УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.
-Цахим бодлогын түр хороо “Unfriend” аянд идэвхтэй оролцлоо. Цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?
-Цахим бодлогын түр хороо энэ намрын чуулганаас эхлээд ажлуудаа идэвхжүүлж ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид төлөвлөгөөн дээрээ илүү их анхаарч ажиллалаа. Мөн олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалж ажиллах талаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээс тодорхой зөвлөмжийг гаргасан. Зөвлөмжийг төрийн гурван өндөрлөгт хүргүүллээ. Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах уу, УИХ-ын зүгээс хэрхэн ажиллах вэ гэдэг дээр тодорхой зөвлөмжүүдийг хүргэсэн. Олон нийтийн сүлжээнд хүнийг гүтгэх, доромжлох, хүүхдийн эрхэд халдах асуудлууд их гарч байна. Цахим гэмт хэргийн гаралт сүүлийн нэг жил нэг дахин өссөн үзүүлэлт гарсан. Үүнийг зөвхөн технологийн аргаар эсвэл хуулиар шийдэж чадахгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийх нь илүү чухал гэж үзэж байгаа. Тэр утгаараа бид Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Unfriend” хөдөлгөөнийг бодит утгаар нь дэмжлээ. Энэ хөдөлгөөний тусламжтайгаар олон санал зөвлөмжүүдийг УИХ-д хүргүүлсэн. Мөн айл бүрт цахим зохистой хэрэглээг нэвтрүүлж, энэ талаар бие даасан хичээлийг ЕБС-уудад оруулах аяныг өрнүүлэх бодолтой байгаа. УИХ-ын дэргэд байгуулагдсан Цахим бодлогын түр хорооноос цаашдаа цахим орчинд хүний эрхийг хамгаалах, салбар байгууллагуудын үүргийг тодорхойлсон хуулийн төслийн судалгааг хийгээд бүрэн дууссан. Уг хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байгаа.
-Цахим бодлогын түр хорооноос салбарын мэргэжилтнүүдтэй хамтран Төрийн цахим шилжилтийг хийхэд чиглэсэн ажлын хэсэг байгуулжээ. Цахим шилжилтийг хийснээр ямар бодит үр дүн гарах вэ?
-Бид Цахим гарын үсгийн тухай хуулийг 2015 онд баталсан. Гэхдээ цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ авч байгаа тохиолдол алга байна. Өнөөдөр ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг нотариатаар батлуулахгүй бол хүчингүйд тооцдог.
Нэг ёсондоо төр өөртөө байгаа мэдээллийг иргэдээсээ заавал нэхдэг хэлбэр лүү шилжжээ. Энэ асуудлыг бид анхаарч ач холбогдол өгч ажиллах ёстой юм байна. Өнгөрсөн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгийн программ хангамж төрийн байгууллагуудаар хэрэгжсэн гэсэн тоо бий. 800 гаруй тэрбум төгрөг зарчихаад ямар үр дүнд хүрсэн юм бэ гэдгийг бид харах ёстой. Энэ мөнгөнөөс хэдэн төгрөг хэмнэсэн юм. Төрийн албыг яаж цомхотгосон, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хурдан шуурхай болгож чадсан юм уу гэдгийг хэмжих үзэх ёстой. 800 тэрбум төгрөгийн ихэнх хэсэг нь гадаадын зээл тусламж. Буцаад л төлөгдөх ёстой мөнгө шүү дээ.
Монголчууд өөрсдөө программ хангамжийн чиглэлээр сайн ажилладаг болсон. Манай программистууд ямар ч захиалга өгсөн дэлхийн программистуудтай адилхан хэмжээнд хийж чаддаг болжээ. Адилхан мэргэшиж, боловсорсон байна. Гэтэл бид монголчуудаараа хийлгэхгүй гадаадын компаниудаас зээл тусламж авах байдлаар ажиллаж байгаа нь тун харамсалтай. Энэ бодит тоог гаргахын тулд Цахим бодлогын түр хорооны иргэд ажлын хэсгийг байгууллаа. Тухайн ажлын хэсгээрээ дамжуулаад бид төрийн байгууллагууд дээр очиж шалгалт хийнэ. Хөрөнгийн бирж дээр Англиас авсан “Software” чинь хэрэг болж байгаа юм уу, боловсролын салбарт хэрэглэж байгаа программ хангамжууд хэрэгтэй байна уу, үгүй юу гэдэг дээр үнэлэлт хийж дүгнэлт гаргах юм. Дүгнэлтийнхээ дагуу УИХ дээр мэдээлэл хийнэ. Цаашид юунд анхаарч ажиллах вэ гэдэг нь тодорхой болсны дараа УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батлуулна. Тогтоолынхоо дагуу Засгийн газар дэргэдээ Цахим бодлогын асуудлыг хариуцсан тусгай хороог байгуулж, үүнд ач холбогдол өгч ажиллаасай гэж бодож байгаа.
Бид тухайн салбартаа мэргэшсэн, салбараа мэддэг хүмүүс нь зовлон жаргалаа ярих ёстой гэж үзсэн. Тэр утгаараа лхагва гаригт Цахим бодлогын түр хороо Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Бид Төрийн цахим шилжилтийг бодитой болгох ажлын хэсэгт тус холбооны гишүүдийг оролцуулж, орон тооны бус маягаар зөвлөл байгуулан гишүүдийнх нь дуу хоолойг сонсъё гэж шийдсэн.
-Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх ажлын хэсэг мөн байгуулагдсан. Бид энэ хувьсгалд бэлэн байна уу?
-Манай улс Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлого гаргах хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх орнууд Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх бодлогоо гаргачихлаа. Одоо бид яаж бэлтгэх ёстой вэ гэдгээ ярих цаг хэдийнэ болсон. Нэг ёсондоо хөдөлмөрийн зэх зээл боловсролын салбар хоёрын хооронд уялдаа байхгүйгээсээ болоод залуучууд ажлын байргүй байна. Хөдөлмөрийн салбар дахь эрэлтийнхээ дагуу тодорхой квот тогтоох хэрэгтэй. Харин боловсролын яам ирсэн квотоо сургуулиуддаа зөв хуваарилж чадах юм бол залуус ажилтай болно. Аж үйлдвэрийн IV хувьсгал ингэж их яригдаж байгаа гол учир нь боловсрол, хөдөлмөрийн салбартай холбоотой юм. Яагаад гэхээр хүний хийдэг зүйлийг робот хийж, хиймэл оюун ухаан асуудлыг шийддэг болчихлоо. Тиймдээ ч Германд шинжлэх ухааны байгууллагынхаа судалгааны чиглэлийг зөвхөн Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэхэд чиглүүлчихсэн. Үүнд боловсрол, хөдөлмөрийн салбар хамгийн мэдрэмтгий байна. Иймээс нэн тэргүүнд хөдөлмөр, боловсролын салбар ямар бодлого барьж ажиллах юм бэ гэдгийг анхааран, ач холбогдол өгч, төрөөс баримтлах бодлогоо гаргая л гэж байгаа юм. Хуульчийн мэргэжил дээр ярья л даа. Гэмт хэргийн зүйчлэлийг робот автомотаар программ бичээд хийчихэж чадна. Харин тухайн зүйл ангийг бариад шүүх хурал дээр мэтгэлцээнд орох чадвар нь хуульчдад илүү их хэрэгтэй болж байгаа юм. Бүх салбарт энэ хувьсгал мэдрэгдэж эхэлнэ.
-Манай ШУА-аас Аж үйлдвэрийн IV хувьсгалд хэр анхаарч ажиллаж байгаа бол?
– Шинжлэх ухааны академи Бага чуулганаараа Аж үйлдвэрийн IV хувьсгал салбар бүр дээр хэрхэн явагдах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар хуралдсан. Бага чуулганаас гарсан албан ёсны дүгнэлтээ төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Би ШУА-ын Бага чуулганы Техник технологийн салбарын гишүүн. Тиймдээ ч энэ салбарынхаа хуралдаануудад оролцож, ШУА-ын эрдэмтдийнхээ тусламжтайгаар Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Засгийн газар ч бодлогоо барьж ажиллах нь зүйтэй. Өнгөрсөн зуунд нэг л зүйлийг чаддаг хүн хэрэгтэй байсан бол одоо бүх зүйлийг оролддог, авьяаслаг хүнийг хайж байна. Хятад боловсролын салбартаа 1000 авьяаслаг хүний бэлтгэхээр дэлхийн өнцөг булан бүрт сургаж байна. Авьяаслаг хүн гэдэг нь хөрвөх чадвартай хүн юм.
Цахим бодлогын түр хороо Монголд байгуулагдсан нь маш сайн дэвшил болсон гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Дэлхийн улс орнуудын УИХ-д цахим бодлогын асуудал хариуцсан байнгын хороо ажилладаг. Дижитал шилжилт л гэж байгаа юм л даа. Дижитал гэдэг нь тоон гэсэн л үг. Тоон үзүүлэлтээр ярьдаг засаглалыг л ухаалаг засаглал гэж байгаа. Ажлын байр хэдэн ширхэгээр, хүний цалин яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ гэж хэмжиж явдаг. Тиймээс бид дижитал засаглалыг бий болгохын тулд дээрх чиглэлүүдийг анхаарч ажиллахаар зорьж байна. Намрын чуулганаар эхний ажлуудаа хийхээр төлөвлөж байна.
-Намрын чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх болов уу. Ямар өөрчлөлтүүд тусгагдах бол?
-Үндсэн хуулийг хэлэлцэх шаардлагатай л гэж үзэж байгаа. Зөвлөлдөх санал асуулга, судалгаанууд сайн хийгдчихсэн. Яг энэ цаг үе бол хамгийн зохистой цаг үе л гэж бодож байна. Ингэж байж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны тухай хуулиуд араас нь явна. Үндсэн хуулийг бид өөрчлөхгүйгээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж чадахгүй ээ. Энэ асуудал дээр онгойлон анхаарч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Намрын чуулганд ямар хуулийн төслүүд өргөн барихаар зэхэж байгаа вэ?
-Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль Засгийн газраас дэмжсэн санал авсан учир өргөн барих болно. Уг хууль батлагдан гарснаар гурваас дээш төрийн бус байгууллага нийлж байж мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах боломжтой болох юм. Оюуны өмчийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ хуулиудад санал шүүмжээ өгч, батлуулж гаргах нь Цахим бодлогын түр хорооны гол ажил.
-Нийслэлийн МАН өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шинэ даргаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг сонгосон. Таны хувьд орон тооны бус дэд даргаар сонгогдсон. Ер нь энэ удаагийн хурлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-МАН-д эрүүл үзэгдэл байна. Хүмүүс өөрсдөө нэр дэвшээд гишүүд сонголтоо хийлээ. Заавал бодлоготой, энэ хүн л дарга байх ёстой гэсэн юм байхгүй шүү дээ. Хоёр хүн өрсөлдөж ялж, ялагдсан л дүр зураг харагдаж байна. Мөн гурван хүний саналаар ялсан нь уг намд дотоод ардчилал байгааг харуулж байгаа байх. Гишүүд ч Нийслэлийн МАН-ын хороонд шинэчлэл хийхийг хүсэж байгаа нь ч хурлаас харагдаж байсан.
-Манай улс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүхэд ялагдсан. Энэ өрийг хэн төлөх ёстой гэж та үзэж байгаа вэ?
-Монголын Засгийн газар энэ өрийг төлөх боломж байхгүй. Тухайн үед ажиллаж байсан, асуудалд холбогдоод байгаа, Африкт очиж баталгаа гаргачихсан нөхдүүдийг шалгах хэрэгтэй. Улсын мөнгө гэдэг чинь бидний л мөнгө шүү дээ. Иргэн болгон өдөр тутам татвар төлж байгаа. Энэ татварын мөнгийг ард түмний өмнөөс аваад хэн нэгэн буруутай этгээдүүдийн төлбөрт тушаана гэж байхгүй. Тэр их мөнгөтэй төгрөгтэй, оффшор данстай хүмүүс мөнгөө авчраад энэ төлбөрөө төлнө биз.
-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлоод байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос ч бэлтгэл ажлыг зогсоосон гэдгээ мэдэгдсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-аар гарч байгаа эрх зүйн акт дээр ямар ч иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах эрхтэй. УИХ-ын тогтоолыг Цэц их суудлын хуралдаанаараа хуралдаад шийдсэн л бол УИХ үүнийг хүлээж авах эсэхээс үл хамааран Цэцийн их суудлын хуралдааны тогтоолыг зөвшөөрдөг. УИХ-ын зүгээс юу ч хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Нэг л боломж бий. УИХ зүйл заалт дээрээ л өөрчлөлт хийнэ. Нөхөн сонгуультай холбоотой асуудлыг УИХ хүлээж аваагүй тохиолдолд их суудал руу явна. УИХ дунд суудлын тогтоолыг хүлээгээд авчих юм бол шууд л хүчин төгөлдөр болно. Нэг ёсондоо нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоол хүчингүй болно гэсэн үг. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ СЕХ сонгуулийн бэлтгэл ажлаа зогсоох ёсгүй. Цэцийн дунд суудлын шийдвэр эцсийн шийдвэр биш шүү дээ. СЕХ бэлтгэл ажлаа хийж л байх ёстой.