Манай улсын нийт хүн амын дунд явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 39 хувь нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгэмд шинэ төрлийн донтолт үүсээд байгаа юм. Энэ талаар сэтгэл судлаач Б.Хишгээтэй ярилцлаа.
-Донтолт гэж юу юм бэ. Юунаас болоод энэ зүйл бий болоод шинэ төрөл хүртэл үүсээд байгаа юм бол?
-Дон гэдэг үгнээс нийгэм айдаг. Донтсон хүмүүсийн ихэнх нь хүүхэд байхдаа аз жаргалаар дутагдсан, хайр халамжаас хөндий өссөн байдаг. Ялангуяа ээнэгшил буюу эх үрийн нандин харилцаа дутагдсанаас болж түүнийгээ өөр зүйлээр нөхөх гэж оролдохыг донтолт гээд байгаа юм. Хүүхдийг дөнгөж төрмөгц эх үрийн харилцааг үүсгэж, хоёр нас хүртэл нь хайр халамжид бөөцийлөн өсгөж, хэн нэгэн намайг хайрладаг, энхрийлдэг, хооллодог, халамжилдаг гэдгийг мэдрүүлж, сэтгэлийг нь дэвтээх ёстой. Өнөө үед гарч ирээд байгаа донтолт нь гэнэт одоо шинээр бий болчихоод байгаа зүйл биш юм. Өөрөөр хэлбэл 1980-1990 оны хэцүү нийгмээс үүссэн сөрөг талын нэгэн үлдэгдэл нь энэ. Тэр үеийн эмэгтэйчүүд дөнгөж амаржаад 45 хоноод л хүүхдийнхээ сүүг сааж орхиод эргээд л ажилдаа ордог байсан. Гэтэл түрүүний хэлсэнчлэн хоёр нас хүртлээ аав, ээжийн хайран дунд өсөх ёстой хүүхэд ах, эгчийн гар дамжин өссөний гор нь өнөө цагт гарч, залуус буруу муу зүйлд татагдах нь амархан болоод байгаа юм.
-Хайраар дутагдсанаас болоод түүнийгээ өөр зүйлээр дүүргэж байна гэсэн үг үү ?
-Ер нь донтолт гэдэг нь тухайн хүн аливаа зүйлээр дутагдаж, түүнийгээ өөр юмаар нөхөхийг хэлдэг юм. Үүнээс болоод амьгүй зүйлтэй холбоо тогтоодог. Тэдгээр амгүй зүйлд дэлгэц, кино, хатгамал, архи, тамхи болон бэлгийн гаж үзэл, ажлын хэнээ, идэх юмыг хэтрүүлэн хэрэглэх зэрэг багтаж байна. Донгийн хэлбэрүүд нь өөр өөр ч ерөнхий шинж нь адилхан. Ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн хийснээс болоод тэр нь өөрийнх нь эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах оролдлого хийлгэж, санхүүгийн хувьд хор хөнөөл учруулж байвал үүнийг дон гэж үзэж болно. Тэгэхээр хамгийн гол нь сэтгэлд байгаа хоосон орон зайгаа дүүргэх нь чухал. Тухайлбал, архинд донтсон хүн архинаасаа гарчихаад коланд донтох, эсвэл бэлгийн буруу зуршилтай болох тохиолдол бий. Тиймээс сэтгэлгээнд нь байгаа хоосон зүйлийг засах хэрэгтэй.
-Багад нь нэгэнт тогтчихсон сэтгэл зүйг өөрчилж болно гэж үү?
-Сэтгэл заслын аргаар донтолтыг бүрэн эмчилж, сэтгэл зүйг өөрчилж болно.
-Яаж?
-Сэтгэл засал гэдгийг тайлбарлавал тухайн хүн ганцаардсан мэдрэмжээ, эсвэл буруу хийсэн зүйлээ нээж, бусадтай хуваалцан, хэн нэгэнтэй ярилцаж, дотор байгаа бугласан зүйлээ дэлгэхийг хэлээд байгаа юм. Учир нь сэтгэлийнхээ бөглөөг гаргаж чадахгүй, хэн нэгэнтэй ярилцдаггүйгээс болоод тухайн хүн аливаад донтож болдог. Таагүй мэдрэмжээ бусадтай хуваалцсан ч түүнийг орхиж явахгүй, үзэн ядахгүй байгааг мэдэрснээр өөрийгөө хэвийн гэж ойлгон донтолтоосоо ангижрах боломжтой. Тэрнээс биш лам бөөгөөр яваад, код тайлуулаад донтолтоос гарна гэж хэзээ ч байхгүй. Мухар сүсгээсээ салж дотоод хүнтэйгээ ярилц.
-Манайханд донтолтын ямар шинж илүү илэрдэг вэ?
-Монголчуудын 40 орчим хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Нэг хүний цаана 4-20 хүн давхар хамааралд өртдөг. Тэдгээр хүмүүс нь донтогчдоосоо болоод сэтгэлээр унадаг, гутардаг, дарамтад орчихдог. Өөрөөр хэлбэл, давхар хамааралд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа донтогчидтой шууд хамааралтай болчихсон байдаг. Гэхдээ давхар хамааралтай хүмүүс өөрсдийн мэдэлгүй донтогчдоо өөгшүүлээд байдаг юм. Тухайлбал, архичин хүн архиа уухын тулд өөрт байгаа утас гэх мэтийн үнэт үйлсээ зардаг. Гэтэл гэр бүлийнх нь хэн нэгэн шинэ гар утас дахиад аваад өгчихдөг. Ингээд байхаар “Аан ингэж болох юм байна” гэсэн бодлыг архичны сэтгэхүйд суулгачихдаг. Ихэвчлэн хүмүүс донтолтыг ужгирсан хойно нь л мэргэжлийн байгууллагаас тусламж авахаар ханддаг.
-Сүүлийн жилүүдэд дэлгэцийн донтой хүмүүс их болжээ…
-Өдөрт хоёроос илүү цаг утсаа оролдоод байвал та дэлгэцийн донтой гэсэн үг. Гэтэл дийлэнх хүмүүс гурав ба түүнээс дээш цагаар утсаа оролддог хэрнээ өөрийгөө донтчихсон гэж ер хэлдэггүй. Сүүлийн үед энэ төрлийн донгоос болоод олон хосуудын харилцаанд сэв сууж байгаа. Уг нь эхнэр нөхрүүд хоорондоо амьд харилцаа үүсгэж, гэр бүлдээ халуун уур амьсгал бүрдүүлэх ёстой ч дэлгэцийн донгоосоо болоод тэдний харилцаа үл ойлголцол, зөрчил дунд өрнөдөг болсон. Энэ нь хүүхдийн төлөвшилтөд хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь ийм харилцаатай эцэг, эхийн дунд өрссөн хүүхэд яг л адилхан болж хүмүүждэг. Тухайлбал, багадаа аавтайгаа дулаан харилцаа тогтоож чадаагүй хүн өөрийнхөө хүүтэй мөн харилцаж чаддаггүй. Одоо үед асуудалд өртөөд, хэрэгт орооцолдож, аливаад донтоод байгаа хүмүүсийн ихэнх нь бага насандаа аав, ээжтэйгээ харилцдаггүй байсан байдаг.
-Нийгэмд шинэ төрлийн донтолт гарч ирж байна уу?
-Сүлжээний дон гэж бий болсон. Хүмүүс яагаад фэйсбүүк, инстаграмд донтоод байна гэхээр тэндээс лайк их аваад байхаар донтоод байгаа юм. Цахим орчинд тухайн хүн нэг зураг тавихад хичнээн хүн түүн дээр нь лайк дарснаар тэр хүний үнэ цэнэ тодорхойлогдоно гэж сүүлийн үед үздэг болчихсон. Ийм болохоор энэ төрлийн донтолт шинээр тархах болсон. Тухайлбал, Фэйсбүүк орчинд 5000 найзтай байж зурган дээрээ 50 лайктай бол тэр хүн бусдад доогуур үнэлэгддэг. Харин 300-аас дээш лайктай зурагтай хүнийг цахим орчинд мундаг, ухаалаг, хөөрхөн гэж үздэг болчихсон. Тиймээс лайкийнхаа тоог ихэсгэхийн тулд хүмүүс сүлжээнд донтоод байгаа хэрэг. Тухайн хүн ч гэсэн авсан лайкнаасаа таашаал, сэтгэл ханамж аваад байгаа болохоор энэ зүйлд илүү донтоод байгаа юм.
-Зарим багачууд ухаалаг утаснаас салахаа болжээ. Төлөвшил нь тогтоогүй хүүхдүүд аливаад донтохдоо хурдан байдаг уу?
-Насанд хүрч, сэтгэлгээ, төлөвшил нь тогтчихсон томчууд юманд тэгж хурдан донтож байхад бодол сэтгэлгээ нь тогтворжоогүй хүүхдүүд бүр ч хурдан донтоно. Гэхдээ хүүхдүүд амьд харилцаа руу илүү тэмүүлдэг учраас ойр дотнын хүмүүсээсээ анхаарал халамжийг тасралтгүй авч байвал дэлгэцийн донгоосоо салдаг. Харамсалтай нь зарим эцэг эхчүүд өөрийнхөө биеийн амрыг бодож, хүүхдээ тээршааж уйлахаар нь шууд л утсаа өгчихдөг. Эсвэл зурагтаар хүүхэлдэйн кино тавьж өгдөг. Эцэг эхчүүд хүүхдээ өөрөөсөө түвэгшээх үйлдэл нь тэднийг утас, дэлгэцийн донтой болгож хувиргаад байна. Хүүхэд донтолтоос ангижрахад маш амархан байдаг. Тархины үйл ажиллагаа нь засагдаад нөхөгдөхөд илүү амархан байдаг. Өөрөөр хэлбэл тархинд үүссэн муу зуршлын жимийг зам болгохгүйгээр бүдгэрүүлчихлээ л гэсэн үг.
-Донтолтоосоо гарсан хүн эргэж автдаг болов уу?
-Өөрийгөө архинаас гарчихсан гэж бодон 10 жил архи амсаагүй ч ганцхан хундага уултаар буцаад донтогч шиг болох боломжтой.
-Донтогчдод илэрдэг шинж тэмдэг?
-Илүү дотогшоо болж, донтсон зүйлээ хийхийн тулд ямар нэгэн саад болохгүй орчинг хайсаар нийгмээс өөрийгөө тусгаарлан ганцаардмал болдог. Мөн ууртай болж, ойр орчимдоо байгаа хүмүүсээ бухимдуулдаг. Учир нь донтсон зүйлээ хэрэглэх мөчид аз жаргалыг мэдэрдэг хэрнээ хэрэглэхгүй бол улам амьдралын идэвхгүй болгодог.
-Бэлгийн гаж зуршил дон хоёр хоорондоо ялгаатай юу?
-Бэлгийн донгийн эхний үе шат нь бодол санаан дотроо байнга бэлгийн харилцааг төсөөлж бодох байдаг. Тухайлбал хоёр хосыг харахдаа харилцаанд орж буйгаар төсөөлдөг. Энэ нь дон л гэсэн үг. Мөн порно кино үзэх нь бэлгийн дондоо хамаардаг. Гэтэл хүмүүс би ганц бие учраас эсвэл хосын харилцаагаа сайжруулахын тулд порно үзэхэд зүгээр гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэвч хүний тархи үзсэн зүйлээ мартдаггүй. Түүнийгээ төсөөлж боддог. Тэгэхээр порночид хэн нэгнийг харахдаа эрүүл нүдээр харахаа больчихсон байдаг. Монголд ухаалаг утаснаас болоод найм, есөн настай хүүхдүүд порно үзэх болсон. Хоорондоо бүлэг чат үүсгэн хүнд төрлийн порно бичлэг шейрлэж байна. Энэ нь нийслэлийн нэгэн хөрөнгөтний сургуульд болсон үйл явдал. Есөн настайгаасаа эхлээд порно кино үзэж байгаа хүүхэд ээжийгээ, эгчийгээ, охин дүүгээ зөв нүдээр харж чадах уу. Үгүй шүү дээ. Бүр хүндэрвэл эцэг эхийгээ хүртэл бэлгийн харилцаанд орж буй мэтээр төсөөлдөг болчихдог. Энэ нь аливаа зүйлийг эрүүлээр сэтгэж чадахгүй нөхцөлийг үүсгэдэг.
-Яагаад зөвөөр сэтгэж чадахаа болчихдог гэж?
-Сэрэл мэдрэхүйг өдөөсөн зүйлс үзэхээр биед бодис ялгаран зөвхөн оюун санааны түвшинд бус бодь гальд нь хүртэл нөлөөлдөг. Үүнээс болоод өсвөр насны хүүхдүүд бэлгийн харьцаанд эрт орж байгаа юм. Энэ мэтчилэн байнгын хүсэл тачааллаар дүүрэн хүмүүс хүндэрсэн үедээ энгийн бус, бүлэг, хүчингийн шинжтэй, ижил хүйстний бэлгийн харьцаанд орж буй порно кино үздэг. Энэ нь яван явсаар үүнийг бодитоор үйлдэх хүслийг төрүүлдэг. Үүнээс гадна бэлгийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн ихэнх нь өөрөө бэлгийн мөлжлөгийн золиос болсон хүмүүс байдаг юм.
-Донтолтод хүмүүс улам автаад байдгийн учир нь юу вэ?
-Хүн илүү гоё мэдрэмж авсан л бол түүнээс илүүг хүснэ үү гэхээс дутуудуулахыг боддоггүй. Хэдэн жилийн өмнө дөрвөөс таван залуу нэг охиныг бүлэглэн хүчирхийлсэн. Тэдний нэг нь дөрвөн охинтой хүн байсан.
-Олон ангит кинонд донтоод байгааг тайлбарлахгүй юу?
-Кино үзэх үед тухайн хүний тархи сэтгэхгүй шууд царцанги байдалд шилждэг. Тэр мөчид тухайн зүйлдээ автан гаднах орчинд ч тэр, дотоод сэтгэлд ч тэр юу болоод байгаагаа мэдэрдэггүй гэсэн үг юм. Ийм болохоор ихэвчлэн гэртээ суудаг ганцаардмал хүмүүс олон ангит кинонд донтдог.
З.МӨНХСУВД