Categories
мэдээ нийгэм

Байгальд ээлтэй тээврийн асуудал нь бүс нутгийн асуудал болсон

НҮБ-ын Азийн бүсийн 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал Казушигэ Эндо үг хэлэхдээ “НҮБ-ын нийгэм эдийн засгийн комиссын нэрийн өмнөөс энэхүү форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж, тогтвортой байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг хөндөн ярилцаж байгаад талархаж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохион байгуулахад Япон улсын Засгийн газрын дэмжлэг ихээхэн байсныг онцлох хэрэгтэй. Хот өргөжин хөгжихийн хэрээр авто машины тоо олширч, аюулгүй авто замын асуудал хөндөгдөх болсон. Авто замын аюулгүй байдлыг хангах талаар хотын тээврийн бодлогод өөрчлөлт оруулах, ногоон өсөлт, төмөр зам, цахим орчин, шинэ шийдэл гээд олон асуудлыг бид энэ форумын үеэр хөндөж ярилцана. Өөрөөр хэлбэл байгальд ээлтэй тээврийн асуудал нь бүсийн асуудал болсон” гэж хэллээ.

Мөн Япон Улсын Байгаль орчны яамны сайдын зөвлөх ба Ажлын албаны дарга Ясухура Уеда “Бүс нутгийн хамтын ажиллагааны хүчин чармайлтаар байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг шийдвэрлэх гарц арга замыг бид энд тодорхойлно. 11 дэх удаагийн энэхүү форумыг Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад Япон Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна. Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр, далайд гарцгүй орнуудын өмнө тулгамдаж байгаа тээврийн хүндрэл, хот төлөвлөлт зам тээврийн ложистикийн шинэ бодлогын асуудлыг энд хөндөхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр “Бангкок 2020” тунхаглалын хэрэгжилтийн явцыг ч ярилцахаараа энэ удаагийн хурал онцлог болж байна” гэж ярилаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *