“Мөнгөн усны тухай миннаматагийн конвенц, бичил уурхай” үндэсний хэлэлцүүлгээр “Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж байна.
Тус хэлэлцүүлэгт холбогдох яамд болон байгаль орчны байцаагчид, орон нутагт дахь бичил уурхайн эрхлэгчид бүхий 150 төлөөлөгч оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын гаргасан аргачлалаар БОАЖЯ-наас явуулсан мөнгөн усны тооллогын дүнг танилцуулсан юм. Уг тооллогын дүнгээр манай улсад хүний үйлдэлтэй холбоотойгоор жилд 94.5 тонн мөнгөн ус ялгарч байгаагаас 91 орчим хувь нь алт, зэсийн олборлолт, анхан шатны боловсруулалтаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хэдийгээр энэ үзүүлэлт дэлхийн зарим улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа хэдий ч цаашдаа байгаль орчинд ээлтэй технологи, туршлагыг нэвтрүүлэх, бохирдуулагч бодисын хяналтын систем ашиглах, хариуцлага бий болгох зайлшгүй шаардлагатай гэдэгт оролцогсод санал нэгдэв.
Хэлэлцүүлгийг НҮБ, БОАЖЯ, Олон улсын байгаль орчны сан хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 4, 5-ныг хүртэл үргэлжлэх юм.