Categories
мэдээ цаг-үе

Г.Бум-Эрдэнэ: Боловсролын хөгжлийн шинэ гарцыг хэрэгжүүлнэ

Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэтэй ярилцлаа.


-Аливаа улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой байдаг. Та багш хэмээх эрхэм сайхан мэргэжлийг эзэмшсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Миний аав Х.Гэндэнжамц, ээж Д.Цэрэндулам хоёр Монгол Улсдаа алдартай нэртэй математикч, геометрийн багш хүмүүс байсан. Аав маань МУИС-д багшаас эхлээд математикийн тэнхимийн эрхлэгчээр 46 жил ажилласан. Ээж маань Улсын Багшийн дээд сургуулийн багш, эмэгтэй цөөн математикчдын нэг. Одоо Монголын математикийн бараг бүх багш аавын, эсвэл ээжийн шавь нар байдаг. 1960- 1980-аад оны ерөнхий боловсролын геометрийн сурах бичгүүд Гэндэнжамц гэсэн автортойгоор хэвлэгддэг байлаа. Би өөрөө МУИС-ийн математикийн ангийг дүүргэсэн математикч хүн. Миний гэргий их сургуулийн нэг ангийг цугтаа төгссөн матетматикч хүн бол манай охин Нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн. Би 1975-1985 оны хооронд Нэгдүгээр сургуулийг төгссөн. Манай ээж энэ сургуулийг эмэгтэйчүүдийн 10 жил байхад нь сурч төгсөөд, багшийн ажлын гараагаа Нэгдүгээр сургуулиасаа эхэлсэн. Мөн 1963 онд Нэгдүгээр сургууль математикийн гүнзгийрүүлсэн сургууль болох үед манай аав эхлэлийг нь тавилцсан хүмүүсийн нэг. Ийм болохоор багш мэргэжил, Нэгдүгээр сургуультай холбоотой олон сайхан дурсамж надад байдаг. Монгол Улсын гавьяат Багш Д.Гомбосүрэн, З.Цэрэннадмид нарын удирдсан агуу сайхан багш нарынхаа гараар орж, суралцсан азтай хүмүүсийн нэг нь би юм. Энэ сургуульдаа 2002-2007 онд сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан бол өнгөрсөн 2017 оноос эхлэн сургуулийнхаа захирлаар ажиллаж байна. Нэг түүхийг ярихад зах зээлийн нийгэмд шилжихэд геометрийн сурах бичиг хэвлэгдэн гарахгүй болчихлоо гээд аав, ээж маань 1997-2000 онд дөрвөн жил дарааллан 7-10 дугаар ангийн сурах бичиг, сурагчийн дэвтэр, багшийн заах аргын зөвлөмжөөс бүрдсэн сургалтын цогц хэрэглэгдэхүүнийг бичиж гаргасан. Тэтгэвэртээ суусан байсан аав, ээж маань намайг энэ ажилд татан оролцуулж хамдаа бичих болсон нь миний хувьд амьдралын минь маш том сургуулийн нэг болсон. Математик, геометрийн багшийн асар арвин их туршлага, математикийн судлагдахууны бүтэн цогц мэдлэгийг аав, ээжээсээ өвлөн авах завшаан надад таарсан. Бүхий л ажил, амьдралдаа хандах арга барил, монгол ухааныг тэрхүү алтан сургаалиас олж авсан даа.

-Нэгдүгээр сургуулийн түүхтэй холбоотой дурсамжаас хуваалцаач?

-Би сургуулиа мөс зүсэгч хөлөг онгоцтой зүйрлэх дуртай. Гэгээрлийн яам байгуулагдаагүй байхад 1923 онд анхны дунд сургууль болон Нэгдүгээр сургууль маань байгуулагдсан. Үүсэн байгуулагдсан цагаасаа оюуны боловсролыг ямар зүг чигт явуулах гол үндсэн замыг заасан Түүхэн үүргээ ч гүйцэтгэж ирсэн. Сургууль маань байгуулагдсан цагаасаа л хамгийн сайн багш, баг хамт олноор бүрдэж, шилдэг охид хөвгүүд суралцаж ирсэн өнө их түүхтэй. Үндсэндээ 1990 он хүртэл ахмад багш нар маань түүхэн үүргээ маш сайн гүйцэтгэж иржээ. 1990 оноос хойш лаборатори “цол чимэг”-ийг нь улсаас хураан авч, ердийн ерөнхий боловсролын сургуультай адилхан болгосон нь яавч зүйтэй алхам болоогүй гэж харагддаг. Боловсролын салбарт туршиж хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд алдаа оноог урьдчилан харах зайлшгүй шаардлага байдаг. Энэ салбарт нэг сургууль урагшаа мөс зүсч зам жимийг тавьдаг болохоос биш бүгдээрээ зэрэг очоод хана мөргөдөг биш юм байна. Манай улсын боловсролын салбар сүүлийн 20 гаруй жил олон ч туршилтад орж энэ салбар маань элгээрээ үндсэндээ хэвтчихлээ. Бодлогууд ч алдагдчихлаа. Өнөөдөр боловсролд итгэх итгэл ард түмний дунд алдарчихсан байгаа нь үнэн. Ер нь дөрвөн жилийн цикльтэй төрд тогтвортой боловсролын бодлого алдагддаг юм байна. Монгол хүний боловсрол ямар байна вэ гэдгээ эргээд харахаас аргагүй болжээ. Боловсролын салбарт нэгдүгээр сургууль түүхэн үүргээ дахиад гүйцэтгэх үүрэг хариуцлага бидний өмнө одоо ирсэн гэдгийг хатуу ойлгож байгаа. Монгол хүний оюуны дархлаа алдагдахад тусгаар тогтносон бие даасан улс гэгдэхэд хүнд болдог. Бидэнд нэгэнт бодитойгоор ийм аюул нүүрлэж, орших уу эс орших уу гэсэн торгон зааг дээр байгаа үед эх орныхоо дуудлагаар Нэгдүгээр сургууль боловсролын салбарт манлайлах түүхэн үүргээ биелүүлэх шаардлагатай байна.

-Үүний тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнгөрснөөс ирээдүйг одоо бүтээх гэсэн монгол ухаан бидэнд бий шүү дээ. Манай сургууль энэ жил 96 дахь хичээлийн жилээ эхэлж байна. Нэгэн зууны төгсгөл, ирэх зуунд хөгжих хөгжлийг тодорхойлох сургууль хөгжүүлэх таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргалаа. Үүнд бидний өвөг дээдсийн амьдралынхаа туршид хуримтлуулсан монгол оюуны өв болох ухааныг гол жанжин чиг шугамаа болгох юм. Яагаад вэ гэвэл монгол оюуны өв, оюуны дархлааг сэрээж чадсанаар бид дэлхийн хөгжлийн хурдыг амархан гүйцнэ. Бид өвөг дээдсээсээ хүчирхэг оюуны их өв соёлтой байж өнөөдөр ийм дорой байдалтай байж болохгүй. Өнгөрсөн түүхэнд манжийн дарлалд орох, Оросын заавар чигээр явж байхдаа оюуны гайхамшигт өвийг мартаж холдсон харамсалтай түүх бидэнд бий. Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд болгон орж суралцдаг учраас яг энэ үед нь монгол ухааныг хүн байхын мөн чанарыг сууриар тавьж өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ суурин дээр академик сургалтаа явуулах нь зүйтэй гэж харж байгаа. Гавьяат багш Д.Гомбосүрэн багш маань 38 жилийн турш Нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллахдаа багш, боловсон хүчнээ сонгож шилж авдаг байсан. Боловсон хүчнээ багш болгох, сургах, сайн аав, ээж байх, хүн байх ухааныг Гомбосүрэн, Цэрэннадмид хоёр багш маань тавьж өгч, сургууль гэж ямар байгууллага байх бүтэц, монгол загварыг 1960-1990 оны хугацаанд жинхэнэ бий болгож байсан аж. Тухайн үед ахмад туршлагатай багш нараа сургуулиуд руу явуулж туршлага түгээдэг байсан. Бид таван жилийн зорилгоо дараахь байдлаар тодорхойлж байна.

-Хүүхэд бүр мэдвэл зохихуйн мэдлэгийг ухан ойлгож, мэдэрч, өөртөө шингээн сэрсэн, сав шим ертөнцийн болоод танин мэдэхүй, шинжлэх ухааны суурь мэдлэгээр өөрийгөө хүчжүүлсэн, ирээдүйн зорилгоо бүрэн тодорхойлж түүнд хүрэх эрдэм мэдлэг, зан төлөв, ухамсар, оюуныг өөрийн болгож чадсан Дэлхийн монгол хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх

-Сургуулиа монгол оюуны өв ухааны сургуулийн хөтөлбөртэй, олон улсын хөтөлбөрийн сургалттай, шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалтын хэв шинжтэй, ухамсарт суурилсан боловсролын суурьтай болгох.

Манай улс нийслэл, дүүрэг, 22 аймаг 330 сумандаа ерөнхий боловсролын сургуультай. Бид монгол ухаан дээр суурилсан академик боловсрол олгох үндсэн технологийг боловсруулахдаа таван жилийн дотор орон нутгийн 19 сургуультай хамтарч ажиллана. Улмаар энэ төсөл амжилттай хэрэгжвэл бусад ерөнхий боловсролын сургуулиуддаа түгээн дэлгэрүүлэх болно.

Энэ зорилгын хүрээнд таван үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Зорилт 1: “Монгол ухаан” сургуулийн төсөл-Монгол оюуны өв ухааныг сургах хөтөлбөр боловсруулах.

Зорилт 2: Багшийн хөгжил-Өөрөө үлгэрлэх учраас багшийн хөгжлийн бодлоготой байна.

Зорилт 3: Гадаад гүүр-Сургуулийн гадаад харилцааг хөгжүүлж, сурагчид ахлах ангидаа орохдоо мэргэжлээ сонгосон байна.

Зорилт 4: Шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг хэв шинжтэй болох-Хичээлийн 3 дугаар байр энэ жилээс баригдаж байна. Сургалт явуулах багш, сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлдэнэ.

Зорилт 5: Ухамсарт суурилсан боловсрол-Сурагчид тархиныхаа чадамжийг бүрэн ашиглаж чаддаг болно. Одоо манай сургууль хичээлийн шинэ байраа барьж байна.

Дээрх таван зорилтыг хэрэгжүүлснээр манай улсын боловсролын хөгжлийн нэгэн шинэ гарц нээгдэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *