Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Б.Цогтдэлгэр “Түүнд би хайртай байсан” тоглолтоо хийнэ

“The Voice Of Mongolia” шоунд алдарт “Түүнд би хайртай байсан” дуугаараа оролцсон дуучин Б.Цогтдэлгэр энэхүү дуугаараа нэрлэсэн тоглолтоо хийх гэж байна.

Дуучин Б.Цогтдэлгэр нь анх Эрдэнэт хотын “Уурхайчин” Соёлын Ордны дэргэдэх дуу хөгжмийн “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 1991 онд СУИС-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж, 1993 онд Монголын рок попын 20 дугаар зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж байжээ.

“Соёл-Эрдэнэ” хамтлагт дуулсан он жилүүдийн дараагаар, бие даасан уран бүтээлээ эхлүүлж, дуугаа дуулахын зэрэгцээ 100 гаруй дууны бүтээл туурвиж хөгжмийн зохиолчийн хэмжээнд үнэлэгдэх олон арван дуунуудыг зохиож, дуунуудыг нь Монголын рок поп, сонгодог, нийтийн урлагийн олон ч дуучид дуулж, амилуулсаар байна.

Дуучин Б.Цогтдэлгэр 1997 онд УДБЭТ-т “Хол нар” анхны тоглолтоо хийсэн бол 2005 онд МУ-ын “Морин хуур”-ын чуулгатай “Хайраа би” тоглолт, 2007 онд УФ-ийн Симфони найрал хөгжмийн оркестртой хамтран “Мөнх тэнгэрийн нутаг” тоглолт, 2008 онд “Түүнд би хайртай байсан” тоглолтоо тус тус толилуулжээ. Харин энэ удаагийн тоглолт нь дуучин Б.Цогтдэлгэрийн урлагт зүтгэсэн 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт гэдгээрээ онцлог бөгөөд 10-р сарын 5-нд 19:00 цагт “АСА” Циркийн тайзнаа болох аж.

Тоглолтод дуучин Б.Цогтдэлгэр өөрийн анхны дуулсан “Түүнд би хайртай байсан”, “Хол нар”, “Алдаж онодог заяа”, “Мөрөөдөл” зэрэг дуунуудаа дуулахаас гадна ард түмний сонсох дуртай дурсамжит дуу уран бүтээлүүдийг толилуулах юм байна.

Тоглолтод, дуучин П.Хэрлэн, “Сүнс” хамтлаг, “Out Law” хамтлаг, УДБЭТ-ын голцлол дуучин Г.Энхнаран, “Universe Best Songs-2016” наадмын Гран-При шагналт дуучин Ц.Шинэбаяр, “My Voice” наадмын Гран-При шагналт дуучин Хосбаяр, дуучин Т.Цогсогмаа, “Goodboys”, “Нисванис” хамтлагууд оролцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *