Categories
мэдээ нийгэм

Р.Төмөрхуяг: Би хүүгээ архи дарснаас хол байлгаж, хүмүүжүүлсэн

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр анх удаа мэдээлэл хийлээ. Өнөөдөр талийгч Т.Гомбосүрэнгийн 49 хоногийн буяны өдөр тохиож байгаа аж.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Миний хүү Т.Гомбосүрэнг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр архичин, архи уудаг байсан гэж янз бүрээр бичих боллоо. Би өөрөө төрийн албанд 40 орчим жил ажилласан. Би нэг хүү, хоёр охинтой. Гомбосүрэн минь миний голомт түших ганц хүү байсан. Одоо голомт түших ганц хүүгийн минь дөрвөн үр өнчин үлдсэн. Надад маш хэцүү байна. Хамгийн баг нь одоо нэг ой гарантай. Амьд байх хугацаандаа энэ дөрвөн хүүхдийг хүн шиг хүн болгоод хүмүүжүүлчих юмсан. Би 20 жилийн дараа энэ хүүхдүүдэд одоо мэдээлэгдэж байгаачлан “Эцэг чинь ажил дээрээ архи ууж байгаад нас барсан гэж хэлэх үү”. Энэ хэргийн үнэн 20 жилийн дараа тодорхой болсон байгаасай гэсэн сэтгэлээр хэвлэлийн хурлыг хийж байна. Би хүүгээ архи дарснаас хол байлгаж, хүмүүжүүлсэн. Хэрэг гарах өдөр миний хүүг хамт архи уусан гэж мэдээлж байгаад их харамсч байна” гэлээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуягийн төрсөн дүү Р.Ганхуяг нь Т.Гомбосүрэнгийн хэрэглэж байсан гар утсан дээрх бичлэгийг дэлгэсэн юм. Бичлэг дээр:

Т.Гомбосүрэн- Байна байна.

– Яасан бэ та?

Т.Гомбосүрэн- Чи хаана байгаа юм?

– Юу гэсэн үг юм бэ? Махбал даргын өрөөнд таныг хүлээгээд л байна.

Т.Гомбосүрэн- Хэний өрөөнд өө?

– Махбал даргын өрөөнд

Т.Гомбосүрэн- За яваад оръё” хэмээх яриа бичигджээ.

Талийгаачийн авга ах “2018 хоёрдугаар сараас хойш миний дүүгийн ажлыг авахаар улайран, санаархаж байжээ. Түүний оронд өөр хүнийг томилох санал ирүүлж байсан. Гэвч АТГ-аас тухайн хүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, томилоогүй байгаа юм. Хэрэг гарсны дараа дүүгийнхээ өрөөнд ороход компьютер нь асаалттай, түлхүүр нь сандал дээр өлгөөтэй, Махбалын өрөөнд орсон байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох газрын хүмүүсээс хүсч байна” гэсэн юм.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч “Энэ хэрэг гарснаас хойш 14 цагийн дараагаас Цагдаагийн газраас албан тушаалын хэрэг биш гэдгийг тогтоосон гэж мэдээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг гарсан талаарх эцсийн мэдээлэл одоо ч гараагүй байна. Тэд хэрэг гарсан өдөр талийгаачийг хамтран архи уусан гэдгийг хэлсэн байгаа нь өөрөө хэн нэгний ашиг сонирхол байж магадгүй гэж өмгөөлөгчийн хувьд хардаж байна. Мөн гар утасны бичлэгт дурдсан талийгаачийг өрөөнөөс нь дуудаж, Б.Махбалын өрөөнд оруулсан, мөн талийгаач ажлаа хийгээд өрөөнд сууж байсан гэдгийг нь нотлох баримтууд юм. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох нь хууль бус үйлдэлтэй холбоотой байгаа учраас хуйвалдаантай зүйл болсон гэж үзэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *