээ. Эдгээр бөгжний загварыг дотооддоо бүтээж, БНСУ-д захиалж хийлгүүлдэг юм байна. Уг дэлгүүрийн хамгийн үнэтэй нь 35 сая төгрөгийн үнэ бүхий, 1.54 каратын алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж байв. Голдоо тодрон харагдах очир эрдэнийг тойрсон жижиг алмаазуудтайгаа энэ бөгжинд орсон бүх алмааз нь хоёр карат хүрдэг хэмээн дэлгүүрийн эзэн Б.Эрдэнэбаатар ярилаа. Тэрбээр “Хэдий чинээ тунгалаг, гялтгануур байна, тэр хэрээрээ үнэтэй гэсэн үг. Бүрсгэр, тунгалаг биш алмаазууд ч бий. Үүний зэрэгцээ алмааз нь томрох тусмаа үнэтэй. Манайд дээрээсээ гурав, дөрөв дэх зэрэглэлийн алмаазнууд байгаа. Бусад даймондын дэлгүүрүүдээс манайх харьцангуй хямд үнээр худалдаалахыг зорьдог” гэлээ. Алмаазан шигтгээтэй үнэт эдлэл бүр Олон улсад зөвшөөрөгдсөн GIA (Америкийн гемологийн институт)-ын гэрчилгээтэй, шигтгээ бүр өөр дээрээ дахин давтагдашгүй лазар кодтой байдаг ажээ. Гэхдээ зөвхөн GIA гэрчилгээ нь 100 ам.долларын үнэтэй байдаг гэнэ.

Улсын их дэлгүүрт алмаазан үнэт эдлэлийн хоёр дэлгүүр бий. Үүний нэг болох “Goldjelly diamond” брэндийн дэлгүүрт алмаазан эрдэнэ шигтгэсэн бөгж, хүзүүний зүүлт, гоёл чимэглэлийг худалдаалж байв. Тус дэлгүүрийн худалдагч бидэнд “Монголд зарагдаж байгаа ихэнх даймонд үнэт эдлэлүүд Солонгос, Хонгконгоос орж ирдэг. Эдгээр орнуудад үнэт эдлэлийг зөвхөн үйлдвэрлэдэг. Ингэхдээ Өмнөд Африкаас алмаазаа оруулж ирдэг. Манай брэндийн хувьд 100 хувь баталгаатай” хэмээн тайлбарлалаа. Эднийх хуримын сарыг тохиолдуулан 30 хувийн хямдрал зарлажээ. Мөн л алмаазан шигтгээг тусгай багажаар таниулан, баталгаат сертификатын хамтаар худалдаалдаг байна. Үүнийн хувьд очир алмаазаас хамаарч 1-18 сая төгрөгийн хооронд байв. Хүн бүр очир алмааз, цагаан алтны үнийг мэддэг учир үүнийгээ дагаад хэрэглээ нь ч өссөн гэдгийг тэрбээр онцоллоо.

Шангри-Ла моллд байрлах Италийн үнэт эдлэлийн “Damiani” брэндийн салбар дэлгүүрийг зорьлоо. Уг брэнд нь 1924 онд үүсгэн байгуулагдсан юм. Монголд 2015 онд салбараа нээсэн ажээ. Энэ дэлгүүрийн хамгийн үнэтэй алмааз нь 15 саяар үнэлэгдэх сүйн бөгж байлаа. Мөн худалдан авагч сонирхсон загвараа Италиас захиалан авчруулах боломжтой гэнэ. “Damiani” брэнд нь үнэт эдлэлийнхээ бүхий л шат дамжлагыг гараар хийдэг гэдгээрээ онцлог юм байна.

Тэдний хэлж буйгаар хамгийн дээд зэргийн алмаазыг дэлхийн үнэт эдлэлийн брэндүүд ашигладаг байна. Түүнээс дооших зэргийн алмаазыг Монголд байгаа ихэнх дэлгүүрүүд зардаг. Алмааз нь цэвэр цагаан алтанд суурилдаг гэнэ. Байгалиасаа хэддүгээр зэрэлэлийн ямар даймонд гарч ирсэн, олон улсад хаана хаана бүртгэгдсэн зэргээс хамаарч үнэ нь тогтоогддог ажээ. Мөн өнгөнөөсөө шалтгаалан хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх очир эрдэнүүд ч бий.Алмаазны чанарыг 4С гэсэн хэмжигдэхүүнээр үнэлдэг байна. С-carat буюу жин, С-clarity буюу тунгалаг байдал, C-color буюу өнгө, C-cut буюу зүсэлт гэнэ.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭД ХҮРСЭН “ЯГААН ОД”

Ягаан од хэмээх 59.60 каратын ягаан алмааз өнгөрсөн жил Хонгконг хотноо болсон дуудлага худалдаагаар 71.2 сая ам.доллараар зарагджээ. Энэ нь ямар ч алмааз эрдэнэс, үнэт чулууны түүхэнд хүрч байгаагүй өндөр үнэ юм. Зууван хэлбэртэй, холимог засалтай алмаз нь 60 сая ам.долларын үнэ хүрнэ гэж судлаачид дуудлага худалдааны өмнө тооцоолж байжээ. “Ягаан од”-ыг дуудлага худалдаанаас Хонгконгийн үнэт эдлэлийн “Chow Tai Fook” компани худалдан авсан байна. 2014 он уг эрдэнэс Женевийн дуудлага худалдаагаар 83.2 сая ам.долларт хүрсэн ч сүүлд ялагч нь худалдаж авч чадаагүй тул хамгийн дээд үнэ гэж дүгнэхэд хараахан тохиромжгүй ажээ. Үүнээс өмнө хамгийн өндөр үнэ хүрсэн алмааз нь “Оппенхаймерийн Хөх” алмааз байжээ.“Ягаан Од”-ыг 1999 онд Өмнөд Африкаас “De Beers” компани олборложээ. Түүхийгээрээ 132.5 карат хүрч байсан энэхүү эрдэнийг засаж янзлахад хоёр жилийн хугацаа зарцуулсан байна.

ЦУС ДАГУУЛСАН ЭРДЭНЭС

Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том таван алмааз буюу “Найдвар”, “Орлов”, “Кохинур”, “Агуу Могол”, “Шах” зэрэг нь Энэтхэгээс гаралтай юм. Сүүлийн гурвыг Таж Махалын агуу бунхныг бариулсан Шах Жахаан хаан эзэмшиж байжээ. Эдгээр таван алмаазаас дэлхийд хамгийн ихээр танигдсан нь Кохинур алмааз. Кохинур гэдэг нь “Ертөнцийн уул” гэсэн утгатай ажээ. Энэтхэгт энэ эрдэнэсийг 1306 онд 739 карат жинтэйгээр олжээ. Британийн хатан хаан Виктория Энэтхэгийн эзэн хаан болсноор 1877 онд түүний эрдэнэсийн санд уг алмаазыг оруулжээ. Хожим нь 105,6 карат жинтэй болгон засан Елизавет хатан хааны титэм дээр заларч, Малтийн загалмайг чимсэн байна. Эртний Энэтхэгийн домогт “Энэ алмаазыг хэн эзэмшинэ, тэр хүн дэлхийн эзэн болно. Гэхдээ таагүй явдал дагалдаж магадгүй. Ганцхан эмэгтэй хүн, бурхан хоёр л үүнийг ямар ч шийтгэлгүйгээр эзэмшиж болно” гэж өгүүлдэг байна. Үүний шалтгаан нь уг эрдэнэсийн төлөө дундад Азийн орнуудын хаад, ноёд хоорондоо тэмцэлдэж байсантай холбоотой ажээ. Кохинурыг ямар ч дуудлага худалдаагаар оруулахгүй, ямар ч үнээр авах боломжгүй, үнэлэхийн аргагүй үнэт эрдэнэс гэж үздэг юм. Сьерра-Леоны иргэний дайн алмаазны төлөөх тэмцлээс үүдэлтэй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Уг дайн нь Баруун Африкийн Сьерра-Леоне улсад 1991-2002 он хүртэл үргэлжилсэн юм. Ингэхдээ Засгийн газрын арми ба сөрөг хүчин болох Хувьсгалт нэгдсэн фронт (RUF)-ын хооронд өрнөжээ. Алмаазын уурхайн эрх мэдлийн төлөө сөргөлдөөн эцэстээ дайн болон өргөжиж, 75 мянга гаруй хүний амь насыг хохироосон түүхтэй.

ЭРТНИЙ АРАБЧУУД КАРАТОЙН ЖИМСНИЙ ҮРЭЭР АЛМААЗЫГ ХЭМЖДЭГ БАЙЖЭЭ

Манай эриний өмнөх 800 жилийн тэртээ Энэтхэгийн Голконда хотод шороон ордоос алмаазыг олборлож эхэлжээ. Уг ордыг XVIII зуун хүртэл ашиглаж байжээ. Түүнчлэн эртний Египетчүүд манай эриний өмнөх олон зуун жилийн өмнө алмаазаар хийсэн багаж хэрэглэдэг байсан нь археологийн малтлагаар тогтоогдсон байна. Алмааз гэдэг нь “ялагдашгүй, дийлдэшгүй” гэсэн араб гаралтай үг ажээ. Алмаазын ер бусын шинж чанарууд нь зөвхөн гоёл чимэглэл, үнэт эдлэлд зориулагдаад зогсохгүй орчин үеийн техник технологийн үнэлж баршгүй чухал түүхий эд болдог байна. Түүний хатуулаг шинж чанарыг нь ашиглан гүний өрөмдлөг хийхэд ашиглаж байна. Цөмийн эрчим хүч, сансрын нарийн тоног төхөөрөмж нарийвчлал өндөртэй аппарат хэрэгсэлд, хэмжилтийн багаж төхөөрөмжийн суурь болгон хэрэглэдэг.

Алмаазыг карат гэдэг нэгжээр хэмждэг нь эртний арабчууд каратойн гэдэг жимст модны үрээр жинг дүйцүүлэн хэмждэг байсантай холбоотой ажээ. Уг модны үр нь бүгд нэгэн жигд байдгаараа онцлог байж. Карат гэдэг нь үр гэсэн утгатай юм.

1907 онд Парис хотноо болсон олон улсын жин хэмжүүрийн чуулганаар алмаазыг карат буюу 0.2 рам гэсэн нэгдсэн хэмжүүрээр хэмжихээр тогтсон байна. Боловсруулаагүй алмааз тийм ч үзэмжтэй биш. Гол төлөв 2-4 мм хэмжээтэй, гадуураа төмрийн ислээр бүрхэгдсэн жижиг чулуулаг хэлбэрээр олборлодог. Жижиг ч гэсэн өөрийн ер бусын шинж чанараараа хүн төрөлхтнийг бишрүүлж чаддаг нь алмаазын онцлог юм. Алмаазыг талст гарган өнгөлсний дараа түүний гайхалтай өнгө үзэмж илэрдэг. Талстуудыг гэрэл нэвтрүүлэхгүй, бие биеэсээ ойж байхаар тооцож өнгөлдөг байна. 57 талст гаргаж зассан алмааз хамгийн үзэмжтэй бөгөөд шөнө гэрэлтэж харагддаг. Талстуудыг тусгай багаж хэрэгсэл дээр нарийн мэргэжлийн хүмүүс өнгөлөх бөгөөд маш чимхлүүр ажил гэдэг нь ойлгомжтой. Хамгийн чадвартай өнгөлөгч 88 талст гаргаж байсан ажээ. Бидний амьдарч буй орчлон хорвоо дээр даймондын өчүүхэн хэлтэрхий хосгүй үнээр эрдэнэст тооцогдож байхад сансар огторгуйд бүхэл бүтэн алмаазан гариг байдаг нь бас л сонин юм шүү.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *