Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хуралдаж “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хоригдох хугацааг 15 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж их хэмжээний зээл авсан гэх хэргээр “Жаст” группийн захирал Ш.Батхүүг ийнхүү үргэлжлүүлэн хорихоор болов. Түүнийг мөрдөн байцаалтын шатанд баривчлан шалгаж байгаа бөгөөд цагдан хорих хуулийн хугацаа энэ сарын 2-нд дууссан юм. Мөн уг хэрэгт холбон шалгаж буй Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн үргэлжлүүлэн хорих асуудлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргалаа.