Өвөрхангай аймаг өнгөрсөн онд БНХАУ-тай хамтарч “Өв Мийт” мах боловсруулах үйлдвэр байгуулсан. Тэгвэл энэ сарын 27-нд хоёр дахь махны үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Уг махны үйлдвэр “Дээжийн өргөө” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 50 орчим хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ малчдад малаа борлуулах боломж нээж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой аж. Хүчин чадлын хувьд өдөрт 60 бод, 600 бог мал гаргах юм байна.
Өвөрхангай аймаг нь сүүлийн гурван жилд малын тоо толгойгоороо улсад тэргүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил 5.7 сая толгой мал тоолуулснаар бэлчээрийн даац нь 2.5 дахин хэтэрчээ. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ хамгаалахаас эхлээд олон үр дагавартай гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна.