Манай хорооны олны танил Төв шуудангийн хажууд ном зардаг Н.Баасандорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нар
Бага насаа өнгөрөөсөн газар минь Яармагийн дэнж буюу Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо. Намайг багад манай хороо зарим хүмүүсийн хэлдгээр ёстой л “хотын хөдөө” байлаа. Багадаа Богдхан уулынхаа оройд гараад Яармагаа харахад яг л гар бууны дүрс шиг үзэгддэг сэн. Харин миний төгссөн нийслэлийн 34 дүгээр сургууль тэр бууны гох нь болж харагдана. Тэр үед малыг нэг их ад үздэггүй байж. Хаа сайгүй хонь ямаа, үхэр адуу бэлчиж л байна. Багадаа ээж, ах, эгч, дүү нартайгаа ууланд гарч гишүү түүнэ. Зуны амралт эхлэв үү үгүй юу хагас, бүтэнсайнаас бусад өдөр ууланд гарч “ажлаа” хийнэ. Өдөр бүр ууланд гарахдаа зүгээр ч нэг гишүү түүгээд буухгүй ээ. Уул хадаар багахан судалгаа, бичилхэн танин мэдэхүйн аялал хийчихдэг байлаа. Уулнаас бууж, гишүүгээ тавьчихаад, гол руу явж, сэлж сэрүүцэхийн зугаатайг зүйрлэх юм биш. Загас жараахай барьж аваад ундааны саванд хийж тоглоно, түмпэнд хийгээд тэжээнэ гэж зүггүйтнэ. Идэш тэжээл нь ямар зүйл байдгийг мэдэхгүй байж, уснаас замаг түүгээд ам руу нь чихчихнэ. Айлын хүүхдүүд ходоод гэдсэнд сайн гэхээр нь дуурайж, амьд жараахай залгина. Туул гол одоогийнх шиг урсгал нь тасарсан нарийхан байгаагүй юм. Их өргөн зарим хэсгээр нь гаталж чадахгүй ах эгч нарынхаа ард үлдээд уйлна. Уйлаад үүрүүлдэг эрх нэгэн байжээ. Бас үхрийн баас түүж, өвлийн түлшнээс үлдсэн нүүрсний хогтой хольж “шахмал” түлш бэлтгэнэ. Өглөө нар гийв үү, үгүй юу ээж “Хүүхдүүд ээ босоорой. Үхэр бэлчээрт гарлаа” гэж чанга дуугаар сэрээнэ. Нойрмог байсан ч бүгд год хийтэл үсэрч босоод, цай унд ч гэж сүйд болохгүй шууд л хувингаа аваад гүйцгээнэ. Бэлчээрт явж байгаа үхрийн баасыг тосох нь холгүй хойноос нь хувингаа барин бөгтөгнөнө. Хөл бөмбөгөөр бол үхрийн баасан дээр “Отон тоглолт” гээчийг хийж байгаа юм даа. Манай хороо хүн ихтэй ч бүгд нэг нэгнээ танина. Харин би ах эгч нартаа ойр хавийнхаа нохойг ч андахгүй гэж шоглуулна. Үхэр малтай айлуудыг андахгүй. Заримдаа зайрмаг, иштэй чихэр, мөнгөөр “цагийн ажил” хийж, үхэр тугал эргүүлэхээс авахуулаад ус авч, аргал түүх зэргээр хувиа борлуулж, довоо шарлуулна. Тэр үедээ нэрийг нь сайн мэдэхгүй ч “ажлын хамтрагчаар” танигдсан өвөө байлаа. Байнга л дугуй жийж, үхрийнхээ араас явна. Эсвэл тэрэг түрээд усандаа явж харагддаг байлаа. Сүүлд мэдэх нь ээ одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын аав Монгол Улсын засуулч Ж.Халтмаа гуай байсан юм билээ. Хааяа тугалаа гүйцэхгүй “Миний хүү гүйгээрэй” гээд л дугуйгаа жийж гарна. Тугал эргүүлж өгсний урамшуулалд нь хааяа чихэр өгнө өө. Ингээд айлын үхэр мал эргүүлж, аргал хоргол гэж яваад би гэдэг хүн сургуульд орох болов. Нийслэлийн 34 дүгээр сургуульд данстай боллоо. Биеийн тамирын хичээлдээ хачин дуртай. Даанч хавар, зуны дулаан өдрүүдэд зааланд хичээл орох нь ховор. Байнга л урагшаа уул руу эсвэл Хүүшийн зоорь руу гүйлгэнэ. Зэлүүд талд адуу шиг л тоос манаруулаад хэдэн анги нийлсэн 100 гаруй хүүхэд гүйнэ.
Яармагт наадам болно. Замын урд аймаг аймгаас цугласан уяач, наадамчид өнгө өнгийн майхан, эрээн алаг гэр барин бууна. Би дээвэр дээрээ гарч, наадамчдыг харж суух дуртай. Богдхан уулын энгэр байгалиас урласан маш том хээ хуартай хивс шиг л харагдана. Морь унасан хүмүүс тоос татуулан давхилдаж, хүүхдүүд гийнгоолсон наадмын өдрүүдэд салхи татуулан хурдлан давхих хүсэлд автаж, хөөрнө гэж жигтэйхэн. Марзан Шарав зураачийн “Монголын нэг өдөр” зургийг хөдөлгөөнтэйгөөр үзэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрдөг байж билээ. Наадмын талбайн зүүхэн талд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг байрлана. Түүний хажууханд найзын маань жижигхэн саарал байшин байна. Наадамчид дунд бие засах газар хайсан хүмүүс олон явна аа. Харин бид хоёр тэрүүхэндээ төлбөртэй жорлон ажиллуулж, бяцхан бизнес эрхэлнэ. Наадмын талбай дундуур алхахад айргийн үнэр сэнгэнэн, хуушуур хайрах чимээ сонсогдон, наадамчдын уухай, хүүхдийн гийнгоо холилдсоор ер бусын найрал хөгжим мэт сонсогдоно. Ийм л чимээг зун болгон хүлээдэг, хүсдэг, догдолдог байж. Харин морины бариа над мэтийн жижиг биетэй жаахан охинд саналтгүй газар. Тийш зүтгэвэл морины хөлд гишгэгдэнэ гэж аав, ээж хориглоно. Тиймээс ч тэр зүг рүү чиглэдэггүй байлаа. Хотын анхны нийтийн тээвэр Төв номын сан-Яармаг чиглэлд наадамчдын талбай руу явж эхэлсэн гэдэг. Эмнэлгийн зүүхэн Яармаг анх байгуулагдахад баригдсан чулуун суурьтай, дээшээ нарийсан өгссөн өндөр хөшөөтэй. Тэр хөшөөний орой дээр цул алтан таван хошуу байсан гэдэг юм. Харин “Тэр алтан таван хошууг нэг шөнө оросууд нисдэг тэргээр ирээд аваад явсан” гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй домог шиг яриа яармагийнхны дунд ам дамжина.
Манай Яармагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын начин дэгээ хэмээн алдаршсан С.Сугар, Соёл-Эрдэнэ хамтлагийн Том Жагаа, Баян монгол чуулгын удирдаач Р.Ганбат, Улсын арслан Ж.Хайдав, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн гэргий мисс Л.Аззаяа, мисс Б.Билгүүнзаяа, жүжигчдээс “Өндөр ээж” киноны Өндөр ээж, “Тусгай салаа” киноны Түвшин буюу П.Баттөр, Р.Анхням гээд олны танил хүмүүс төрсөн. Намайг жаахан байхад бацаан хочит Бадарч нэртэй ах байсан юм. Би үеийнхэн дундаа жижигхээн биетэй. Хүн болгон л намайг сургуульд ороход “Цүнхээ даах уу, хүзүүнээс нь татаж сунга” гээд л шоглодог байж. Харин тэр ах жижиг биетэй надтай бараг л өндрөөрөө чацуу. Аав маань сайн таньдаг. Эцсийн буудал руу найзтайгаа уулзана гээд гарахад нь би дагаад л явдаг байв. Сонин нь тэр ахтай Д.Хадбаатар аварга сүрхий найзууд байсан гэдэг. “Д.Хадбаатар аварга Яармагт ирж, бацаан Бадарчийг дайлна. Автобусанд суухаар нэгнээсээ хөтлөөд дайвалзан алхах нь яг л аав шиг нь харагддаг. Хадаа аварга найзыгаа тасарчихвал өвөртөө хийгээд алхчихна. Жаал сэргээд ирэхээр нь хүүхдээ угжиж байгаа эх шиг ам руу нь хоол хийдэг байсан” гэж авга, нагац нарын ярьцгаах нь хөгжөөнтэй. Тийм жижигхэн биетэй хэр нь тухайн үеийн Хөдөлмөр нийгэмлэгт хөлбөмбөг тоглодог элдэвтэй эр ээ. Яггүй тамирчин байсан гэж аав минь өдгөө ч хуучлан суудаг юм. Тэр үеийн Хөдөлмөр нийгэмлэгийн залуус бүгд л Яармагийнх байсан гэдэг. Анх Хөдөлмөр нийгэмлэг байгуулагдаад улсынхаа нэрийг тив дэлхийд цуурайтуулдаг байсан юм.
Дээр үед ойн ан амьтад Яармагт чөлөөтэй явж байдаг сан. Заримдаа уулын тарваганууд Яармагт ороод ирнэ. Хөгшчүүл “Ийм эрт орж ирж байгаа юм чинь хүйтэн өвөл болох нь, хавар орой ирэх нь” хэмээн цаг агаараа шинждэг байсан. Яармагийн гуравдугаар буудалд “Нүхтийн жалга” хэмээн нэрлэгдсэн уулнаас чигээрээ уруудан гол хүрсэн урт жалга бий. Түүгээр шөнө болохоор Бугын сүрэг доошилж, Туул голд ундаалдаг байсан түүх бий. Анх Яармагт гүний ганцхан худагтай байлаа. Бусад нь дандаа зөөврийн усаар үйлчилнэ. 90-ээд оны сүүл үеэр гүний худгууд нэмэгдэж бид усанд явахдаа өвөлдөө чарга хөлөглөдөг болов. Нохойгоо чаргандаа хөллөж сургав. Сургасан ч гэж дээ ах урд гараад гүйнэ. Нохой дагана. Гүний худаг онгойхгүй өдөр зөөврийн устай худгаас ус авна. Ус нь дуусвал маш урт оочир үүсч, усны төлөөх бяцхан “дайн” дэгддэг байв.
Төв шуудангийн орчимд 20 гаруй жил ном зарж байгаа Н.Баасандорж ах манай хорооных. Түүний Ерөнхийлөгчийн зангиаг засаж байгаа зураг нэг хэсэг цахимаар “Од” болсон. Аргагүй шүү дээ. Нэг хорооны хоёр юм чинь. Манай хамар хашаанд балгах дуртай ах байсан юм. Нэрийг нь Ганбаа гэнэ. “Би дэлгүүрийн үүдэнд Акатай (найз нь ) сууж байтал “Женко” (Ерөнхийлөгч Х.Баттулгыг Яармагийнхан ингэж дууддаг) ээжийндээ ирж байна. Араас нь дагаад очтол бид хоёрт 10, 10 мянган төгрөг өгсөн” гэж ярина. Манай эмээ Д.Догоосүрэн гэж 90 шахаж яваа буурал бий. Эмээ минь Ерөнхийлөгчийн ээжтэй цуг ажиллаж явсан юм. Жил бүрийн цагаан сараар Ерөнхийлөгчийн ээжтэй золгоно. Манайх төрийн тэргүүний ээжийнхтэй залгаа гудамжинд амьдардаг. Эмээ шинийн гурванд том охин болох манайд ирээд, дараа нь ёс юм шиг л “Ц.Долгорсүрэн эгчтэйгээ золгоно” гээд гарна. Манай эмээгээс хэдэн насаар эгч л дээ. Цагаан сараар гудамж тэр аяараа том хар машинаар дүүрнэ. Ерөнхийлөгч гэртээ ирсэн үедээ андашгүй. Том хар жийп дөрөв таваараа тэдний гадаа эгнээстэй. Үүдэнд нь том том биетэй бадриун 4-5 эр зогсоно. Харин явсан үед нь ганц л хар машин үлдэнэ. Тэр бол ээжийнх нь машин. Жолооч нь дотроо сонин уншаад сууж л байна. Тэднийх хоёр гэрийн үйлчлэгчтэй. Нэг охин нь их царайлаг, гоё биетэй байлаа. Тэр хавийн бидний үеийн хөвгүүд тэр охиныг найрах гэж их л хичээнэ. Даанч цаадах нь тоохгүй.
Манай сургуулийнхан Ерөнхийлөгчтэй нэг арван жил төгссөн гэдгээрээ бахархдаг. Сургууль минь Хан-Уул дүүрэгтээ байхгүй тохижилттой. Биеийн тамирын заалны хувцас солих өрөө нь хүртэл дүүштэй болсон байна лээ.
Одоо бол Яармаг “Хотын хөдөө” биш болсон. Вива сити, Шинэ яармаг, Хан богд гээд орон сууцны том том хорооллуудтай. Хотын шинэ суурьшлын бүсээр товлогдон Хотын захиргааны шинэ байр манай хороонд баригдаж эхлээд байна. Шинэ хорооллуудад ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Г.Ариунбаатар, Ө.Уянга гээд олны танил эрхмүүд суурьшжээ. “Манай хороо 14000 гаруй хүн амтай. Дийлэнхийг нь залуус эзэлдэг. 220 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай. Шинээр барьж байгаа давхар гүүрийн барилга дуусч, ашиглалтад орвол манай хороо улсдаа ганц бүтээн байгуулалттай хороо болно” гэж хорооны дарга О.Ганхуяг бахархав. Сүүлийн 3-4 сонгууль дараалан Л.Болд гишүүн манай тойргоос сонгогдон, УИХ-ын гишүүн болсон. Түүний барьж байгуулсан бүтээн байгуулалт Яармагт олон.
1966 оны их үерт автаж, Дунд голын саваар нутаглаж байсан айлуудыг Яармагийн дэнжид шилжүүлэн суурьшуулснаар үндэс суурь нь тавигдаж, Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Ажилчны районы долдугаар хороо болон байгуулагдсан.
Дөрөвдүгээр хороо нь баруун талаараа Хан-Уул дүүргийн тавдугаар хороо ба Нүхтийн зам, зүүн талаараа Туул голын Яармагийн гүүрний хэсгээр 3,11 дүгээр хороодтой хиллэдэг. Урд талаараа Дархан цаазат Богдхан уулын Хүүш, Энхтайван, Арцат, Нүхтийн ам, хойд талаараа Туул голын ай сав газар буюу урд хойд талын дэнжийг хамарсан 4624 га газар нутагтай.
Миний хороо уул ус, ургамал бүрдсэн газар нутагтай. Богдхан ууландаа ганцхан газар арцтай. Арцатын ам гэж нэрлэгдсэн. Түүгээрээ манай хороо Арцатын гудамж хэмээгддэг. Одоо хороо маань хотын төвийн хөгжилтэй эн зэрэгцэхүйц болжээ. Хорооноос хот эхэлнэ гэдэг нь л энэ байх даа.
One reply on “Ерөнхийлөгч төрсөн манай хороо”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru