Categories
мэдээ цаг-үе

Хэрлэн сумын Хоёрдугаар сургуулийн 1998 оны төгсөгчид

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 1998 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Нэг нэгнээ гэх сэтгэл нь яг л хүүхэд насныхаараа хадгалагдан үлдсэн энэхүү ангийнхан өнөө жил 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ. Тус тусын ажил амьдралаа хөөн 20 жилийг ардаа орхисон ч тэдний бие биенээ гэх сэтгэл юунаас ч илүү халуун дотно байгааг хараад олзуурхан суусныг нуух юун. Тус анги нь 13 хөвгүүн, 22 охинтой. Хичээл сурлага, урлаг спортдоо сайн төдийгүй эв найрамдалтай, нийтэч хамт олон гэдгээрээ сургуульдаа онцгой байж. Бага ангийн багш Л.Өлзийбаяр, дунд, ахлах ангийн багш Д.Бортолгой нар нь тэднийг ийн суурь сайтай, нийтэч хамт олон болгон хүмүүжүүлжээ. Мөн ангийн дарга П.Мөнхбаярын зохион байгуулалт сайтайнх ч нөлөөлсөн аж. Бага ангийн багш Л.Өлзийбаяр “1988 онд Хэрлэн сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 1Б ангийг удирдаж байлаа. Манай ангийнхан сургуулиас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцоно. Хичээл номондоо сайн, урлаг спортоор тэргүүлэгч их сайн хүүхдүүд байсан. Сургуулиа төгсөөд ч хүүхдүүд минь бүгдээрээ ажил мэргэжилтэй сайн сайхан явна. Үүнд нь л их баярлаж явдаг юм даа. Би нийт арван анги төгсгөсөн. Нийтдээ 36 жил ажилласан. Эд нар маань миний дааж авсан дөрөв дэх ангийн шавь нар юм. Миний шавь нар дотроос хамгийн их бие биенээ гэдэг, жаргал, зовлонг нь хуваалцдаг, нэгнийгээ орхидоггүй, нөхөрсөг, хамт олонч хүүхдүүд дээ” гэв. Л.Өлзийбаяр багш хэдийнэ гавьяаныхаа амралтад гарчээ. Тэрээр ханийнхаа хамт Чингис хотдоо амьдарч байна. Мөн анги даасан багш Д.Бортолгой нь гавьяаныхаа амралтад гарч, хоёр хүүгийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд хотод амьдарч байгаа юм байна.

10Б ангийнханд сурагч ахуй үеийн олон дурсамжууд бий. Түүний нэг нь ангийн хөвгүүд төгсөх жилээ урлагийн үзлэгээрээ “бут” авсан мөч юм. “Камертон” хамтлагийн “18 нас” дуу хит болж байх үед ангийн хөвгүүд уг дууг сонгон дуулахаар болжээ. Хэдий ам барьсан ч хит дууг тун дүрдээ орж дуулсан учир үзэгчид тэднийг халуун алга ташилтаар мялаасан байна. Мөн тэдэнд бүргэдийн сүнс хэмээн бодож түүнээсээ айн Дулааны энгэр дээрх тариан талбайгаас Хэнтий аймаг хүртэл гүйж туулсан үе ч бий. Үнэн хэрэг дээрээ хөвгүүд нь охидыгоо айлгахаар л тийм зүйл сэдсэн хэрэг.

Тус ангийн сурагч, “Шаглаа” салоны захирал Б.Болорцэцэгийг урлаг соёлын төлөөллүүд андахгүй. Учир нь түүний урлаж, шагласан гоёмсог хийц загвар бүхий хувцас, хэрэгслүүд сүүлийн үед хийгдэж буй дэлгэцийн уран бүтээлүүдийг чимсээр байгаа юм. Тухайлбал, “Яг түүн шиг” шоуны оролцогчдын дүр хувиргалтад түүний урласан хувцаснууд тун чухал үүрэгтэй. Тэрээр “Манай ангийнхан арван жилээ төгсөхдөө бүгдээрээ их, дээд сургуулийн хувиар авч байлаа. Тэр дундаа манай анги инженерүүд олонтой шүү. Өнөөдөр бүгд л сайн сайхан явцгааж байгаад нь их баярладаг юм. Манай ангийн дарга П.Мөнхбаяр эхнэр, охины хамт Улаанбаатар хотноо амьдарч байна. Мөнжиг маань ШУТИС-ийн ЭХИС-ийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Одоо “Оюу толгой”-д Өндөр хүчдэлийн багийн ахлах инженерээр ажиллаж байна. Ангийн анд Л.Мөнх-Од мөн л нийслэлдээ аж төрж байна. МУИС-ийг ЭЗДС-ийг Инженер мэргэжлээр төгссөн. “Монгол ногоо” төслийн удирдагчдаар ажиллаж байгаа. П.Агиймаа ШУТИС-ийг Хүнсний технологич, инженер мэргэжлээр дүүргэсэн. Одоо “Витафит” ХХК-д мэргэжлээрээ ажилладаг. П.Баяржаргал маань ХААИС-ийг Газрын кадастрын инженер мэргэжлээр төгсөөд “МСМ” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Д.Сайнбаяр маань мөн л ХААИС-ийн ЭЗС-ийг Инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо “Монгол Базальт” ХХК-д менежерээр ажилладаг. О.Амгалан-Эрдэнэ “Аварга” БТДС-ийг Багш, арга зүйч мэргэжлээр төгсөөд мэргэжлийнхээ дагуу 111 дүгээр сургуульд ажиллаж байна. С.Энхмөнх маань Чингис хотноо гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тэрээр ШУТИС-ийн ҮТС-ийг Үйлдвэрлэлийн технологич, инженер мэргэжлээр төгссөн. “Албан журмын даатгагчдын холбоо”-ны зүүн бүсийн ахлах мэргэжилтний албыг хашиж байна. Н.Алтантөгс гэр бүлийн хамт Чингис хотноо амьдардаг.

Төгөө маань ХААИС-ийн БНМС-ийг Мал зүйч мэргэжлээр төгссөн. Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-д Нарийн бичгийн даргаар ажилладаг. С.Адьяа Улаанбаатар хотноо гэр бүлийн хамт амьдарч, хувиараа бизнес эрхэлж байна. А.Урангуа ИЗИС, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хөдөлмөр хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Б.Саранбумба Дорноговь аймгийн АУК-ийг Их эмч мэргэжлээр төгссөн. Одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нярайн эмчээр ажиллаж байгаа. Г.Энхцолмон МУБИС-ийн МТС-ийг Мэдээлэл зүй, математикийн багш мэргэжлээр төгссөн. Одоогоор Хэнтий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн технологийн сургуульд Математикийн багш мэргэжлээр ажиллаж байна. Х.Нандин-Эрдэнэ ХААИС-ийг хүнсний инженер, технологич мэргэжлээр төгссөн. Хэрлэн сумын ЗДТГ-т Нийгмийн ажилтнаар ажилладаг. С.Наранцэцэг гэр бүлийн хамт Хэнтий аймагтаа мал маллан амьдарч байна. Б.Наранхүү “Монголжингоо” дээд сургуулийг Гоо засалч мэргэжлээр төгссөн. Одоо “Baigal beauty” ХХК-д Гоо сайханч мэргэжлээр ажиллаж байна. Б.Хадхүү ОУЭЗБДС-ийг Нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, одоо Хэнтий аймгийн “Хаан банк”-нд аж ахуйн нярваар ажиллаж байгаа. С.Пүрэвсүрэн гэр бүлийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байна. Тэрээр “Улаанбаатар эрдэм” дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, Өвөрхангай аймгийн Онцгой байдлыг газар мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ахлах дэслэгч цолтой. Л.Энхзаяа маань Сонгино хайрхан дүүргийн 149 дүгээр цэцэрлэгт багшилдаг. Б.Солонго МУИС-ийн МКС-ийг Хэрэглээний математикч мэргэжлээр дүүргэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Өгөгдлийн сангийн дизайнераар ажиллаж байна. Ж.Байгалмаа маань тогооч болсон. Одоо “Элит Мандал” ХХК-д кассчинаар ажилладаг. Ц.Батболд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-д жолоочоор ажиллаж байна. Д.Гандаваа ШУТИС-ийн КТМС-ийг Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Иргэний нисэхийн техникийн албанд технологич инженерээр ажилладаг. Х.Гандулам маань гэр бүлийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амьдардаг. ХААИС-ийг Инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж Дэлгэрхаан суманд Татварын улсын байцаагчаар ажиллаж байна. С.Одонцэцэг МУИС-ийн ГЗБФС-ийг Геологич мэргэжлээр дүүргэсэн. Одоогоор Үндэсний Аудитын газар Аудитороор ажиллаж байна” гэлээ. Мөн Б.Болорцэцэг “Би ангийнхаа С.Энхтуяад тун их баярлаж явдаг юм. Ээжийн минь бие муу байхад эмнэлэгт надтай хамт сахиж байлаа. Ангийнханд минь дуулгаж хүнд хэцүү тэр үед мөн ч их тусалсан даа. Ер нь манай Туяа угаасаа л тийм сайхан хүн. Анги хамт олонд минь зовлон, жаргал юу л болно тэр бүхнийг Туяа хэдийнэ мэдчихсэн бидэнд хэл дуулгана. Ангийнхныхаа дугаарыг дэвтэр дээрээ дурайтал биччихсэн байна. Хэрэв Туяа минь байгаагүй бол энэ ангийнхан өдий болтол яг л арван жилийнх шигээ ойр дотно байгаа ч билүү. Тиймдээ ч Туяагаа анги хамт олныгоо холбодог гагнаас гэж боддог доо” хэмээн ярилаа. Ангийн охидууд багш нараасаа гэхээс илүү хөвгүүдээсээ ихэд эмээдэг байжээ. Учир нь форумаа өмсөөгүй эсвэл хумсаа урт ургуулчихвал хөвгүүддээ хамгийн их зэмлүүлдэг байж. “Та нар форумаа насаараа өмсөхгүй. Тийм байтал форумгүй ирэх юм гээд л” хэвлүүхэн гэгч нь зэмлэдэг байсан хэмээн ангийн охидууд нь дурссан.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нярайн эмч Б.Саранбумба “Бүжиг болоход манай ангийн хөвгүүд түрүүлж босож бүжиглэнэ гэж огт байхгүй. Харин цагаан бүжиг бүжиглэхээр охидууд нь хөвгүүдээ урьдаг учраас цагаан бүжиг бүжиглэе л гэцгээнэ. Тийм л ичимхий байж дээ” гэв. Мөн тэрээр “Манай ангийнхан олимпиадад их оролцдог байлаа. Тэр дундаа ангиараа монгол бичигийн олимпиадад ч оролцсон. Л.Өлзийбаяр багш маань бид нараар маш их хуулан бичлэг хийлгэдэг байж билээ. Өдөрт л 12 хуудастай дэвтрийг дуусгадаг байсан. Өглөө 8:00 цагаас хичээл ордог байхад бид 6:00 цагт ирж хичээлээ давтдаг байлаа. Багш минь биднийг сургахын тулд тэгж их сэтгэл зүтгэл гаргадаг байж дээ. Манай ангиас С.Одонцэцэг маань арван жилээ алтан медальтай төгссөн. Хичээлдээ маш сайн мундаг сурагч байлаа” хэмээсэн юм.

10Б ангийнхан 20 жилийн ойгоороо нутаг усандаа очицгоож, үе үеийн багш нартайгаа уулзсанаас гадна бусдын төлөө, тэр дундаа бяцхан хүүхдүүдийн төлөө нэгэн сайн үйлс хийжээ. Ахлах ангийн Д.Бортолгой багшийнхаа хамтаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт яаралтай тусламжийн тэргэнцэр, нярайн зүрхний хэмнэл, хүчилтөрөгчийн хэмжээ хянагч болон сахарын хэмжээг тогтоодог глюкозметр, пульсоксометр гэх багаж, хэрэгслийг гардуулан өгчээ. Зөвхөн өөрсдөө баярлаж, цэнгэхээ бодох бус бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гаргасан нь эмнэлгийн хамт олон болон нутаг усныхныг нь ихэд баярлуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *