Монголын Хуульчдын холбооноос “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зүй, түүний баталгаа “Өнгөрсөн-Одоо-Ирээдүй” сэдэвт симпозиумыг өмгөөллийн байгууллага үүссэний 90 жилийн ойн хүрээнд зохиолоо. Энэхүү үйл ажиллагаанд нийт 300 гаруй өмгөөлөгчид оролцсон бөгөөд голлох илтгэлийг Төрийн хууль цаазын шадар зөвлөх, хуульч Г.Эрдэнэбат “Эрүүгийн процесс дахь өмгөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвээр тавьсан юм. Харин панелистаар МУИС-ийн дэд профессор О.Мөнхсайхан, өмгөөлөгч Л.Нинжбат, өмгөөлөгч Д.Одонтунгалаг нар оролцлоо. Энэ үеэр Л.Нинжбат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь яллах болон өмгөөлөх талуудын тэгш эрхийн асуудлаар өмгөөлөгчидтэй санал сэтгэгдлээ солилцож байв. Тэрбээр “Өмгөөлөгч хүн мэргэжлийнхээ мөн чанарыг нарийн ойлгох хэрэгтэй. Хэргийг ялгаж, ангилан “Энэ хэрэг дээр ажиллахгүй, өмгөөлөхгүй” гэх нь мэргэжлийнхээ нарийн учрыг ойлгоогүй байгаагийн илрэл. Мөн Шүүх хуралдаанд өмгөөлөгч, прокурор хоёр тэгш эрхтэй оролцох ёстой. Хэрвээ прокурор, мөрдөгч хоёр хэргийн тухай баримт олсон бол түүнийгээ өмгөөлөгчид танилцуулах хэрэгтэй. Юуг нь нуудаг юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс бусад баримтыг өмгөөлөгчид танилцуулдаггүй. Прокурорын цуглуулсан баримтын 99.99 хувь нь яллах талын нотлох баримтууд байдаг. Гэтэл цагаатгах талын баримтыг ч бас цуглуулах ёстой гэж хуульд тусгасан байдаг шүү дээ. Өмгөөлөгчийн эрхийг прокурорынхтой тэнцвэржүүлэхгүй бол үйлчлүүлэгчдийн эрх ашиг хохирсоор байх болно” хэмээв.
Монголын өмгөөлөгчдийн холбооны тамгын газрын дарга Ц.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Өмгөөлөгчдийн дунд симпозиум боллоо. Үүгээр ямар асуудлыг шийдэхийг зорьж байна?
-Шүүхээр шийдвэрлэгддэг иргэн, эрүүгийн болон захиргааны хэргийн процессын үйл ажиллагаанд өмгөөлөгчид оролцдог. Энэ үед мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад тэдэнд тулгамддаг асуудлуудыг өнөөдөр хэлэлцэхийн зэрэгцээ өмгөөлөгчийн эрх зүйн орчныг сайжруулах, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хамгаалахын тулд ажиллаж, судалгаа явуулсан. Иймд өнөөдөр өмгөөлөгчдийнхөө төлөөлөл болсон 300 гаруй хүнийг хүлээн авч, санал, сэтгэгдлийг нь сонсож, бодит байдал дээр тэдэнд ямар асуудал үүсээд байгааг сонслоо. Манай байгууллагад бүртгэлтэй 2226 өмгөөлөгч байдаг. Тэд юунаас болоод ёс зүйн доголдол үүсгээд байгааг мэдэхийг зорьсон юм.
-Тэдэнд гол төлөв ямар саад бэрхшээл тулгарч байгаа юм бол?
-Шүүх тахимд шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн гурван субьект оролцдог. Өмгөөлөгч нь шүүх эрх мэдлийн хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Прокурор нь төрийн яллагчийн зүгээс оролцдог бол шүүгч нь прокурор, өмгөөлөгчдийн дундаас өөрийн шийдвэрээ гаргадаг. Энэ тохиолдолд өмгөөлөгчид ямар асуудал үүсдэг вэ гэхээр мэдээж хэрэг хоёр талаасаа үйлчлүүлэгчдээ хамгаалахын тулд шүүх хуралд нотлох баримт хэрэглэх шаардлага гардаг. Энэ үед нь тэдэнд хэргийн явцтай танилцуулаагүй гэх хүндрэл үүсдэг. Мөн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ уулзаж, тайлбар мэдүүлэг, санал, хүсэлт авах эрхтэй байдаг ч үүнийг нь нээж өгдөггүй. Энэ нь өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учруулдаг. Хэлэлцүүлгийн үеэр нэгэн өмгөөлөгч гурван сар үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадалгүй явсан жишээгээ ярьсан. Үүнээс гадна тодорхой хэргүүд дээр ажиллаж байхад нь утсыг нь чагнах, өөрийг нь тагнах асуудал гардаг. Бас нотлох баримтыг төрийн зарим байгууллагуудаас гаргаж өгдөггүй. Уг нь тэд хэргийн үйл явцад тус болох зорилгоор хамтран ажиллах ёстой байдаг юм. Эдгээрээс гадна шүүхэд ялагдсан талын иргэд өмгөөлөгч хэрэг дээрээ дутуу ажилласны улмаас ялагдлаа гэх гомдлыг гардаг. Үнэндээ гаднын нөлөөнөөс болоод хэргийн явц удаашрах тохиолдол байдаг. Энэ үед иргэд өмгөөлөгч хөлсөө авчихаад хэрэг дээрээ ажиллахгүй байна гэж иргэд буруу боддог. Одоогоор нэг өмгөөлөгч дээр нэгээс хоёр гомдол санал ирсэн байна.
-Утсыг нь тагнадаг гэлээ. Ингэж болдог юм уу?
-Энэ үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал л даа. Одоогоор нотлогдсон зүйл байхгүй. Гэхдээ зарим тохиолдолд том гэлтгүй жижиг хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгчид хүртэл иймэрхүү айдас тулгардаг. Утсаар ярьж байхад нь гэнэт утас нь тасалдах, шаржигнах, өөр шугамаар дуугарах зэрэг шинжүүд илэрсэн байдаг. Магадгүй ингэж нууцаар чагначихаад үүнийгээ нөгөө талд ашиглаж байхыг үгүйсгэхгүй.
-Сүүлийн үед өмгөөлөгчдийн ёс зүй алдагдаж, худалдагдсан өмгөөлөгчид ихэслээ гэж ярих болсон. Үнэхээр өнөө цагт өмгөөлөгчдийн ёс зүй алдагдаад худалдагдчихаад байгаа юм уу?
-Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар мэргэжлийн хариуцлагын гэх нэг дүрмэнд захирагддаг. Өмгөөлөгч нь шүүх танхимд орж ирсэн цагаасаа эхлээд л үлгэр жишээ байх ёстой. Мөн үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг, сонирхлыг хамгаалж байгаа тул хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхгүй шүүх хуралдаа хоцорч, дэг зөрчин үйлчлүүлэгчтэйгээ байгуулсан гэрээний дагуу үйлчилгээгээ үзүүлэхгүй байх зэрэг зөрчил үүсгээд байвал үүнийг ёс зүйтэй нь холбож болно. Мөн зарим өмгөөлөгчид “Би энэ хэргийг өмгөөлж чадна” гэж гэрээгээ хийж, мөнгийг нь авчихаад хохироодог, зарим нь үйлчлүүлэгчээсээ мөнгө салгах зорилгоор зориудаар хэргийг удаашруулах, шүүх хуралд албаар оролцохгүй байх асуудал гардаг. Албаар гэмээр иймэрхүү ёс зүйн зөрчлийг Монголын хуульчдын холбоон дээр өмгөөлөгчийн ёс зүйн асуудлаар хороо хуралдан өмгөөлөгчийн эрхийг цуцлах, сануулга өгөх арга хэмжээ авагддаг.
-Одоогоор хичнээн өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг цуцлаад байна вэ ?
-2014-2017 оны хооронд 933 хуульчид холбогдох 791 гомдол ирсэн. Үүн дээр хянан шалгах үйл ажиллагаа явуулж 40 гаруй хувьд нь буюу 450 орчимд нь маргаан үүсгэсэн. Харин 45.1 хувийг нь маргаангүй гэж шийдвэрлэсэн бол 14.8 хувийг нь харьяаллын дагуу зохих байгууллагуудад шилжүүлсэн.
-Г.Батбаяр өмгөөлөгчид өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлэх тухай гомдол ирсэн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ ташаа мэдээлэл тархсан байна лээ. Одоогоор манай байгууллага дээр энэ хүнтэй холбоотой гомдол санал нэг ч удаа бүртгэгдээгүй байна.
-“Би хүчин хийсэн хүнийг хэзээ ч өмгөөлдөггүй” гэж нэг өмгөөлөгч орон даяар цацагддаг телевизийн нэвтрүүлгээр ярьсан байсан. Өмгөөлөгчид ер нь хүнийг ингэж гадуурхах, хийсэн хэргээр нь ялгаварлах эрх байдаг юм уу. Хүний эрхийг хамгаалах үүрэгтэй хүмүүс биз дээ?
-Өмгөөллийн үйл ажиллагаа нь өөрөө сайн дурынх шүү дээ. Үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулж, хоёр талаас тохиролцсоны үндсэн дээр өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан эрх хамгааллын үйл ажиллагааг үзүүлдэг. Тухайн хүн үнэхээр энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэггүй бол яах ч аргагүй. Үүнийг зохицуулсан дүрэм журам ч гэж байдаггүй. Гэхдээ өмгөөлөгч нь бусдын эрх ашгийг хамгаалах хуульчийн тангаргийг өргөсөн байдаг. Тиймээс ямар ч төрлийн хэрэг үйлдсэн бай хүний эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэгэхээр хамгааллын ажиллагаа үзүүлэх л ёстой.
-Ямар тохиолдолд өмгөөлөгчийн эрхийг цуцалдаг юм бэ?
-Өмгөөлөгч нь өөрөө мэргэжлийн ажиллагааны дүрэмд зааснаар гэрээгээр биелүүлэх ёстой үүргээ орхигдуулсан бол түүний өмгөөллийн эрхийг цуцалдаг. Мөн мөнгө авч залилах, согтуугаар шүүх хуралд оролцсон, шүүх хурлыг хаяж гарсан зэрэг ёс зүйн алдаа гаргасан бол адилхан арга хэмжээ авдаг. Үүнээс гадна үйлчлүүлэгчээ илт худал мэдээллээр хангаж, гэрээнд заасны дагуу ажиллахгүй байх зэрэг олон асуудал хөндөгдөнө л дөө.
-Тухайн өмгөөлөгч хэрэг дээрээ дутуу ажилласны улмаас шүүх хуралд ялагдал хүлээх тохиолдол байдаг. Ер нь мэдлэггүйгээсээ болоод ялагдал хүлээж буй ур чадваргүй өмгөөлөгчдөд ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Хариуцлага тооцоход хэцүү асуудлын нэг нь энэ. Тухайн өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвараас хамаарах тул хүндрэлтэй. Өмгөөлүүлж байгаа иргэн өөрөө өмгөөлөгчөө сонгож “Би энэ хүнээр өмгөөлүүлмээр байна” гэж тохиролцсоны үндсэн дээр үүсэж буй асуудал л даа. Харилцан тохиролцсоноор шүүх хуралд оролцож ялагдах тохиолдол зөндөө байдаг. Тэр бүрт нь эрхийг нь цуцлаад байвал болохгүй. Харин өмгөөлөгчийн санаатай гаргаж байгаа ёс зүйн алдаа буюу хэрэг дээрээ ажиллахгүй байх, төлөөлөгчтэйгөө уулзахгүй зэрэгт хариуцлага тооцож болно.
-Өмгөөлөгч худалдагдаж, хоёр талд ажилласнаас болоод тухайн хариуцаж авсан хэрэгтээ албаар ялагдал хүлээх тохиолдол хэр их гардаг вэ?
-Яг ийм тохиолдолтой холбоотой батлагдсан гомдол одоогоор ирээгүй байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа хохирсон тал манайд хандан гомдол мэдүүлэх нь их байдаг. Шүүгч нөгөө талд орчихлоо, өмгөөлөгч дутуу ажиллалаа гэхчлэн асуудал үүсгэдэг.
-Олны танил нэр нөлөө бүхий хүмүүсийн хэргийг өмгөөлөх хүсэлтэй хүмүүс их байдаг хэрнээ энгийн иргэний асуудлыг шийдвэрлэж өгөхийн төлөө явдаг өмгөөлөгчид ховор байдаг гэдэг. Хэнийг өмгөөлөх, хэнийг өмгөөлөхгүй байх нь тухайн мэргэжилтний эрх байх л даа, гэхдээ энгийн иргэд хохироод байгаа юм биш үү?
-Яг энэ процессыг зохицуулсан үйл ажиллагаа байдаг. Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, манайхаас өмгөөлөгч томилж өгдөг. Нөгөө талдаа олон нийтэд танигдсан хүмүүсийг өмгөөлөхөд хошуурдаг асуудал нь өрөөсгөл ойлголт байх. Мэдээж хэрэгт холбогдсон эсвэл хохирогч болсон хүн өөрийнхөө эрхийг хамгаалуулах гэж байгаа тул чадварлаг өмгөөлөгч хөлслөхийг бодно шүү дээ. Үүнийг нь олон нийт буруу ойлгох хандлага ажиглагддаг. Түүнээс биш нөлөө бүхий эрхэмүүдийн хэргийг уралдаж авч өмгөөлдөг асуудал байхгүй. Хохирогч тал хуулийн дагуу өмгөөлөл авах бүрэн эрхтэй. Нөгөө хүн нь гэрээний дагуу үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахаар ажиллах ёстой. Гол нь тухайн хүн хэргийг өмгөөлж байхдаа хуулийн дагуу ажиллагаа явуулах ёстой.
З.МӨНХСУВД