Categories
мэдээ нийгэм

Афканистан улсыг зорих энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

“НАТО”-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хүрээнд Исламын бүгд найрамдах Афканистан улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн “Жанжин” тугандаа хүндэтгэл үзүүлэв.

Бие бүрэлдэхүүнд ХХЕГ, ТТХГ, Зэвсэгт хүчний 113 алба хаагч багтжээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийнхэн болон бусад албаныхан хүмүүс байлцав. Албан хаагчид “Жанжин” тугандаа хүндэтгэл үзүүлсний дараагаар БХ-ын дэд сайд Т.Дуламдорж үүрэг гүйцэтгэх багийн дарга С.Бат-эрдэнэд Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Энэ үеэр БХ-ын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ, “Афканистан улсын байгаль цаг уур, газар зүйн онцлог цагийн байдал зэрэг нь үүрэг гүйцэтгэхэд хэцүү хэдий ч нэгдсэн удирдлага дор зохион байгуулалттай, нэг санаа зорилгоор манай энхийг сахиулагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж тус нутгийн ард иргэд төдийгүй бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил ур чадвараа таниулан, хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дуурайлал болж байгааг бахархалтайгаар хэлье. Тус ажиллагаагаар Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, эдийн засаг, гадаад харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг байнга ухамсарлаж үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэв.

Үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийг төлөөлөл, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав үг хэлэхдээ, “Дэлхийн улс орнууд энх тайвныг бэхжүүлэхээр хүчин чармайлт гаргаж хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг эрхэмлэн тодорхой үр дүнд хүрч байгаа ч бүс нутаг улс орон, овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн үймээн самуун арилахгүй, терроризмын аюул занал оршсоор байгаа нь даяаршиж байгаа дэлхий ертөнцөд хэн бүхний сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд манай улс дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлст тодорхой үүрэг хариуцлага хүлээн хувь нэмрээ оруулж байна. Үүнд НҮБ-ын энхийг дэмжих болон олон энхийг сахиулах ажиллагаанд манай алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа та бүхнийг хүндэтгэж байна. Манай ЗХ-ний бие бүрэлдэхүүн бусад улсын зорилго нэгт цэргүүдтэй мөр зэрэгцэн явахдаа тэсвэр, хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий дахин шагшин магтаж монгол хүний үнэлэмж өслөө. Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, дадлага, ур чадвараараа ажиллаганы газар оронд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өмнөх ээлжийн цэргийн багийн харуцлагатай албыг нэр төртэй үргэлжлүүлэн бахдам амжилт гаргаж ирнэ гэдэгт эцэг эх, ах дүү, гэр бүлийнхэн нь итгэл дүүрэн байна. Та бүхнийг зэвсэг барьсан дипломат ажилчин гэж ойлгодог. Та бүхнийхээ цаашдын албанд өндөр амжилт хүсье” гэв.



ЗХ-ний Цэргийн хамгаалалтын ротын 8-р ээлжийн цэргийн багийн дарга, хурандаа С.Бат-эрдэнэ, “Бие бүрэлдэхүүнд энхийг дэмжих ажиллагаанд өмнө үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай 60 гаруй албан хаагч багтаж байна. Афканистаны Кабул хотын цэргийн баазад 6 сарын хугацаанд шалган нэвтрүүлэх цэгүүд дээр “НАТО”-гийн цэргийн хүчний Америк, Англи, Дани улсын цэргүүдтэй хамтарч үүрэг гүйцэтгэнэ. Газар орны байдал хүйтэн сэрүүн цаг ууртай бөгөөд байнга халдлага, довтолгоо, террорист үйлдлүүд гарч байдаг. ЗХ-ний сургалтын нэгдсэн төвд тухайн газар орны цагийн байдлын мэдээг байнга авч бэлтгэл сургалтадаа тусган явуулсан. Сургалт бэлтгэлийн нөхцлийг хангаж өгсөн ЗХЖШ, БХЯ тэдний харъяа байгууллагуудад талархал илэрхийлье” гэв.

Тус ээлжийн бие бүрэлдэхүүн Пүрэв гараг буюу энэ сарын 4-ний өдөр Афканистан Улсыг зорих аж.

Анх 2002 онд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд ажиглагч 2 офицер явж байсан цагаас хойш 16 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 15 мянга гаруй цэргийн алба хаагч дэлийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *