УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн билээ. Тиймээс түүний албыг үргэлжлүүлэх дараагийн сайд хэн байх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Ямартай ч өнөөдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Удирдах зөвлөлийн хурал 13 цагт эхэлсэн юм. Энэ талаар Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-Өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөллөө. Дараагийн сайд нэрс яригдаад эхэлсэн байна. Таныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлж байгаа гэсэн яриа гарсан байна л даа. Тайлбар өгөхгүй юу?
-Одоо намын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Чуулганы хуралдаанаар сайдыг чөлөөлсөн учраас өнөөдөр бид сайдын асуудлыг шийднэ. Богино хугацаанд дараагийн сайдыг томилох учиртай. Тэр утгаараа намын Удирдах зөвлөл хуралдах гэж байгаа юм.
Сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 2-3 хүн бий. Хэнийг сайдад нэр дэвшүүлэх вэ гэдэгнь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Намын дарга, Ерөнхий сайд өнөөдөр хуралдах Удирдах зөвлөлийн хурал дээр нэр дэвшүүлэлтээ хийнэ. Ямар нэгэн санал хураалт, өрсөлдөөн болдоггүй. Удирдах зөвлөлөөр орсны дараа намын бүлэг хуралдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох учиртай.
-Яг хэн хэн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн юм бэ?
-Хэвлэлээр яваад байгаа шиг хэн нэгэн хүн зарим нэг хүнийг нэр дэвшүүлсэн зүйл байхгүй. Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын гишүүд албан ёсоор нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Ё.Баатарбилэг гишүүний нэр яригдаж байна.
-Нэр дэвшиж байгаа хүмүүс дотор салбарын хүн алга гэх юм?
-Ж.Бат-Эрдэнэ сайд уг нь 76 гишүүн дотроо зам тээврийн салбарын мэргэжлийн цорын ганц хүн байсан. Гэхдээ нэр дэвшихээр хүсэлт саналаа ирүүлж байгаа хүмүүс маань зам тээврийн тухайлсан мэргэжилгүй боловч эдийн засгийн болон бусад чиглэлээр энэ салбарыг удирдаад явах туршлагатай.
-32, 33-ын бүлгийн квотоор асуудал шийдэгдэх үү?
-Манай нам дотор 32, 33-ын бүлэг гэж байхгүй. У.Хүрэлсүх дарга намын ажлыг авсны дараа ийм бүлэг байхгүй гэдгийг хэлж байгаа. Ямар нэгэн байдлаар бүлэглэж, талцах байдлыг бид урьтал болгохгүй.
-Та Зам тээврийн хөгжлийн яамыг залуус толгойлох ёстой гэсэн юм биш үү?
-Би тийм байр суурь илэрхийлээгүй. Залуус гэдэг зүйлийг ч яриагүй. Энэ яамыг туршлагатай, боломжийн хүн удирдах ёстой. Удирдах зөвлөл дээр намын даргын нэр дэвшүүлэлтийг хийнэ.