Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс 1992 оноос эхэлж ахмадын өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил нийслэлийн ахмадын байгууллагаа үүссэний 50 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр давхцаж байгаа юм.

Нийслэлийн ахмадын хорооноос ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Анх ахмад зүтгэлтний холбоо нэртэйгээр байгуулагдаж байсан ахмадын байгууллага цаг үе өөрчлөлт шинэчлэлтийн шаардлагаар нэр томъёо нь өөрчлөгдөж ирсэн хэдий ч үйл ажиллагаа нь өргөжин тэлж, нийгмийн олон талт үйл ажиллагаа явуулсаар энэ жил 50 дахь намраа угтаж байна. Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглаж, орчин цагийн хотжилт суурьшлийг дэлгэрүүлэн хөгжил дэвшлийг цэцэглүүлж, иргэншил соёлыг нутагшуулсан шинэ Монгол болон хөгжих их үйл хэрэгт та бүхэн залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан билээ. Ажил амьдралын дадлага туршлага, ухааны ур чадвар, сэтгэлийн хат суусан ахмадууд та бүхний минь зөвлөмж, зөвлөгөө эх орны ирээдүй болсон энэ цагийн залуу үеийнхэнд ус агаар мэт хэрэгтэй байгааг энд зориуд тэмдэглэн хэлье. Зүрх сэтгэл тархи оюундаа монгол хэмээх тэнгэрлэг нэрийн эрхэмлэн дээдэлж, титэмлэн зассан та бүхэндээ үнэний сайхнаар ерөөл өргөж, сэтгэлийн сайхнаар бэлэг барьж байгааг минь хүлээн авна уу ” хэмээлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр есөн дүүргийн төлөөлөл есөн ахмадад нийслэлийн удирдлага хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн СБД-ийн ахмадын хорооны дарга С.Тогоохүүг нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, нийслэлийн Ахмадын хорооны жижүүр Г.Мягмарсүрэнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Жуух бичгээр, Ахмадын хорооны дэд дарга М.Болдыг Монголын ахмадын хорооны шагналаар, ахмад настан Б.Ренчинболдыг Монголын ахмадын хорооны хүндэт тэмдгээр тус тус шагнаж, урамшууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *